info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

КАНАД УЛСЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Канад Улсын шүүгчдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Канад Улсын Ньюфондланд болон Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Канадын Шүүгчдийн холбооны санхүү эрхэлсэн ажилтан Катэрин О’Брайн, Канад Улсын дээд шатны шүүхийн шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Стефани Локхарт, төслийн удирдагч С.Билгүүн, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр Монгол Улсын шүүгчийн сахилгын хариуцлагын тогтолцоо, шүүгчийн ёс зүй, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ.

Шүүгч Катэрин О’Брайн Канад Улсын шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Монголын зохицуулалттай олон талаар төстэй болохыг онцолж, Канадын туршлагаас хуваалцав. Тэрээр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ил тод байдал, шударга процессыг чухалчилдаг талаар дурдсан юм.

Мөн уулзалтын үеэр талууд шүүгчийн сахилгын хариуцлага, ёс зүйн зохицуулалт, Шүүгчдийн холбоо болон сахилгын байгууллагын харилцаа, шүүгчийн ёс зүйн зөвлөмж, олон нийтийн хандлага, сошиал орчин болон хиймэл оюун ухаантай холбоотой ёс зүйн асуудлаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд оролцогчид шүүгчийн ёс зүй, сахилгын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр Олон Улсын сайн туршлагыг үргэлжлүүлэн судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.