info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ТВИННИНГ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЦАХИМЖИЛТ, ТҮҮНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО


Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Твиннинг төслийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд цахимжилтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүгнэлтийг танилцуулах хоёр талын уулзалт боллоо.

Уулзалтад Твиннинг төслийн талаас суурин зөвлөх Кристоф Копецки, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлиний Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын цахим шүүх (e-justice) хэлтсийн дарга, шүүгч Мартин Мюллер Фоллерт, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлиний Бүсийн шүүх, Хууль зүй болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн Сенатын газрын төлөөлөгч Ян Маркус Вебер, Шүүхийн сахилгын хорооны талаас тус хорооны дарга С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг болон холбогдох албан хаагчид оролцсон юм.

Уулзалтаар ХБНГУ-ын Берлиний Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын цахим шүүх (e-justice) хэлтсийн дарга, шүүгч Мартин Мюллер Фоллерт Германд цахим гарын үсгийн хүчин төгөлдөр байдлыг хэрхэн нотолдог, мөн цахим хавтаст хэрэг, цахим баримт бичгийн удирдлагын талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд Сахилгын хорооны сахилгын хэргийн удирдлагын системтэй танилцсан талаараа дурдаж, цахим гарын үсгийн хэрэглээ, цахим болон цаасан баримт бичгийн хөрвүүлэлт, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудын талаар туршлагаас хуваалцав.

Мөн төслийн зөвлөх Кристоф Копецки Монгол Улсад шүүхийн байгууллагууд тус тусдаа систем хөгжүүлж буй нь уялдаа холбооны хүндрэл үүсгэж байгааг дурдаад, Сахилгын хорооны цахим системийг өндөр түвшинд хөгжүүлж, цахимжилтын чиглэлээр бусад байгууллагаас түрүүлж явааг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд Сахилгын хорооны дарга С.Энхтөр цахим шилжилтийн хүрээнд зөвхөн байгууллагын дотоод үйл ажиллагааг төдийгүй иргэдийн цахим баримт бичигт итгэх итгэл, байгууллагуудын хандлагыг өөрчлөх асуудал чухал байгааг онцолж, цаашид цахим баримт бичгийн баталгаажуулалт, аюулгүй байдлын асуудалд түлхүү анхаарах шаардлагатай байгаа талаар цохон тэмдэглэв.