info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ТВИННИНГ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЦАХИМ ШИЙДЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ БОЛЛОО


Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” Твиннинг төслийн хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд хоёр талын туршлага солилцох уулзалт боллоо.

Уулзалтад төслийн зүгээс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлиний Давж заалдах шатны шүүхийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим шүүх (e-justice) хэлтсийн дарга, шүүгч Мартин Мюллер Фоллерт, Берлиний Бүсийн шүүх, Хууль зүй болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн Сенатын газрын төлөөлөгч Ян Маркус Вебер, Твиннинг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, Шүүхийн сахилгын хорооны талаас тус хорооны гишүүн Б.Сугар, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтаар Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн Ажлын албаны дарга Д.Мөнхзориг байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, дотоод процессыг хялбаршуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, тэр дундаа “Сахилгын хэргийн бүртгэл, хяналтын систем”-ийн талаар танилцуулга хийлээ.

Уулзалтын төгсгөлд оролцогчид шүүхийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нутагшуулах чиглэлээр цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, харилцан санал нэгдэв.