МОНГОЛ УЛСАД ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ. МОНГОЛ УЛСАД ШИНЭ ЦАГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ ТОВЧ
2026-04-16 264Монгол Улсад шинэ цагийн шүүх байгуулагдсан тухай товч
Монгол Улсад шинэ цагийн шүүх байгуулагдсан огноог 1926 оны 04 дүгээр сарын 16-ны эл өдөр мөн гэж үзэн, түмэн олноо зарлаж, мөн өдрөөс уг хугацааг тооцон түүхэн ойгоо тэмдэглэж, өнгөрсөн үүх түүхээ эргэн харж, алдаа оноогоо дүгнэж цэгнэн, угтах ирээдүйгээ тодорхойлон хэлэлцдэг болсоор даруй нэгэн зуун өнгөрчээ[1].
Чухам яагаад заавал 1926 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг тухайлан Монгол Улсад шинэ цагийн шүүх байгуулагдсан өдөр гэж үзэх болсон талаар түүхэн сурвалж судалж уншиж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцаж, таниулах нь зөв гэж үзэв. Үүний тул бяцхан оршил бичиж, түүхэн сурвалжуудтай танилцах шаардлагатай ажээ.
БНМАУ-ын Дээд шүүхийн Орлогч дарга Б.Содовсүрэн “БНМАУ-ын Шүүхийн системийн хөгжилт” нэртэй нийтлэлийг Шүүхийн байгууллагын 40 жилийн ойд зориулан бичиж төвийн сонин хэвлэлд хэвлүүлж байжээ. Уг нийтлэлд “... МАХН-ын III их хурал (2024 оны наймдугаар сард) Шүүх яамны ажлын тухай гаргасан тогтоолд: жинхэнэ ардын ёсонд нийлүүлэн шүүх таслах ба байцаах хэргүүдийг тусгай ангилан явуулж, бас одоогийн аливаа шүүх таслах газруудын дүрэм байдлыг үндсээр нь хувьсгаж шүүх таслах хэрэгт ардын төлөөлөгч нарыг оролцуулан, жинхэнэ ардын шүүх таслах газрыг байгуулбал зохино гэж заажээ... МАХН-ын III их хурлын заалтыг удирдлага болгож БНМАУ-ын II их хурал (1925 оны арван нэгдүгээр сар) шүүх таслах газруудыг даруйхнаа шинэтгэн байгуулах хэргийг Шүүх явдлын яамнаа даалгахын хамт, засгийн газраас ерөнхийлөн заан харгалзаж гүйцэтгүүлбэл зохино гэж тогтжээ… Улсын II их хурлыг тогтоолыг үндэс болгож, Ардын засгийн газраас 1926 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр БНМАУ-ын аливаа шүүх таслах газруудыг байгуулах тухай дүрмийг баталсны дагуу 1926 онд шүүх таслах байгууллагууд үүсэн байгуулагдсан юм…” гэж чухам яагаад эл өдрийг шүүх байгуулагдсан өдөр гэж үзсэн талаар тодорхой дурдаж шүүхийн мөн чанар, агуулга, зорилгыг тухайлан дэлгэрүүлэн бичиж үлдээснийг сонины шарласан хуудас бидэнд түүх хүүрнэн өгүүлэх ажээ.
Мөн тэрээр Ардын шүүхийн 40 жилийн ойд зориулан “Ардын шүүх” гэсэн өгүүлэл БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлүүдийн Төв зөвлөлийн Хөдөлмөр сонины 1966 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №46 1 дэх тал буюу нүүр хуудсанд БНМАУ-ын Дээд шүүхийн Орлогч дарга, доктор Банзарын Содовсүрэн гэж нийтлүүлж байв.
Түүхэн баримт шүүж үзвэл Ардын шүүх байгуулагдсны 50 жилийн ойг 1976 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1975 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тогтсны дагуу БНМАУ-ын Дээд шүүхийн дарга, доктор Равдангийн Гүнсэн “Ардын шүүхийн Түүхэн замналын 50 жил” нэртэй илтгэл тавьж байсан байна.
Монгол Улсын шүүхийн 60, 70, 80 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулсан хурлуудад БНМАУ-ын Дээд шүүхийн дарга, доктор Лувсандоржийн Рэнчин “Ардын шүүхийн 60 жилийн ойд /1986 он/”, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Дашдоржийн Дэмбэрэлцэрэн “Монгол Улсын шүүхийн тогтолцоо өнөөгийн байдал, цаашдын төлөв /1996 он/, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Содномдаржаагийн Батдэлгэр “Монгол Улсын шүүх 80 жлийн ойд /2006 он/ гэсэн нэртэй илтгэл тус тус тавьж байжээ. Эдгээр илтгэл бүр өөрийн цаг үеийн онцлогийг агуулсан түүхэн ач холбогдолтой бичвэр, эх сурвалжууд болон бидний үед уламжлагдан иржээ.
БНМАУ-ын оршиж асан түүхэн цаг үед төдийгүй өнөөгийн бидний үед ч үе үеийн төрийн болон шүүхийн эрх барих байгууллага, шүүхийг түүчээлэн төлөөлж буй хариуцлагатай албан тушаалтнууд шүүх байгуулагдсан огноо, түүхэн ойн өдөрт өндөр ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлж байсан нь тодорхой байна.
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Баасангийн Цогням 2002 онд “Монгол Улсын Шүүхийн түүхэн замнал” нэртэй бүтээл хэвлүүлж, анхлан Монгол Улсын шинэ цагийн шүүхийн он цагийн хэлхээсийг бичиж, Монгол Улсын шүүх засаглалын хөгжлийг тоймлон бичиж бидэнд үлдээжээ. Уг бүтээлд “БНМАУ-ын аливаа шүүх таслах газруудыг байгуулах тухай” дүрмийг Бага хурлын Тэргүүлэгчид 1926 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баталсан нь тус улсын шүүх байгууллагыг төрийн бие даасан тогтолцоо болгон төлөвшүүлэх эрх зүйн үндэс болсон тухай тухайлан тодорхой бичиж нийтэлж байв.
Урьд эртний түүх талаасаа сурвалж бичгүүд шүүж үзвэл Улсын 2 дугаар Их хурал 1925 оны 11 дүгээр сард хуралдаж улс орны улс төр, нийгэм, эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцсний нэг нь шүүх таслах байгууллагуудыг шинэчлэн байгуулах асуудал байжээ. Төрийн байгууллагуудыг байгуулах ажлуудын нэг нь БНМАУ-ын шинэ цагийн шүүх байгуулах, шүүн таслах ажлыг нэгдсэн бодлогоор хангах зорилгоор Шүүх явдлын яамны дүрэм, Шүүх явдлын яамны бүх хэргийг жолоодон удирдах зөвлөлийн дүрэм, БНМАУ-ын аливаа шүүх таслах газруудыг байгуулах тухай дүрэм зэрэг эрх зүйн актуудыг баталжээ.
Эдгээрээс Монгол Улсын 16 дугаар оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын 15 дугаар хурлын 3 дугаар зүйл Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлын 1 дүгээр зүйлээр баталсан “БНМАУ-ын аливаа шүүх таслах газруудыг байгуулах тухай дүрэм” хэмээх 3 бүлэг 24 зүйл бүхий акт нь шинэ цагийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тавьж тухайн цаг үедээ хууль зүйн дээд хүчин чадалтай буюу хуулийн нэгэн адил үйлчилж байсан байна.[2]
1926 оны Шүүх байгуулах тухай дүрмийн дагуу Хошуудын жинхэнэ ардын шүүх газар шийдсэн хэргийг Аймгууд ба Хотын шүүх таслах газар, Аймгууд ба Хотын шүүх таслах газрын шийдсэн хэргийг Дээд шүүх таслах газар гомдлоор хянан хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргадаг байхаар журамласан байжээ.
Эл шүүх байгуулах дүрмээр Дээд шүүх таслах газрыг байгуулснаар Шүүх яамны эрх хэмжээ хумигдаж зөвхөн “… Тус улсын аливаа цааз хуулийн явдлыг эрхлэн барьж, бүх шүүх таслах ба байцаан шийтгэх газрууд хийгээд, ялтан хүмүүсийг хорих гяндан зэргийг байгуулах, удирдах ба ерөнхий дор хянан байцаах дээд газар”[3] бөгөөд хэрэг маргааныг хянан хэлэлцэхгүй болжээ. Мөн дүрмээр шүүх таслах газруудын түшмэдийг улсын болон нам, эвлэлд 2 жилээс доошгүй ажилласан бичиг үсгийн боловсролтой хүнийг буюу ажлын дадлага туршлагатай байх ёстой гэсэн шаардлага тавьж байсан нь тухайн цаг үед өндөр шалгуурт тооцогдож байсан байна.
Бас нэгэн сонин содон зохицуулалт нь шүүн таслах эрх бүхий түшмэдүүд нь харьяа нутгийн захиргаанаас томилсон бусад албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан бөгөөд “… Хэдийгээр эдүгээ цагийн ёсонд шүүх таслах хэрэг, засаг захиргааны хэрэг хоёрыг тус тус ангид байвал зохино гэх боловч манай Монголын байдалд зохицуулан бас шүүх таслах хэрэг нь ховрын дээр ардын хөрөнгөнд арвитайг бодож, тийнхүү засаг захиргааны алба, шүүх таслах алба хоёрыг одоо хавсран явуулахад үл зохих явдалгүй”[4] гэж үзэж, тийн шийдвэрлэж байв.
Шүүх таслах газруудад ардын төлөөлөгчдийг Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлд заасан ёсоор сонгон ажиллуулахаар болсон ба Шүүх байгуулах дүрэм ёсоор ардын төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн нэрсийг аймаг, хот, хошууны хурлаар мөн УИХ-ын гишүүдийг сонгох хурлаар хамтатган сонгож болно гэсний дагуу шүүн талсах газруудын ардын төлөөлөгчдийг сонгож байжээ.
Шүүх байгуулах дүрмийг нягталж үзэхэд шүүх таслах газруудад ажиллах ардын төлөөлөгчид онцгойлон анхаарч байсан байх бөгөөд шүүн таслах ажиллагаанд оролцохын өмнө “… аливаа хэргийг үнэн шударгыг барьж шийтгэх учрыг батлан илтгэвэл зохино” гэсэн баталгааг гаргуулан авч хэрэв уг баталгаагаа зөрчих аваас “… жинхэнэ түшмэд лүгээ адилтган нэгэн зэрэг нэмэгдүүлэн шийтгэнэ” гэж хуульчлан зохицуулж байжээ. Энэхүү баримт сэлт нь шүүгчийн сахилга хариуцлага, ёс зүй, биеэ авч явах байдал болон тангарагийн шинжийг агуулсан байх төдийгүй шүүгчид хоригловол зохих зан үйлийг агуулсан түүхэн чухал эх сурвалж ажээ.
Харин өдгөө шүүх таслах газруудад 1920-иод оны эхэн, дунд болон эцэст хэдэн ардын төлөөлөгч ажиллаж байсан мэдээ мэдээлэл, тоо баримт үлдсэнгүй.
“БНМАУ-ын аливаа шүүх таслах газруудыг байгуулах тухай дүрэм” хэмээх бэсрэгхэн хууль эрхийн акт нь Монгол Улсад шинэ цагийн шүүхийн анхны шанг татаж эрх зүйн үндсийг тавьжээ. Чухам энэ цаг үеэс эхлэн шүүн таслах алба үүргийг бие даан хэрэгжүүлэх албан тушаал болох Монгол төрийн мэргэшсэн шүүгч аливаа хэрэг маргааныг хууль эрхийн актын дагуу буюу хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх эрхийг эдэлж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж үзэж болохоор байна.
Шүүгчийг БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хууль /1924 он/ болон холбогдох бусад эрхийн акт, хууль тогтоомжийн дагуу тухайн орон нутгийн засаг захиргаа нь сонгон томилдог болсон нь нэн шинэ төдийгүй шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоог бий болгох, шүүн таслах ажиллагааг мэргэжлийн төдийгүй ард иргэдийг оролцуулсан хэлбэрээр явуулах төрийн бодлого байжээ гэж үзэх үндэстэй.
Аливаа хэрэг зарга, маргааныг шүүн таслах ажиллагаанд ардын төлөөлөгч гэх хэрэг маргааныг шийдвэрлэх эрх бүхий хүмүүсийг Үндсэн хууль болон мөнхүү дүрмээр сонгож, ажиллуулж эхэлсэн энэхүү үйл явдал нь манай улсын эрх зүйн түүх, төдийгүй шүүхийн түүхнээ урд өмнө огоот байгаагүй шинэ хэлбэр, хэв шинж байсан болохыг тухайлан тэмдэглэн онцлууштай үйл хэрэг юм.
Энэхүү нийтлэлээ шүүхийн 100 жилийн түүхэн ойн босгон дээр бичиж тэрлэн та бүхэндээ хүргэхийг зорьсон учир нь бид Хүннү, Их Монгол Улсаас эхтэй төрт ёс, Улсын Их Заргач Шихихутуг, Мөнхсараас үүдэлтэй шүүх эрх мэдлийн өнө эртний түүхтэй төдийгүй шүүхийн нэн шинэ түүхнээ ч мөн баялаг их туршлага, уламжлалтай болохыг сэргээн таниулах, цаашид аливаа санаж сэрж шинийг хийж бүтээж, шүүхийн түүхийг түүчээлэх ажилд нь дэм, урам өгөх санаа сэдэл агуулсан болно.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.СУГАР
[1] “Ардын шүүн таслах газруудыг байгуулан Хувьсгалт хууль цаазыг тогтоосны 10 жилийн ойн “БАЯРЫН ИЛТГЭЛ””
[2] Энэхүү нийтлэлд дурдагдаж буй баримт мэдээллийг Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. 19911-1926.V сар болон Гуравдугаар боть. 1926.VI сар-1936 он. УБ., 2010 бүтээлээс тус тус иш үндэс болгон авсан болно.
[3] Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Гуравдугаар боть. 1926.IV сар-1936 он. УБ., 2010. 87 дахь тал.
[4] Монголын эрт эдүгээгийн хууль цаазын түүхийн сэдэвт дэвтэр. УБ., 2002. 69-70 дахь тал.
