info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ЧИНГИС ХААН” ТЭРГҮҮН ЗЭРГИЙН ОДОНТ, АКАДЕМИЧ СОДОВСҮРЭНГИЙН НАРАНГЭРЭЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан, хууль тогтоомжийн шинэчлэл, хуульч мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд онцгой хувь нэмэр оруулж, өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их сургуулийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич Содовсүрэнгийн Нарангэрэлд Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд болон ажлын албаны хамт олон өнөөдөр (2026.02.02)  хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг нээж Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн Танд Шүүхийн сахилгын хорооны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе, С.Нарангэрэл  Багш маань МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын олон эрдэмтэн, хуульчдыг бэлтгэн гаргаж, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх номоос нь эхлээд олон арван бүтээлд  нь ёс суртахууны мөн чанарыг судалж, үзэл санааг түгээж, үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхэм хүмүүн билээ" хэмээн онцлов.

Академич С.Нарангэрэл Шүүхийн сахилгын хорооны хамт олонд талархал илэрхийлээд, “Хуулийн дээр ёс суртахуун оршдог гэдгийг үргэлж санаж, хүнлэг энэрэнгүй зарчмыг баримтлан, ямагт зөв шийдвэр гаргаж ажиллахыг” захилаа.

Шүүхийн сахилгын хорооны нэрийн өмнөөс эрхэм академичдаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.