info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ПОЛЬШ, ЛАТВИ УЛСЫН ШҮҮГЧИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНООС ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Шүүхийн сахилгын хороо Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр (TAIEX)-ийн хүрээнд Польш, Латви Улсын шүүгчийн сахилгын хариуцлагын тогтолцооноос туршлага судлах хэлэлцүүлгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Сахилгын хорооны байранд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Латви Улсын Бүс нутгийн Захиргааны хэргийн шүүгч, Шүүхийн сахилгын зөвлөлийн гишүүн Каспарс Беркис, Ерөнхий болон цэргийн шүүхийн шүүгч бөгөөд тус шүүхийн Хүний нөөц, зохион байгуулалтын газрын дарга Марта Кожучовска-Варивода мөн Польш Улсын Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгч Доминик Чешкевич болон Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн төлөөлөл, Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд оролцлоо.

 Хэлэлцүүлгийг Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните нар нээж үг хэлсэн бөгөөд Ажлын албаны дарга Д.Мөнхзориг удирдан явуулав.

Хэлэлцүүлгийн эхэнд Сахилгын хорооны гишүүн О.Номуулин Монгол Улсын шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцуулсан бол Польш Улсын Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгч Доминик Чешкевич Польш Улсын шүүгчийн сахилгын хариуцлагын тогтолцоо сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Үргэлжлүүлэн Польш Улсын Ерөнхий болон цэргийн шүүхийн шүүгч Марта Кожучовска-Варивода Польш Улсад хэрэгжиж буй эрх зүйт ёсны шинэчлэл сэдвээр, Латви Улсын Бүс нутгийн Захиргааны хэргийн шүүгч, Шүүхийн сахилгын зөвлөлийн гишүүн Каспарс Беркис Латви Улсын шүүгчийн сахилга хариуцлагын тогтолцоо, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл, сахилгын шийтгэл сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид Монгол, Латви болон Польшийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоог харьцуулан хэлэлцэж, туршлага солилцсон үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.