ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ
2025-10-15 0Дэлхий нийтээр жил бүрийн аравдугаар дугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гараг бүр “GLOBAL ETHICS DAY” буюу “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Олон улсын харилцааны ёс зүйн Карнегийн зөвлөл (Carnegie Council for Ethics in international affairs )-аас 2014 онд анх “ДЭЛХИЙН ЁС ЗҮЙН ӨДӨР”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн 100 орчим улс энэхүү өдрийг тэмдэглэн, ёс зүйн чиглэлээр олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.
Энэ жил Дэлхийн ёс зүйн өдрийг “Ethics re-envisioned” буюу “Ёс зүйг дахин төсөөлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь шударга, тайван, нээлттэй нийгмийг төлөвшүүлэхийн тулд ёс зүйн үнэт зүйлийг шинэ өнцгөөс дахин тодорхойлж, хүн төрөлхтөн эв найрамдал, хүндлэл, итгэлцэлд тулгуурлан харилцдаг байх санааг илэрхийлж байгаа ажээ.
Дэлхий даяар хувьсан өөрчлөгдөж, нийгмийн харилцаанд хандлага, ёс зүйг чухалчилж буй энэ цаг үед зөв хандлагатай, ёс зүйтэй байх нь иргэн, албан тушаалтан бидний үүрэг юм. Иймд нийгмийн бүх шатны харилцаанд ёс зүйн үүргээ ухамсарлаж үлгэр дуурайл үзүүлэхийг Шүүхийн сахилгын хорооноос уриалж байна.