info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО


Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд шүүгчийн болон хуульчийн мэргэжлийн хариуцлагын салбарласан институциудын хамтын ажиллагааны тогтвортой механизмыг бүрдүүлж, эрх зүйн салбар дахь сахилга, ёс зүй залгамж чанарыг хадгалах, шийдэл бий болгох зорилготой “Шүүгчийн ёс зүй, сахилга: Залгамж чанар, шинэчлэл” сэдэвт симпозиумыг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монголын Хуульчдын холбоотой хамтран Нээлттэй нийгэм форум, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн Твиннинг төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр нээж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн М.Мөнхдаваа, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар, Д.Ариунтуяа, О.Номуулин, Г.Цагаанцоож, Б.Сугар, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн Твиннинг төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нарын хүндтэй зочид болон шүүгч, судлаачид, хууль зүйн сургуулийн төлөөлөл оролцлов.

Симпозиумд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр “Шүүхийн сахилгын хорооны бие даасан байдал, ач холбогдол” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат “Хуульчийн мэргэжлийн ёс зүйн суурь зарчим ба мэргэжлийн өөрийн удирдлагын үүрэг: Институцийн шилжилтийн үеийн залгамж чанар” сэдвээр, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа “Шүүгчийн ёс зүй, хариуцлага:Түүхэн хөгжил” сэдвээр, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн “Шүүгчийн ёс зүйн стандарт, түүний үзэл баримтлал” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар “Шүүхийн сахилгын хороо шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх нь” сэдвүүдээр тус тус илтгэл тавьлаа.

Дээрх илтгэлүүдэд Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, тус хорооны бие даасан, хараат бус байдал, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын шинэчлэл, хариуцлагын тогтолцооны уялдаа холбоо, шүүгчийн ёс зүйн стандарт, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх асуудлуудыг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн Бавари мужийн Байрет дахь бүсийн шүүхийн шүүгч Арно Поннат, Хамбург мужийн Хамбург хотын Бүсийн шүүхийн шүүгч, танхимын тэргүүн Хайке Хуммелмайер нар “Олон нийтийн итгэл, цаасан дээрх зарчмаас бодит практикт” сэдвээр цахим хэлбэрээр мэдээлэл өглөө.

Энэхүү симпозиумын үеэр Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх процессын бие даасан хуультай болох асуудлыг илтгэгч бүр санал нэгтэйгээр цохон тэмдэглэсэн болно.