info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ТЭГШ ЭРХ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД /EJAM/ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд /EJAM/ төслийн хүрээнд Шүүхийн сахилгын хороо болон Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Уг санамж бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор санал солилцох уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд зохион байгуулав.

Шүүхийн сахилгын хороог төлөөлж хорооны дарга Д.Ариунтуяа, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн, О.Номуулин, С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцсон бол Канад Улсаас Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын дэд комиссар Эроулин Хамфри, Бритиш Колумбын дээд шүүхийн шүүгч, Канадын Үндэсний шүүхийн хүрээлэнгийн захирал Том Крэбтри, Олон улсын хөтөлбөрийн хэлтсийн дарга Олег Шаков, Үндэсний шүүхийн хүрээлэнгийн олон улсын боловсролын хэлтсийн дарга Памела Трипп, үр дүнд суурилсан удирдлагын эксперт Иан Моррисон, үйл ажиллагааны захиргааны ажилтан Сандра Тремблей, төслийн суурин удирдагч С.Билгүүн нар оролцлоо.

Уулзалтын үеэр талууд төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Шүүхийн сахилгын хорооны талаар олон нийтийн хандалтыг тодорхойлох судалгаа хийх, сахилгын болон ёс зүйн зөрчлийн өндөр эрсдэлтэй чиглэл, хүрээг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр болов.

Талууд цаашид шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой олон улсын сайн туршлагыг нутагшуулах, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.