ШҮҮГЧИЙН САХИЛГЫН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ШИЙДВЭРИЙН ЭМХЭТГЭЛ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
2025-10-07 0Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийг албан тушаалаас түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах зэрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэн, шүүгчийн сахилга, хариуцлагатай холбоотой асуудалд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулаад багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд холбогдох шийдвэрийг цахим хуудсанд тогтмол байршуулж, олон нийтийг мэдээллээр хангаж ирсэн байна.
Энэ удаа сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийг судалгааны эргэлтэд оруулах, хуулийг нэг мөр ойлгож, хэрэглээний практик тогтоох, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны 44 магадлал, 22 хяналтын тогтоол, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны 5 тогтоол)-ыг эмхэтгэн, Европын холбооны санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас хэрэгжүүлж буй “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төслийн дэмжлэгтэйгээр хэвлэн гаргалаа.
Монгол Улсын шүүхийн шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн эмхэтгэлийг бүрэн эхээр [эндээс] үзэх боломжтой