ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО КАНАД УЛСЫН ХОЛБООНЫ ШҮҮХИЙН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАРТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-10-06 0Шүүхийн хараат бус байдал, шүүгчийн ёс зүй, жендэрийн тэгш байдал, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн хүртээмжийг сайжруулах зорилготой “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийн нээлтийн арга хэмжээ 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр “Шангри-Ла” зочид буудлын Бээжин, Парис танхимд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Шүүхийн сахилгын хороог төлөөлж дарга Д.Ариунтуяа, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нар оролцов.
Арга хэмжээний хүрээнд Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын комиссарын газар болон Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.
Санамж бичигт Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын дэд комиссар Эроулин Хамфри нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” (EJAM) төслийг Канад Улсын Глобал Аффэйрс байгууллага санхүүжүүлж байгаа бөгөөд төслийн зорилго нь Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш эрхийг хангах явдал юм.
Төслийг Шүүхийн сахилгын хороо, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоо, “Оюуны- инноваци” ТББ хамтран хэрэгжүүлнэ.