info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ХБНГУ-ЫН ХОЙД РЕЙН-ВЕСТФАЛИ МУЖИЙН ШҮҮГЧИЙН САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООНООС ТУРШЛАГА СУДАЛЛАА


Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл төслийн хүрээнд туршлага солилцох уулзалтыг 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд зохион байгууллаа.

Уулзалтад Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин, Б.Сугар, Г.Цагаанцоож, С.Энхтөр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцож, ХБНГУ-аас прокурорын газрын Улсын ахлах прокурор, төслийн шинжээч Жералд Рубсам, Берлиний давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Цахим шударга ёсны (E-Justice) хэлтсийн дарга, төслийн шинжээч Мартин Мюллер-Фоллерт болон төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нар хүрэлцэн ирэв.

Уулзалтын эхэнд гишүүн Б.Сугар төслийн үйл ажиллагааны 1.2.1 дүгээр зорилтод тусгагдсан “Хууль зүйн зөвлөгөө өгөх” арга хэмжээний хүрээнд энэхүү уулзалт зохион байгуулагдаж буйг онцлон тэмдэглэж, оролцогчдод талархал илэрхийлэв.

Дараа нь ХБНГУ-ын Хойд Рейн-Вестфали мужийн шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоо, шүүгчийн үйл ажиллагаанд тавих хяналт, сахилгын шийтгэлийн төрөл, холбогдох эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл танилцууллаа. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин, Г.Цагаанцоож нар тодруулга авч, зарим асуудлаар нэмэлт асуулт асууж хариулт авсан юм.

Мөн уулзалтын үеэр гишүүн Г.Цагаанцоож Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар, гишүүн С.Энхтөр шүүгчид оногдуулах сахилгын шийтгэлийн төрөл болон шийтгэл оногдуулсан шүүгчийн тоо зэрэг мэдээллийг танилцуулав. Үүнтэй холбогдуулан Герман улсын төлөөлөгчид тодруулга авч, харилцан санал солилцов.

Талууд төслийн 1.2.1 дүгээр үйл ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын шүүгчийн сахилга хариуцлагын талаарх тайлантай танилцаж, харилцан мэдээлэл солилцон, тайланг илүү боловсронгуй болгох чиглэлд санал нэгдэж уулзалт өндөрлөлөө.