ХОСОЛМОЛ ТҮНШЛЭЛ ТӨСЛИЙН ШИНЖЭЭЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2025-09-09 0Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл төслийн шинжээчдийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Сүлжээний инженер Э.Батзориг нар оролцсон бол ХБНГУ-аас Улсын прокурорын газрын Улсын ахлах прокурор, төслийн шинжээч Жералд Рубсам, Берлиний давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Цахим шударга ёсны (E-Justice) хэлтсийн дарга, төслийн шинжээч Мартин Мюллер-Фоллерт болон төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нар оролцов.
Уулзалтын эхэнд гишүүн Б.Сугар оролцогчдыг танилцуулж, төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох болсонд талархал илэрхийлэв. Үргэлжлүүлэн Сүлжээний инженер Э.Батзориг сахилгын хорооны цахим хуудсаар дамжуулан өргөдөл, мэдээлэл хүлээн авах, сахилгын хэргийн бүртгэл, хяналтын системийн талаар танилцуулга хийв.
Мөн Ажлын албаны дарга Д.Мөнхзориг ашиглаж буй програм хангамжийн талаар мэдээлэл өгч, цахимжуулалтын үйл явцыг хөндлөнгийн үнэлгээнд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Харин төслийн суурин зөвлөх Кристоф Копецки цахимжилтын түвшинг сайшааж, хөндлөнгийн үнэлгээ хийх асуудлыг дотооддоо ярилцан хариу өгөхөө мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд талууд цахимжилтын үйл явцыг хөндлөнгийн үнэлгээнд хамруулах, ХБНГУ-ын цахим системийн туршлагаас судлах чиглэлээр харилцан тохиролцож, уулзалт үр дүнтэй өндөрлөв.