info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” ХОСОЛМОЛ ТҮНШЛЭЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл төслийн шинжээч экспертүүдийг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд хүлээн авч уулзлаа.

Уг төсөл нь 2025 оны 4 дүгээр сарын 01-нээс 2026 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол Улсын Дээд шүүх гол түнш байгууллагаар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи зэрэг байгууллагууд хамтрагч болон үр шим хүртэгч байгууллагуудаар оролцож байна.

Туршлага солилцох уулзалтад Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож, Х.Хашбаатар нар оролцсон бол Европын Холбоог төлөөлөн эксперт Клаус Фельдген, эксперт Иан Ф. Орт, төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нар оролцов.

Уулзалтын хүрээнд талууд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааны чиглэлээр хоёр улсын туршлага, хэрэгжүүлж буй бодлого, арга хэрэгслийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Эксперт Иан Ф. Орт шүүн таслах ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхдээ ойлгомжтой, энгийн үг хэллэг ашиглан товч бөгөөд тодорхой мэдээлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд ХБНГУ-ын шүүхийн байгууллагуудын олон нийттэй харилцах үйл ажиллагаанд ашигладаг баримт бичиг, төлөвлөгөө, аргачлал, журмыг харилцан солилцох талаар санал нэгдсэн үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.