БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШҮҮХИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025-07-02 0Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн Үндэсний коллежийн Дэд ерөнхийлөгч, профессор ноён Ху Тянье тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Шүүхийн сахилгын хороог төлөөлөн гишүүн, дэд проф. Ц.Давхарбаяр, О.Номуулин, Б.Сугар, Х.Хашбаатар болон Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцсон бол БНХАУ-ын талаас Шүүгчдийн Үндэсний коллежийн Дэд ерөнхийлөгч, профессор ноён Ху Тянье, Шүүх хэргийн академийн Судалгааны газрын дарга ноён Шиэ Вэньшөн, Иргэний болон арилжааны хэргийн сургалт, судалгааны дэд дарга, профессор хатагтай Ян Сяоли, Сургалтын газрын дэд дарга ноён Сяо Жэньчи, Цахим сургалтын газрын дэд дарга хатагтай Лью Фан, Өвөр Монгол дахь салбарын захирал ноён Жан Юнгуан нар оролцов.
Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар байгууллагын бүтэц, чиг үүрэг, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв. Танилцуулгатай холбогдуулан профессор Ху Тянье сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тодруулга авч, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нар төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, талууд харилцан мэдээлэл солилцов.
Түүнчлэн гишүүн Х.Хашбаатар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан байгууллага болохыг онцлоод, гадаадын улс орнууд, тэр дундаа Азийн бүс нутгийн шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог судалж, харьцуулан суралцах, улмаар харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх нь байгууллагын чадавхыг сайжруулж, олон улсын сайн туршлагыг нутагшуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.
Ийнхүү хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилготой энэхүү уулзалт харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн, үр өгөөжтэй уулзалт болж өндөрлөлөө.