info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

КАНАД УЛСЫН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖИХ “ХҮН БҮРД ШУДАРГА ЁС, ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ” ТӨСЛИЙН БАГИЙНХНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Канад Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжих “Хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” төслийн багийн төлөөллийг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны байранд хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтад Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа, хорооны гишүүд, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцсон бөгөөд Канад Улсаас Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын дэд комиссар Эрролин Хампфри, Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч ноён Марк Ричард,  Бритиш Колумбийн Дээд шүүхийн шүүгч, Шүүхийн үндэсний институтийн дарга Том Крабтри, Шүүхийн комиссарын албаны Олон улсын хөтөлбөр хариуцсан дарга Олег Шаков, төслийн ажилтан Ян Моррисон нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцов. Уулзалтын үеэр төслийн зөвлөлдөх баримт бичгийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны гүйцэтгэх үүрэг, хамтран хэрэгжүүлэх боломжит чиглэлүүдийн талаар талууд харилцан санал солилцож, хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцлаа.

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

“Хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” төсөл нь 2025-2030 оны хооронд Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжих бөгөөд Монгол Улсын шүүхийн тогтолцооны жендэрийн мэдрэмжтэй, иргэн төвт байдлыг сайжруулах, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болон шүүх эрх мэдлийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, шүүхэд мэдүүлэх эрхийн баталгааг сайжруулах, шүүхийн хараат бус байдал, хариуцлага, ур чадварыг бэхжүүлэх зорилготой үр дүнд суурилсан урт хугацааны төсөл юм.

Төслийг Шүүхийн сахилгын хороо, Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Шүүгчдийн холбоо, Шүүхийн академи, “Оюуны инноваци” төрийн бус байгууллага болон эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.