/IDLO/ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-27 0Шүүхийн сахилгын хороо, /IDLO/ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Шүүхийн сахилгын хороог төлөөлж Шүүхийн сахилгын хорооны дарга дэд проф. Ц.Давхарбаяр, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагыг төлөөлж суурин төлөөлөгч Чарльз Болланд нар 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа.
Харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал төсөл”-ийг талууд хамтран хэрэгжүүлэх юм. Европын холбооны санхүүжилттэй тус төсөл нь иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор шүүх эрх мэдлийн байгууллагын ил тод байдал, олон талт хамтын ажиллагааг сайжруулж шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой төсөл юм.
“Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал төсөл”-ийн хүрээнд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөллийг хамруулан шат дараатай уулзалт, хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх төслийг хэрэгжүүлэхэд Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Иргэний нийгмийн байгууллага, Хэвлэлийн хүрээлэн, Глоб Интернэшнл төв зэрэг байгууллагууд хамтран ажиллана.