ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВХАРБАЯР ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 0Шүүхийн сахилгын хорооны дарга, дэд профессор Ц.Давхарбаяр /2024.11.07/-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ина Марчюлёните болон Европын холбооны Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Арнауд Априуг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр тус хороонд зочилж байгаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд элчин Ина Марчюлёните-г шинээр томилогдсонд нь баяр хүргээд өнгөрсөн хугацаанд Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлсэн ТАИЭКС буюу “Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр” амжилттай хэрэгжиж үр өгөөжтэй байсныг онцлов.
Талууд үргэлжлүүлэн Монгол Улсын шүүхийн салбарын ил тод, нээлттэй, хүртээмжтэй, үр ашигтай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн "Хосолмол түншлэл" /TWINNING/ хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
Уулзалтын бүрэлдэхүүнд Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ина Марчюлёните , Европын холбооны Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн менежер Арнауд Априуг, Шүүхийн сахилгын хороог төлөөлж хорооны дарга, дэд профессор Ц.Давхарбаяр, гишүүн Х.Хашбаатар, О.Номуулин, Б.Сугар, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Мөнх-Алдар нар оролцлоо.