info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО БҮРЭН ЦАХИМ ШИЛЖИЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА


Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулж болох зохицуулалтыг тусгаж эрх зүйн орчныг бүрдүүлсэн.

Шүүхийн сахилгын хороо нь үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй, хүртээмжтэй байхад чиглүүлэн шүүх эрх мэдлийн шинэчлэл, цахим хөгжлийн нэгдсэн бодлогыг  хэрэгжүүлэх хүрээнд өргөдөл, мэдээллийг цахимаар хүлээн авч, хуваарилалтыг цахим системээр хийж, тайлбар, нотлох баримтыг цахим хэлбэрээр гаргах, хуралдаанд цахимаар оролцох, тайлбар гаргах, хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлт цахимаар гаргах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

 Цахим гарын үсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2 дахь заалтад дурдсан нөхцөл шаардлагад нийцүүлэн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлээд байна. Өөрөөр хэлбэл сахилгын хорооны дарга, гишүүдийн захирамжийг цахим гарын үсгээр албажуулж эхэлсэн.      

Цаашид Шүүхийн сахилгын хороо 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн албан бичиг, хурлын тэмдэглэл, эрх зүйн актуудыг (захирамж, санал, дүгнэлт, тогтоол, магадлал, хяналтын тогтоол) цахим гарын үсгээр албажуулж бүрэн цахим шилжилт хийхээр төлөвлөж байна.