info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВХАРБАЯР ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 20 ЖИЛИЙН ОЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОЖ, МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ


Шүүхийн сахилгын хорооны дарга дэд проф. Ц.Давхарбаяр Захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд оролцож шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт шүүгчид, энэ танхимд хүндэт зочноор уригдан ирсэн зочид, шүүхийн ахмадууд, үе үеийн шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхний өглөөний амгаланг эрэн мэндчилье!

Та бүхэнд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг Шүүхийн Сахилгын хорооны нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монголын шүүхийн түүхийн нэг хэсэг, шинэлэг өнгө төрх болж Захиргааны хэргийн шүүх байгуулагдсан билээ. Нийтийн засаглал, нийтийн захиргааны үйл ажиллагаанд хөндөгдөх хүний үндсэн эрхийн хамгаалалт болж байдаг захиргааны хэргийн шүүх 20 жилийн туршид өөрийн эрх зүйн мөн чанараа тогтвортой хадгалж, мэргэшсэн шүүх болон төлөвшиж байгааг бахархалтайгаар хэлэх ёстой гэж үзэж байна.

Нийтийн захиргааны эсрэг маргах мэтгэлцэх эрхтэй эрх бүхий этгээдийг тодорхойлж, тус эрх нь зөрчигдөхөд түүнийг сэргээх, хамгаалах, нөгөө талаар хууль зөрчиж гажуудуулсан захиргааны шийдвэр, актыг хянах, хуулийг дагаж мөрдөхийг шаарддаг, шүүхийн албадлагыг хэрэглэдэг  захиргааны шүүх Монгол Улсын шүүхийн тогтолцоонд бий болсноор,

1/ Захиргааны ерөнхий хууль, ЗХХШХ зэрэг хууль, хууль тогтоомж  батлан хэрэгжүүлэх болсноор эрх зүйн шинэтгэлд шинэчлэл хийсэн

2/ Нийтийн захиргаа, сонсох ажиллагаа, захиргааны гэрээ, нийтийн эрх зүйн байгууллага  гэх зэргээр материаллаг эрх зүйд, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, тусгаа журмаар шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжлэлийг буцаах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх гэх зэргээр процессын эрх зүйд, онцлог, шинэ шинэлэг нэр томьёо ойлголтууд  судалгааны объект болж эрх зүйн шинжлэх ухаанд бие даасан бүтцийг хөгжүүлсэн

3/ Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай уялдан мэргэшсэн захиргааны шүүгч бий болсон төдийгүй мэргэшсэн захиргааны ажилтнууд ч бий болсон ололт амжилтыг та бүхэн энэ он жилүүдийн туршид нөр их хөдөлмөр зүтгэлээр бий болгожээ. 

Тиймээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд гаргаж буй шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлд илүүтэй анхаарч, захиргааны байгууллага, албан тушаалтнуудад хуулийг биелүүлэх соёл, чиг хандлага төлөвшиж, үйл ажиллагаа  нь хариуцлагажиж байгаа нь захиргааны хэргийн шүүхийн үүрэг оролцоотой салшгүй холбоотой билээ.

Түүнчлэн Шүүхийн сахилгын хороо Захиргааны хэргийн шүүхтэй харилцан хамааралтай байсан түүхийг онцлон дурдмаар байна. Тухайлбал,  2012 оны Шүүхийн багц хуулиар зохицуулалтын хүрээнд, өмнөх Ёс зүйн хорооны шийдвэрийг ЗХДЗШШүүх, УДШ-ийн Захиргааны танхим хянаж шүүгчийн ёс зүйг хянаж, чандлан манаж байсан үеийн шийдвэрүүд өдгөө бидний судалгааны чухал баримтууд болсон. Үүгээр, захиргааны мэргэшсэн шүүгч нь шүүгчийн ёс зүй, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн юм. 

Дагнасан шүүх мэргэшсэн шүүгчтэй байхын давуу тал бол мэргэшсэн шүүхийн хууль хэрэглээ, хууль тайлбарлах онолын үндэслэлтэй арга, ажиллагаа байдаг, энэ нь шүүхийн хараат бусаар хэрэг маргааныг шийдвэрлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх, үндэслэлтэй байх суурь нь болно. Үүний зэрэгцээ  шүүгч нь ёс зүй сахилгыг сахих нь ч мөн дээрх мэргэшсэн байгааг илтгэн харуулдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх.

Хууль дээдлэх, шударга ёсыг нийгмийн амьдралын бүх хүрээнд бүрэн утгаар нь хэвшүүлэн тогтооход чухал үүрэг гүйцэтгэж буй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд та бүхэндээ ойн баярын мэндийг дахин хүргэе.

Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах, ил тод, нээлттэй, шударга шүүн таслах ажиллагаа та бүгдийн  мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүйтэй, хариуцлагатай байдлаас хамаарах энэхүү шүүх байгуулагдсаны энэ түүхэн цаг үед бид дагнасан шүүхийн хөгжил, захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэхээр цуглаад байна. Өнөөдрийн хуралд нь амжилт хүсэхийн сацуу та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.