info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ" УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА


Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Шүүхийн сахилгын хорооны дарга дэд проф. Ц.Давхарбаяр, гишүүн О.Номуулин нар оролцлоо.

Хуралдаанаар "Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн 54,1 хувийн саналаар баталлаа.

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн санал боловсруулах ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар ажиллаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэгт Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбооны төлөөлөл ажиллав.

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирч, шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшлэх ач холбогдолтой. Мөн шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоо улам боловсронгуй болж, шүүгчийн хараат бус бие даасан байдал хангагдаж, шүүхийн үйлчилгээний шуурхай байдал, чанарт ахиц дэвшил гарах юм.