ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮД БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЙЛЧИЛЛАА
2023-10-16 0Бүгд Найрамдах Турк Улсын Шүүх, Прокурорын Зөвлөлийн урилгаар Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, гишүүн О.Номуулин, Б.Сугар, С.Энхтөр нар 2023 оны 10 дугаар сарын 10-17-ны өдрүүдэд тус улсад айлчилж шүүгчид холбогдох сахилгын хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, өргөдөл гомдол хүлээн авах журам, шүүгчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоотой танилцлаа.
Тус айлчлалын хугацаанд хийгдсэн туршлага судлах нэгдсэн хэлэлцүүлгийн хуралдаанд Бүгд найрамдах Турк Улсын Зөвлөлийн дэд дарга Мехмет Акиф EKİNCİ, 1 дүгээр хэлтсийн гишүүн Ömer Faruk YILDIRIM, Ерөнхий нарийн бичгийн дарга Атила ӨЗТЮРК, Хяналтын зөвлөлийн дарга Осман Нури YİĞİT, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Синан EKİCİ, Хяналтын зөвлөлийн орлогч дарга Сэлчук TELLİ, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Мурат ПАЛА, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч доктор Мюжган KARYAĞDI нар оролцож Бүгд Найрамдах Турк Улсын шүүгч, прокурорын сахилгын хэргийг шалгах ажиллагаа, үйл явцын талаар мэдээлэл өгсөн бөгөөд Шүүхийн сахилгын хорооны дарга болон гишүүдийн зүгээс Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны бүтэц, үйл ажиллагаа, шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуулиар нэрлэн заасан зөрчилд тооцож буй үйл баримт болон шүүгчид хүлээлгэж буй сахилгын хариуцлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж бүтээлч ярилцлага өрнүүлэв.
Шударга, бие даасан, хараат бус, найдвартай шүүхийн үр дүнг алсын хараа болгон тунхагласан Бүгд Найрамдах Турк Улсын Шүүх, Прокурорын Зөвлөлийн 1 дүгээр хэлтэс нь шүүгч, прокурорт холбогдуулан гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авч цаашид шалгах шаардлагатай эсэхийг шийдвэрлэдэг бол 2 дугаар хэлтэс нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж хариуцлага ногдуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг байх бөгөөд шүүгч нар хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг 2 жил тутам хөндлөнгөөс хянадаг Хяналтын хороо ажилладаг нь шүүгч, прокурорын сахилга хариуцлагыг дээшлүүлдэг, алдаа гаргахгүй ажиллахыг чармайдаг гол хөшүүрэг болдог талаар тус зөвлөлийн 1 дүгээр хэлтсийн гишүүн Ömer Faruk YILDIRIM онцгойлон дурдлаа.
Түүнчлэн, уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Шүүх, Прокурорын Зөвлөлийн дэд дарга ноён Мехмет Акиф EKİNCİ-нь 2024 онд Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр орны шүүхийн байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлэх, бэхжүүлэх шаардлагатайг онцолж, айлчлал маш үр бүтээлтэй болсныг дурдаад, цаашид шүүгчийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ижил төстэй сайн туршлагыг өөр өөрсдийн байгууллагад нэвтрүүлж судалгаа хийх талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцов.
Мөн хугацаанд Шүүхийн сахилгын хорооны дарга болон гишүүд Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академи, Анкара хотын Баруун бүсийн шүүх, Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн яамны Мэдээллийн технологийн алба зэрэг байгууллагуудаар очиж цахим хавтас хэрэг бүрдүүлэх явц, хууль шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг хооронд нь болон төрийн байгууллагуудтай цахимаар холбосон UYAP системтэй танилцсан өндөр ач холбогдол бүхий айлчлал боллоо.