ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА Х.ХАШБААТАР ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД ХАНДАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2023-09-28 0Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого сэдэвт” захиргааны ажилтнуудын хэлэлцүүлэгт Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар шүүхийн захиргааны ажилтнуудад хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Ноён Монгол Улсын ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Эрхэмсэг хатагтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны ажилтнууд, Шүүхийн Тамгын газрын дарга нар, нийт шүүхийн захиргааны ажилтнууд, мөн энэхүү хэлэлцүүлэгт уригдан оролцож буй нийт хүндэт зочид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын төлөөх эрхэм үйлсэд цаг наргүй зогсож, төрийн албаны өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагч Та бүхэндээ Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн захиргааны ажилтны холбооноос зохион байгуулж буй “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” сэдэвт шүүхийн захиргааны ажилтны хэлэлцүүлэгт үнэт цагаа зориулан оролцож байгаад талархаж байгаагаа илэрхийлье.
Монгол Улсад шүүхийн захиргааны байгууллага үүсэж бий болоод 30 жилийн нүүрийг үзэж байгаа энэ түүхэн цаг үед бид шүүх эрх мэдлийн цаашдын хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх цогц чадамжтай, мэргэшсэн, тогтвортой шүүхийн захиргаа, шүүхийн захиргааны ажилтны хөгжлийн талаар хэлэлцэхээр цуглаад байна.
Энэ хугацаанд шүүхийн захиргааны байгууллага чадварлаг ёс зүйтэй шүүхийн захиргааны ажилтнуудын зүтгэлийн ачаар иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах, шударга, хараат бус шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох үндсэн чиг үүргээ саад бэрхшээл байсан ч тасралтгүй хэрэгжүүлсээр ирсэн.
Манай улс 1992 онд ардчилсан тогтолцоонд шилжин, шинэ Үндсэн хуулиа баталж, шүүх эрх мэдэл, хууль тогтоох, гүйцэтгэх гэсэн гурван засаглалын харилцан хяналт, тэнцвэртэйгээр ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад чиглэгдсэн шүүхийн шинэтгэл үе шаттайгаар хэрэгжиж байна.
Шударга, хараат бус шүүхийн үйл ажиллагаа шүүхийн захиргааны байгууллагын бие даасан байдал, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны хүний эрхийн мэдрэмж, өндөр ёс зүйтэй байдлаас ихээхэн хамаарна.
Тэрхүү ёс зүйтэй хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, зөрчил гаргасан шүүгчид хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж шүүхэд итгэх олон нийтийн итгэлийн нэмэгдүүлэх зорилго, чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Шүүхийн Сахилгын хороо нь Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны байгуулагдан ажиллаж байна.
Шүүхийн захиргааны ажилтны хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл, хандлагаас шүүхэд итгэх олон нийтийн итгэл буурах эрсдэлтэй. Шүүхийн захиргааны ажилтны сахилга ёс зүйтэй холбоотой зөрчил Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цөөнгүй гарсаар байна. Тухайлбал: хууль тогтоомж, хэм хэмжээг мөрдөхгүй байх, шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны талаар тухайн хэргийн оролцогчид зөвлөгөө мэдээлэл өгөх, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар хувийн таамаглал, урьдчилан дүгнэлтээ бусдад илэрхийлэх зэрэг зөрчлүүдийг гаргаж байгаа нь шүүгч сахилгын зөрчилд холбогдох, цаашлаад шударга шүүхээр шүүлгэх иргэний эрх зөрчигдөх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг буруулж байна.
Зарим зөрчил санамсар болгоомжгүй, туршлагагүй байдлаас болж үйлдэгддэг нь шүүхийн захиргааны ажлын ажлын ачаалал их байх, сургалт хөгжлийн дэвшилтэд бодлого бидэнд байхгүй байгааг илэрхийлж болох юм. Нөгөө талаараа шүүхийн захиргааны ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа хангалтгүй байгаа нь бидэнд чадварлаг хүний нөөцийн хомсдолд орох эрсдэлийг бий болгож байна.
Тийм ч учраас бидэнд шинэ менежмент, шинэ бодлого, шинэ хандлага шаардлагатай байгаа хэрэгцээ шаардлагын хүрээнд Шүүх эрх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг орчин үеийн шаардлагад нийцүүлсэн цогц чадамжтай хүний нөөцийг бэлтгэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготойгоор өнөөдрийн хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Цаашид орчин үеийн шүүхийн захиргааны хөгжлийн чиг хандлагыг чиг баримжаагаа болгож, одоогийн шүүхийн захиргааны загвар, бие даасан байдал, хууль тогтоомж, түүний хэрэгжилтэд дүн шинжилгээг тогтмол хийж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтан шударга, нээлттэй, мэргэшсэн, нэгдмэл байдлыг хангаж ажиллах, шүүхийн хараат бус байдлыг тууштай бэхжүүлж ажиллах нь зүйтэй юм.
Шүүхийг шүүхийн захиргааны ажилтангүйгээр төсөөлөхийн аргагүй. Шүүгчид иргэдтэй уулзахгүйгээр зөвхөн хуралдааны танхимд мэтгэлцээний үр дүнд шийдвэр гаргадаг бол Та бүхэн бол иргэд, хэргийн оролцогчдтой шууд харилцдаг шүүхийн нүүр царай юм.
Нийгэм цаг үе өөрчлөгдөж байна. Олон нийт шударга ёсны хүлээлт, шаардлагыг урьд урьдаас илүү хүчтэй тавьж байна. Иргэдийн эрхийн мэдрэмж өндөрсөж байна. Энэ утгаараа бид зарим хуучин арга барилаа гээж, шинэ арга барил, сэтгэлгээний өөрчлөлт гаргах шаардлага мөн үүсэж байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх нь бидний мөнхийн зорилго байх учиртай.
Шүүхийн эрх мэдлийн хөгжлийн зорилтуудыг хөрсөн дээр нь буулгаж амжилттай хэрэгжүүлэх нь Та бүхний мэдлэг ур чадвар, ёс зүйтэй, хариуцлагатай байдлаас ихээхэн хамаарах бөгөөд энэхүү их үйлсийн чухал хэсэг нь болж манлайлан түүчээлнэ гэдэгт итгэлтэй байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид, шүүхийн тамгын газрын дарга нар, нийт шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэндээ Монгол Улсын Үндсэн хуулиар шүүгчийн хараад бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг хүлээн байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн түүхт 30 жилийн ойн баярын мэнд хүргэж ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Баярлалаа.