info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

УИХ-ЫН ДАРГА Д.ЗАНДАНШАТАР ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


УИХ-ын дарга бөгөөд УИХ гишүүн Д.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцаж, дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчидтай уулзлаа.

Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар энэ үеэр 2023 оны эхний хагас жилийн байдлаар 162 өргөдөл мэдээллийг хүлээн авч, хянан шийдвэрлэснээс 72-д нь  сахилгын хэрэг үүсгэж,  76-д нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн тухай болон Шүүхийн сахилгын хорооны бүтэц, үйл ажиллагаа, өргөдөл, мэдээллийн шийдвэрлэлт, өнгөрсөн хугацаанд гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, гадаад хамтын ажиллагаа тогтоосон гадаадын зарим Улс орнууд болон хамтын ажиллагаа эхлүүлсэн орнуудын талаарх мэдээлэл зэргийг танилцуулсан юм.

УИХ-ын дарга Д.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар нар шинэ тутам байгууллагын хувьд тулгарч буй бэрхшээл асуудлуудын талаар харилцан санал солилцов. Шүүхийн сахилгын хороо нь цаашдаа байгууллагын үйл ажиллагаагаа цахимжуулах, иргэн төвтэй шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд шударга, ил тод, хараат бусаар бие даан ажиллах, иргэд олон нийтийн хүсэж буй шударга ёс, сахилга хариуцлага, ёс суртахуун, шүүхэд итгэх иргэд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар дурдлаа.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Д.Занданшатар Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд, алба хаагчдад хандаж, Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуулийн байгууллагын хувьд, ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзлийг сонсож, ил тод, нээлттэй, шударга ажиллах зарчмыг баримталж Шүүх засаглалын бие даасан, хараат бус байдлыг хангаж, Шүүхэд итгэх иргэд олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал үүрэг бүхий байгууллага болохыг онцоллоо. Ингэхдээ Шүүхийн сахилгын хорооноос гарч байгаа мэдээ мэдээллийг ард иргэдэд энгийн ойлгомжтой, хүртээмжтэй, хурдан шуурхай мэдээлэхийг үүрэг болгов.