АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН МУЖ УЛСУУДЫН ШҮҮХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-05-18 0Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо Америкийн Нэгдсэн Улсын Муж улсуудын Шүүхийн үндэсний төвтэй шүүгчийн сахилга, ёс зүйн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, өнгөрсөн онд Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан.
Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар уулзаж санал солилцохоор тус байгууллагын төлөөлөгчид 2023 оны 05 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Шүүхийн сахилгын хороонд ажиллалаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Америкийн Нэгдсэн Улсын Муж Улсуудын шүүхийн үндэсний төвийн Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч, Үйл ажиллагаа хариуцсан захирал ноён Майкл Бэнгэр, тус Төвийн Шүүхийн ёс зүйн төвийн захирал Дэвид Сакар болон Нью Хэмпшир мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Гордон Мак Доналд нар багтаж байна.
Айлчлалын эхний өдөр талууд шүүгчийн сахилга хариуцлагатай холбоотой хэрэг маргааныг шийдвэрлэлтийн талаар, энэ чиглэлээр Америк улсын мужуудад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, онцлог, ялгаатай болон ижил төстэй талуудын талаар харилцан мэдээлэл солилцов.
Уулзалтын хоёр дахь хэсэгт хамтын ажиллагааны талаар ярилцаж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон бөгөөд үүнд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн орчныг судлах, шүүхийн ёс зүйн чиглэлээр мэргэшсэн эрдэмтдийн багтай хамтран ажиллах болон шүүхийн сахилгын хорооны гишүүд, алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр талууд харилцан тохиролцсон юм.
Уулзалтын төгсгөлд Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар “Америкийн нэгдсэн Улсын хуулийн тогтолцоо өндөр түвшинд хөгжсөнийг нэхэн сануулахын сацуу Монгол Улсын хууль, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын нэр хүнд, ард нийтийн итгэлийг тэр хэмжээнд хүргэж ажиллахын тулд Шүүхийн сахилгын хороо хариуцлагатай, ил тод, ёс зүйтэй ажиллаж иргэдийн итгэлийг хүлээсэн зөв тогтолцоо, арга барилтай байгууллага болон хөгжихийн үндэс суурь нь Олон улсын туршлагаас судлах, энэ хүрээнд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болсныг онцолсон” юм.