ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛАХ ТАЛААР МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДЛӨӨ
2023-03-24 0Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх зорилгоор шүүхийн салбарт цахимжилтыг нэвтрүүлэх, Европын холбооны гишүүн орон болон бусад улсуудын шүүхийн цахимжуулалтын сайн туршлагаас судлахаар “Монгол Улсын шүүхийн цахимжуулалт” сэдэвт Олон улсын бага хурал болж байна.
Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын шүүхийн салбарын хөгжил дэвшилд онцгойлон анхаарч Европын холбооноос хэрэгжүүлдэг Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөрт оролцох бидний хүсэлтийг хүлээн авч, шүүхийн салбарыг хөгжүүлэх тэр дундаа ил тод, нээлттэй шүүхийн тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Европын холбооноос Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч, Европын холбооны төлөөлөгчдөдөө талархал илэрхийллээ. Түүнчлэн Европын орнуудын шүүгч мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, тэдний мэдлэг туршлагаас суралцах нь Монгол Улсын шүүхийн салбарт ажиллаж буй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд цаашлаад салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтойг онцоллоо.
Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын цахимжуулалт, уялдаа холбоог хангах нь” сэдвийн хүрээнд Шүүхийн байгууллагын одоогийн нөхцөл байдал, хууль эрх зүйн үндэслэл сэдвээр илтгэл тавилаа.
Мөн Европын улсуудын шүүхийн цахимжилтад тулгарсан сорилт болон сайн туршлага, хууль зүйн тогтолцооны цахимжуулалтад тулгарч буй сорилт ба боломжууд зэрэг асуудлаар Европын холбооны гишүүн улсын илтгэгчид хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хурал нь 2023 оны 03 дугаар сарын 23,24-ний өдрүүдэд Холидэй-Инн зочид буудлын Хурлын танхимд үргэлжлэх юм.
Хуралд: Европын холбооны гишүүн Авcтри Улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Цахим шүүх ба суурь эрхийн олон улсын байгууллагын Гүйцэтгэх захирал Ноён Гернот Пош Эстони, Итали Улсын шүүгч Европын Холбооны Шүүхийн бүтээмжийн Консулын Кибер шүүхийн Ажлын хэсгийн Ахлагч Хатагтай Мария Жулиана Сивинини, Эстони улсын Хууль зүйн яамны зөвлөх Хатагтай Маргит Лаури болон Шүүхийн сахилгын хороо, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын төлөөлөл, Судлаачид Шүүхийн салбарын төлөөллүүд оролцож байна.