info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ “ХҮМҮҮН БАЙХЫН УЧИР, ЁС СУРТАХУУНД НЬ ОРШВОЙ” СЭДВЭЭР ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧДАД ЛЕКЦ УНШЛАА


Монгол Улсын төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич, МУИС-ийн Эмерит профессор, Япон Улсын Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор С.Нарангэрэл “Хүмүүн байхын учир, ёс суртахуунд оршвой” сэдвийн хүрээнд Монголын түүхэн судар, сурвалжуудад үндэслэн монголчуудын уламжлалт ёс суртахуун, шударга ёсыг хэрхэн бэхжүүлж байсан талаар албан хаагчдад лекц уншлаа.

Уг сургалтад Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд, Ажлын албаны албан хаагчид хамрагдлаа.

Сургалтын эхэнд Академич С.Нарангэрэл хэлэхдээ, аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун болохыг онцолсон юм. Түүний илтгэлээс тоймлон сонирхуулахад:

Ёс суртахуун :

Шинжлэх ухааны хувьд ёс суртахуун гэдэг ойлголтыг маш сайн ойлгох учиртай. Ёс суртахуун бол хүний уураг тархинд байгаа эерэг энергийн өгөгдлийн цогц юм. Дэлхий дахинд ёс суртахууны талаар хоёр том онол бий. Хамгийн түгээмэл онол нь ёс суртахуун бол үүсмэл, болзмол гэж үздэг. Өөр  нэг онол нь Альберт Эйнштейн Квантын физикийн шинжлэх ухаанд таталцлын хуулийн маш том нээлт хийсэн. Энэ нээлтээр хүн гэдэг амьтан уураг тархиндаа ёс суртахууны энергийн эстэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүн бол оюун ухааны амьтан юм гэдэг дүгнэлтийг хийсэн. Эндээс хүн, нийгмийн ижил юмс нь ижил юмаа татдаг гэсэн гаргалгаа гаргасан. Монгол ардын “Ороо нь ороогоороо, жороо  нь жороогоороо” гэдэг үг байдаг. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг хэлдэг.

Итгэл:

Итгэл гэдгийг бие биедээ итгэхийг хэлнэ. Өнөөдөр монголчууд бие биедээ итгэдэг, итгэсэн итгэлийг хөсөрдүүлдэггүй, хуурч мэхэлдэггүй байсан бол хууль тэр тусмаа Иргэний хууль, зээлийн гэрээ, шийтгэл гэж байх хэрэггүй.

Эелдэг ёс :

Төрийн албан хаагчид та бүхэн иргэдтэй харьцахдаа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж яваа Монгол Улсын иргэн шүү гэдэг үүднээс нь харж хүндэтгэн харьцаж байх хэрэгтэй. Ажилтай, ажилгүй, залуу, хөгшин хамаагүй бүх хүнд адил тэгш харьцах учиртай. Төрийн албан хаагчид энэ дээр хамгийн их алддаг шүү.

Ер нь цаашдаа Монгол орныг ёс суртахуунтай болгоход шуналын асуудлыг тусгайлан авч үзэх ёстойг мөн тэрээр илтгэлийн үеэрээ онцоллоо.