info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

САХИЛГЫН ХОРОО, ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙГУУЛЛАГА (IDLO) ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Шүүхийн Сахилгын хороо болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) хоорондын хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцох, зөвлөлдөх уулзалт 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр боллоо. Уулзалтад Сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Сахилгын хорооны Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. Мөнхзориг болон Олон улсын эрх зүйн байгууллагын (IDLO) суурин хөтөлбөрийн менежер Ц.Баттуяа, Төслийн хараат бус шинжээч, зөвлөх С.Билгүүн нар оролцлоо.

Олон улсын эрх зүйн байгууллагын зүгээс “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал”  төслийн хүрээнд Шүүхийн Сахилгын хорооны шинээр боловсруулан батлах гэж буй хууль эрх зүйн баримт бичгүүдэд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсон бөгөөд, уулзалтаар Сахилгын хорооноос батлагдсан болон батлагдах гэж буй журмуудын жагсаалтыг танилцуулан, цаашдын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шаардлагатай сургалт, судалгааг зохион байгуулах тал дээр хамтарч ажиллахаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Сахилгын хорооны гишүүн Б.Сугар, “Манай хороо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шинээр байгуулагдсан. Байгуулагдсанаасаа хойш бид Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хэд, хэдэн удаа уулзалт зохион байгуулсан. Өнөөдөр өмнөх уулзалтуудын үр дүн гарч, яриа хэлэлцээрүүд маань ажил хэрэг болж, хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна.  Мөн төслийн хүрээнд манай салбарын туршлагатай судлаач С.Билгүүн томилогдон ирж байгаад баяртай байна. Цаашдаа ч илүү өргөн хүрээнд хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.

Харин Олон улсын эрх зүйн байгууллагын (IDLO) суурин хөтөлбөрийн менежер Ц.Баттуяа хамтын ажиллагааны талаар хэлэхдээ, “Манай байгууллага Монгол Улсад 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд  “Rule of Law” хууль дээдлэх ёс, шударга ёсыг төлөвшүүлэх чиглэлд голлон анхаарч шүүх эрх мэдлийн байгууллага, хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 2012 оноос хойш Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон бусад байгууллагуудтай хамтран шүүгч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, салбарын судалгаануудыг дэмжин ажиллаж ирсэн амжилттай туршлага бий. Шүүхийн Сахилгын хороо бол шүүх эрх мэдлийн байгууллагын төлөөлөл мөн. Тэр дундаа шүүгчийн ёс зүй, сахилгын асуудлыг хариуцаж буй Үндсэн хуулийн институц учраас манай байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах нь зохистой гэж үзсэн. Олон улсын эрх зүйн байгууллагаас одоо хэрэгжүүлж буй “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” төслийн хүрээнд бид Шүүхэд итгэх итгэлцлийн асуудлаар судалгаа хийхээр төлөвлөсөн. Шүүхэд итгэх иргэдийн итгэл сүүлийн жилүүдэд хурцаар яригдаж байсан. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн институци Шүүхийн сахилгын хороог байгуулсан гэж үзэж байгаа. Шүүхийн Сахилгын хорооны чиг үүрэг шүүгчдийн ёс зүй, сахилгын хүрээнд хэрэгжиж байгаа учраас бид хамтран ажиллах нь чухал” гэв.

Цаашид хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд далайцтай явагдах, яриа хэлэлцээний түвшинд байсан ажлууд ажил хэрэг болох эхлэл тавигдсан зэргээрээ уулзалт онцлог, ач холбогдолтой болов.

 

 

Шүүхийн сахилгын хорооны Ажлын алба