info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ЕВРОПЫН ХОЛБООНЫ “ТВИННИНГ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖЛЫН ҮР ДҮН, ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА


Европын Холбооны Твиннинг буюу Хосолмол түншлэлийн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийн шинжээчид 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд болон Ажлын албаны албан хаагчидтай уулзалт хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, урьдчилсан зөвлөмжөө танилцууллаа.

Уулзалтад төслийн зүгээс суурин зөвлөх Кристоф Копецки, зөвлөх Мартин Хусселс болон Доррис Нүкель нар оролцсон бол Сахилгын хорооны талаас тус хорооны дарга,  гишүүд, Ажлын албаны дарга болон холбогдох албан хаагчид оролцов.

             

Уулзалтын эхэнд суурин зөвлөх Кристоф Копецки төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллагуудтай хийсэн уулзалт, судалгааны үр дүн эерэг гарсныг онцолж, шинжээчдийн боловсруулсан зөвлөмжийг танилцуулж, Германы туршлагаас хуваалцаж, шүүгчийг туршилтын хугацаатай томилох тогтолцоо, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээ, шүүхийн ачаалалд суурилсан орон тооны бодлого, шүүгчийн цалин хангамж, шүүхийн ил тод байдал зэрэг асуудлаар санал, зөвлөмж өгсөн юм.

Мөн шүүхийн шийдвэрийг нийтэлсний дараа буцаан устгахгүй байх, шүүхийн байгууллагын олон нийттэй харилцах ажиллагааг илүү идэвхтэй хэрэгжүүлэх шаардлагатай талаар онцоллоо.

Уулзалтын төгсгөлд төслийн зөвлөхүүд Шүүхийн сахилгын хороо нь үйл ажиллагаагаа үр дүнтэй хэрэгжүүлж, шүүхийн сахилга, ёс зүйн чиглэлээр эерэг өөрчлөлт авчирч байгааг онцлон тэмдэглэж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн ач холбогдлыг дурдлаа.