ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
2024-12-05 0Шүүхийн сахилгын хорооны дарга, дэд проф. Ц.Давхарбаяр 2024 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурветэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Шүүхийн сахилгын хороог товч танилцуулж, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоож хамтын ажиллагаа эхлүүлэх нь шинэ байгууллагын хувьд ач холбогдолтой байгааг Шүүхийн сахилгын хорооны дарга Ц.Давхарбаяр онцлов.
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве “Энэтхэг Улс нь Монгол Улстай найрсаг харилцаатай ба стратегийн түншлэл хэрэгжүүлж байна. Түүнчлэн оюун санааны ахан дүүс юм” хэмээн онцлов. Шүүхийн сахилгын хорооны албан хаагчдыг Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт оролцох нь нээлттэйг дурдаж тус хорооны цахимжуулалтын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.