ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНД АЖИЛЛАЖ БАЙСАН ҮЕ, ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-09-15 0Шүүгчийн сахилгын хороо, Шүүхийн сахилгын хороо, Ёс зүйн хорооны үе, үеийн дарга, гишүүд болон ажлын албаны төлөөлөлтэй хийх “Хүндэтгэлийн уулзалт”-ыг 09 дүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн сахилгын хорооны Зөвлөгөөний танхимд зохион байгууллаа.
Шүүхийн сахилгын хорооноос Шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүй, сахилгын зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын талаар өгүүлсэн “Түүхэн замнал” ном боловсруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд уг номд үе үеийн ахмадуудын үнэтэй зөвлөгөө, туршлагыг тусгах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулав.
Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатарын санаачлан хэрэгжүүлсэн уг уулзалтад Шүүгчийн сахилгын хороо, Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн сахилгын хороонд 1993 оноос хойш ажиллаж байсан долоон бүрэлдэхүүний 40 гаруй эрхэм оролцлоо.
“Хүндэтгэлийн арга хэмжээнд Төв аймгийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч асан, Монгол Улсын гавьяат хуульч Ц. Раашцэвэг, Шүүхийн сахилгын хорооны 2 бүрэлдэхүүнд гишүүнээр ажиллаж байсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан, Хууль зүйн ухааны доктор, профессор, Н.Лүндэндорж, 2009-2013 онд Шүүхийн сахилгын хорооны 2 бүрэлдэхүүний даргаар ажиллаж байсан, Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч О.Зандраа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн дарга асан Ж.Батбаясгалан, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав тэргүүтэй төлөөллүүд хүрэлцэн ирж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил, түүнд тохирох хариуцлагыг шударгаар оногдуулах зарчмыг баримтлан ажиллаж буй албан хаагчдад амжилт хүсэн, өөрсдийн туршлага, түүхээс хуваалцлаа.
Монгол Улсын анхны ардчилсан 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн шүүгчид хариуцлага хүлээлгэх хараат бус байгууллагыг байгуулах журмыг анх удаа 1993 оны Шүүхийн тухай хуульд Шүүхийн сахилгын хороо 9 гишүүний бүрэлдэхүүнтэй 6 жилийн хугацаагаар Ерөнхий зөвлөл байгуулахаар хуульчилсан. Гэвч 1994 онд өөрчлөн найруулсан Шүүхийн тухай хууль батлагдсанаар “Сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг хянан шийдвэрлэх шүүгчийн сахилгын хороо Улсын Дээд шүүхийн болон аймаг, нийслэлийн шүүхийн дэргэд” байхаар өөрчлөн зохион байгуулсан.
2002 оны Шүүхийн тухай хуулиар Шүүхийн сахилгын хороог 15 гишүүний бүрэлдэхүүнтэй, бүрэн эрхийн хугацаа 3 жил, Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдийг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог байв.
2012 онд Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад шүүгчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, Ёс зүйн хорооны бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд, даргын бүрэн эрх, чиг үүрэг, тус хорооны ажлын алба болон гомдол шалгах процесс ажиллагааны эрх зүйн үндэс, Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, байгуулах журмыг тус тус хуульчлан зохицуулсан.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6-д “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллана гэж хуульчилсан.
1993 оноос хойш ажиллаж байсан үе, үеийн дарга гишүүдийн дурсамж, дуртгалыг сонсож, харилцан ярилцаж энэхүү “Хүндэтгэлийн арга хэмжээ” үр дүнтэй болж өндөрлөлөө.