ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026-10-29 44Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд (EJAM)” төслийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн, О.Номуулин, Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нар 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаатар болон тус аймгийн иргэд, хуульчид, төрийн албан хаагчид, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар Шүүхийн сахилгын хорооны чиг үүрэг, өргөдөл, мэдээлэл гаргах хэлбэр, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүгчийн гаргасан сахилгын зөрчлийн талаар болон “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд (EJAM)” төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүн, холбогдох мэдээллийг танилцуулж оролцогчдын санал, хүсэлтийг сонсож, сонирхсон асуудлаар мэдээлэл, тайлбар өгч, харилцан санал солилцлоо.
Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Ахмадын хорооны дарга н.Насанжаргал шүүгчид холбогдох асуудлыг мэдээллийн дагуу шалгаж, хянан шийдвэрлэдэг эсэх, уул уурхайтай холбоотой хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэхэд удаашрал үүсдэг асуудлын талаар, мөн ахмад хуульч н.Аварзэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56.8.1-д заасан шүүгчийг огцорсонд тооцох үндэслэлд тавигдсан “5 болон 10-аас дээш” гэсэн тоон шалгуур хэт өндөр байж болзошгүй талаар санал дэвшүүлж, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар асуулт тавьж, санал бодлоо илэрхийлэв.





