info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА С.ЭНХТӨР ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨЛ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.МӨНХБАТТАЙ УУЛЗЛАА


Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр, тус хорооны гишүүн Ц.Давхарбаяр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг болон холбогдох албан хаагчдыг Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Мөнхбат, тус холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар 2026 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “Фемида” танхимд хүлээн авч уулзлаа.  

Уулзалтад Шүүхийн сахилгын хорооны талаас тус хорооны дарга С.Энхтөр, гишүүн Ц.Давхарбаяр, Ажлын албаны дарга Д.Мөнхзориг, Монголын Хуульчдын холбооны талаас тус холбооны ерөнхийлөгч М.Мөнхбат, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Үйл ажиллагаа болон Зөвлөл хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Бариаширсүрэн, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн А.Мөнхтулга нар оролцсон юм.

Уулзалтаар хуульч, шүүгч нарын сахилга, ёс зүйн асуудал, сургалт, түүнтэй холбоотой судалгааны ажил болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх асуудлаар цаашид хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцов.

Мөн 2024 онд “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиумыг хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд уг симпозиумыг дахин зохион байгуулах хүсэлтэй байгаа талаар хоёр байгууллагын төлөөллүүд онцлон тэмдэглэж, Хууль зүйн салбарын төлөөллүүдийг хамруулсан Ёс зүйн симпозиум болон залуу хуульчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүйн ухамсрыг дээшлүүлэх зорилгоор тэдний дунд эрдэм шинжилгээний уралдаан зарлах зэрэг ажлыг хамтарч зохион байгуулахаар тохиролцов.