Шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалт
2023-04-14 1538МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ШҮҮГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
50 дугаар зүйл.Шүүгчид хориглох зүйл
50.1.Шүүгчид дараах зүйлийг хориглоно:
50.1.1.албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох;
50.1.2.албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн нууцыг задруулах;
50.1.3.албан үүрэгтэй нь холбоотой, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулах;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
50.1.4.шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх;
50.1.5.албан ажлын хэрэгцээнд зориулсан материал, техник хэрэгслийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зориулалтаар ашиглах;
50.1.6.бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн аливаа мэдээллийг шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээс өөр зорилгоор ашиглах;
50.1.7.шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх;
50.1.8.шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон бусад иргэн, хуулийн этгээдээс шууд ба шууд бусаар тусламж авах, үйлчлүүлэх, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авах;
50.1.9.өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх;
50.1.10.тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчтэй гэр бүл, эсхүл төрөл, садангийн холбоотой талаар Ерөнхий зөвлөлд мэдэгдэхгүйгээр ажиллах;
50.1.11.өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн этгээдээр дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн нэгж, тэдгээрийн холбоо, нэгдлийн удирдах бүрэлдэхүүнд орох, зохион байгуулалтын үйл ажиллагаа явуулах;
50.1.12.Монгол Улсын олон улсын гэрээ, гадаад улсын шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноос бусад гадаад улс болон олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүний санхүүжилтээр багшлах, эрдэм шинжилгээний болон бусад ажил эрхлэх, гадаад улсад зорчих;
50.1.13.гадаад улсын төр, олон нийтийн болон бусад байгууллагын шинжлэх ухааныхаас бусад хүндэт, тусгай цол, шагнал, одон, тэмдэг авах;
50.1.14.төрийн дээд одон, медаль, шинжлэх ухааныхаас бусад хүндэт, цол, шагнал, одон, тэмдэг авах;
50.1.15.Монгол Улсын олон улсын гэрээгээр гадаад улсын холбогдох шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноос бусад Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин байгаа гадаад улсын болон олон улсын байгууллага, түүний салбар нэгжийн удирдах бүрэлдэхүүнд орох;
50.1.16.багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрах;
50.1.17.улс төрийн байгууллагын удирдах болон бусад албан тушаал эрхлэх, улс төрийн байгууллага, улс төрийн сонгуульд нэр дэвшигчийн талаар олон нийтэд хандаж үг хэлэх, сонгуулийн сурталчилгаанд оролцох, улс төрийн сонгуульд нэр дэвшигчид санхүүжилт, хандив өгөх;
50.1.18.хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах;
50.1.19.хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн дотно харилцаа тогтоох;
50.1.20.хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх;
50.1.21.хуульд заасны дагуу олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах;
50.1.22.энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих;
50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;
50.1.24.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах;
50.1.25.шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих;
50.1.26.шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих;
50.1.27.шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон;
50.1.28.хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй;
50.1.29.ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэх;
50.1.30.шүүгчийн сахилгын хэрэг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах;
50.1.31.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх;
50.1.32.хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулах;
50.1.33.шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах;
50.1.34.шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах;
50.1.35.шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөх;
50.1.36.шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох;
50.1.37.албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, хувийн хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээх;
50.1.38.хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг бусдад өгөх, нийтэд мэдээлэх;
50.1.39.энэ хуулийн 45.8-д заасан үүргээ биелүүлээгүй;
50.1.40.энэ хуулийн 66.7-д заасныг биелүүлээгүй.
51 дүгээр зүйл.Шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалт
51.1.Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.
51.2.Өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
51.3.Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
52 дугаар зүйл.Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
52.1.Шүүгч Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
53 дугаар зүйл.Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт
53.1.Шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус, халдашгүй байдлын үндсэн зарчмаас хамааран шүүгчийн хувийн буюу иргэний эрхэд дараах хязгаарлалт тогтооно:
53.1.1.улс төрийн намд харьяалагдах;
53.1.2.улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллага болон иргэдэд улс төр, шашны асуудлаар байр сууриа илэрхийлэх;
53.1.3.хөдөлмөрийн маргаанаа зохицуулах зорилгоор албан үүргээ орхих, зогсоох.
53.2.Шүүгч улс төрийн сонгуульд улс төрийн нам, эвслээс, эсхүл бие даан нэр дэвших бол тухайн сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хүсэлтээ Ерөнхий зөвлөлд өгч, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
53.3.Шүүгч энэ хуулийн 53.2-т заасны дагуу улс төрийн үйл ажиллагаанд оролцож, шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа дахин шүүгчээр ажиллахыг хүсвэл чөлөөлөгдсөнөөсөө хойш гурван жилийн дараа шүүгчийн сонгон шалгаруулалтад орж болно.