ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДВЭЭР ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-06 0Шүүхийн сахилгын хороо, Монголын Хуульчдын холбооноос санаачлан “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдвийн хүрээнд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчдын ёс зүйн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинэчлэл хийх арга замыг эрэлхийлж тус симпозиумыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ы өдөр зохион байгуулав.
Симпозиумыг нээж Шүүхийн сахилгын хорооны дарга Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Давхарбаяр, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх симпозиумын оролцогчдод илгээлт ирүүлсэн бөгөөд илгээлтийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал уншиж танилцуулсан юм. Мөн нээлтийн үеэр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл хуульч хэрхэн ёс зүйтэй байх талаар оролцогчдод хандаж үг хэлсэн юм.
Симпозиумын нээлтэд Улсын их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Төрийн соёрхолт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, Улсын дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Н.Баасанжав, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх О.Машбат, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Данзанноров, Ханнс зайдел сангийн Монгол дахь төлөөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, /IDLO/ Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн төслийн менежер О.Соёлмаа, Төрийн албаны зөвлөл, Нээлттэй нийгэм форум, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Шихихутуг” их сургуулийн төлөөлөл болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцов.
Симпозиумын үндсэн илтгэлийг Шүүхийн сахилгын хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Ц.Давхарбаяр ““Шүүгчийн ёс зүй: анхаарал хандуулах асуудал”сэдвээр, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Батболд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүйн хэм хэмжээ: одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, ХНБГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч профессор, доктор Эрик Хилгендорф “Герман улс дахь хуульчдын ёс зүйн хариуцлага” сэдвээр тус тус тавьсан. Мөн Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн Н.Ганболд “Прокурорын ёс зүйн асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.
Үргэлжлүүлэн Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Сосорбарам “Төрийн албан хаагчийн ёс зүй, эрх зүйн шинэчлэл” сэдвээр, Оюуны инновац ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Төрболд “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага:Шүүхийн индекс-2023” сэдвээр танилцуулга хийж мэдээлэл өгөв.
Үүний дараа Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн дарга Х.Хосжаргал “Нотариатчдын ёс зүйн асуудал” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Д.Оросоо “Өмгөөлөгчийн ёс зүйн асуудал” сэдвээр илтгэл тавьж, өмгөөлөгч, нотариатчдын ёс зүйн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа ажиллаж, хэлэлцүүлэгчээр Улсын их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг, БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн О.Мөнхбаатар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Д.Мөнгөнцэцэг, Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэл, ”Ийгл” телевизийн сэтгүүлч Г.Улсболд нар оролцож, өөрсдийн санал, шүүмжлэлийг хуваалцсан.
Хоёр дахь хэлэлцүүлгийг шүүгч, прокурорын ёс зүйн асуудлаар өрнүүлсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүгчид ёс зүйн хувьд тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга зам” сэдвээр, Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн Н.Ганболд “Прокурорын ёс зүйн асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлгийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн О.Номуулин чиглүүлж, Улсын их хурлын гишүүн Х.Тэмүүжин, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Мягмарцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоодын хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Хишигжаргал, ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Бүлгүнзаяа, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Г.Тамир, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Т.Золбоо, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар хэлэлцүүлэгчээр оролцож, санал, шүүмжлэлээ хуваалцав.
Симпозиумд оролцогчдын зүгээс хуульчийн нийтлэг ёс зүйн хэм хэмжээ болон эрхэлж буй ажил, албан тушаалд хамаарах ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ёс зүй, харилцаа, хандлагын сургалтад хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой олон саналыг хуваалцаж илтгэгч, хэлэлцүүлэгч, оролцогчдын саналыг тусгасан “Зөвлөмж” гаргасан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.