info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА


Улсын Их Хурлын чуулганы 2024 оны зургаадугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл”-ийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжсэнээр тус хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Шүүхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд МУШТХ-ийн  101 дүгээр зүйлд “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулж болно.” гэх заалтыг шинээр нэмсэн.

Мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалт “өргөдөл, мэдээлэл сахилгын хэргийн баримттай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах, амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэг “Холбогдох шүүгч энэ хуулийн 104.2, 104.7-д заасан сахилгын хэрэг үүсгэсэн тухай захирамж, тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор өргөдөл, мэдээллийн талаар бичгээр хариу тайлбар, нотлох баримт, нотлох баримт гаргах хүсэлт гаргаж болно”, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэг “Энэ хуулийн 112.8-д заасан гомдол, эсэргүүцлийг бичгээр гаргана”, 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэг “Сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн энэ хуулийн 114.1-д заасан гомдол, эсэргүүцлийг бичгээр гаргана” гэж тус тус заасан байсан бол нэмэлт өөрчлөлтөөр дээрх хуульд заасан ажиллагааг цахим хэлбэрээр явуулах боломжтой байхаар хуульчилсан.

Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээллийг цахимаар гаргах боломжтой байхаар тусгав.

Мөн сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг сахилгын хэргийн оролцогчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлдэг байсан бол нэмэлт өөрчлөлтөөр шүүгчид цахим хэлбэрээр хүргүүлж болохоор өөрчлөв.

Сахилгын хорооны магадлал, хяналтын тогтоолд илтгэгч гишүүн эсэргүүцлээ холбогдох шүүгч гомдлоо цахим хэлбэрээр гаргаж болохоор зохицуулсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан нэмэлт өөрчлөлт орсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн, шуурхай явагдах боломж бүрдэж байна.