О.НОМУУЛИН: ШҮҮГЧИД САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
2023-06-09 0ШҮҮГЧИД САХИЛГЫН ХЭРЭГ ҮҮСГЭХЭД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
О.Номуулин
Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүн
Хураангуй.
Энэхүү сэдвийн хүрээнд Сахилгын хороо шүүгчид сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар бүлгийн зохицуулалт дутуу, зарим шаардлагатай ажиллагаа явуулах боломжгүй байгаа тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохыг хичээлээ.
- УДИРТГАЛ
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6-д “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын шүүхийн Сахилгын хороо байгуулагдан үйл ажиллагаагаа явуулаад даруй нэг жил гарангын хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар бүлгийн дагуу шүүгчид холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дээрх бүлгийн зохицуулалтуудаас хэрэглэхэд бэрхшээлтэй, зохицуулалт дутуу, ойлгомжгүй хэд хэдэн үндэслэл байгаатай холбоотойгоор хуулийг хэрэглэж буй эрх бүхий албан тушаалтны хувьд болон судлаачийн зүгээс уншигч та бүхэнтэй санал бодлоо хуваалцахаар шийдлээ.
Эхний ээлжид шүүгчид холбогдох сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны анхдагч үе шат болох сахилгын хэрэг үүсгэхэд тулгамдаж буй асуудлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн бөгөөд хувь гишүүний үзэл бодол Сахилгын хороог төлөөлөх эрхгүйг тусгайлан дурдмаар байна.
Сахилгын хороо байгуулагдсанаас хойш 2022 оны жилийн эцсийн байдлаар хуучин Шүүхийн ёс зүйн хорооноос шилжин ирсэн 296, шинээр ирсэн 320, нийт 616 өргөдөл мэдээллээс 340 өргөдөл мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 262 өргөдөл мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэжээ.
Харин сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжид гаргасан 170 гомдлоос 29 захирамжийг хүчингүй болгож сахилгын хэрэг үүсгэсэн, хуучин Шүүхийн ёс зүйн хорооноос хүлээн авсан сахилгын хэрэг үүсгэсэн 10 хэрэг, тухайн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн өөр зөрчилд тусгаарлан сахилгын хэрэг үүсгэсэн 7 хэргийг нэмж тооцвол нийт 308 сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулсан байна.
Дээрх хэргүүдээс Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 194 /үүнээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон 34/, Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон 14, Нотлох дүгнэлтийг хүлээн авч сахилгын шийтгэл ногдуулсан 25 /давхардсан тоогоор 40 шүүгч/, түдгэлзүүлсэн 3, нэгтгэсэн 6, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн 1, шийдвэрлээгүй 40 хэрэг гэх тоон мэдээллээс үзвэл нийт сахилгын хэрэг үүссэн хэргийн 50 хувиас илүү нь хэрэгсэхгүй болж байгаа байдал ажиглагдана.
Энэ тоон үзүүлэлт нь шүүгчид сахилгын хэрэг үүсгэх ажиллагаа бодит нөхцөл байдлаас зөрүүтэй, тохиромжгүй, үндэслэлгүй байгаагийн илрэл бөгөөд шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бууруулах шалтгааны нэг юм.
Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчил гаргасан шүүгчид сахилгын хэрэг үүсгэдэг гэх олон нийтийн итгэл үнэмшил нь үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ажиллагаа илүү олон болох тусам эргэлзээ, хардлага болон хувирч шүүхэд болон шүүхийн сахилгын хороонд итгэх итгэл буурах сөрөг үр дагавартай билээ.
Дээрх нөхцөл байдлыг бий болгож байгаа гол шалтгаан нь холбогдох хуулийн зохицуулалт дутуу, урьдчилан шалгах ажиллагааны механизм байхгүйтэй шууд холбоотой учраас шүүгчид сахилгын хэрэг үүсгэх ажиллагааг боловсронгуй болгох шаардлагад хөтлөгдөн энэхүү сэдвийг сонгосон болно.
- ҮНДСЭН ХЭСЭГ
- Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн зохицуулалтын талаар
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана” гэж зааснаас үзвэл тухайн этгээдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан зөрчил нь сахилгын хэрэг үүсгэх хэмжээний үндэслэл бүхий байхыг ойлгохоор, Сахилгын хорооны гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана”: 104.1.1. “энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол” гэж заасныг хэрэглэж сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах захирамж гаргахын тулд хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарах эсэх үндэслэл, зөрчил байж болзошгүй нөхцөл байдлыг тодорхой хэмжээнд тогтоосон байхыг шаардана.
Гэтэл ийнхүү хуулиар тодорхойлсон зөрчилд хамаарах үндэслэлийг тогтоохын тулд ямар ажиллагаа хийх талаар хуулийн зохицуулалт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Сахилгын хороонд хүн, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, мэдээлэлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж тодорхойлсон тохиолдолд тухайн зөрчил гэх шүүгчийн үйлдэл, эс үйлдэл нь сахилгын зөрчилд хамаарах эсэхийг тогтоохын тулд нотлох баримт цуглуулах ажиллагааг заавал сахилгын хэрэг үүсгэсний дараа явуулахаар хуульчилж өгсөн. /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2. “Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа дараах шалгах ажиллагааг явуулна: 105.2.3.сахилгын хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрчийг дуудаж мэдүүлэг авах, шинжээч, орчуулагч, хэлмэрч томилох болон шаардлагатай бусад ажиллагааг явуулах”/
Өнгөрсөн хугацаанд Сахилгын хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл нь ихэвчлэн холбогдох баримтыг хавсаргаагүйн улмаас хуулиар тодорхойлсон зөрчилд хамаарах эсэхийг шууд тогтооход бэрхшээлтэй, зайлшгүй холбогдох баримтыг үзэх шаардлагатай байдаг тул хуульдаа захирагдаж сахилгын хэрэг үүсгэж байгаа бөгөөд өргөдөл, мэдээлэлд дурдагдсан эрхийн актууд /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гэх мэт/ болон шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг зэргийг үзсэнээр зөрчил биш болох нь тогтоогдсон олон хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Жишээ татаж тайлбарлавал, шүүгч шүүх хуралдаан дээр загнаж дарамтлан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасан зөрчил гаргасан гэж тодорхойлон ирүүлсэн өргөдөл мэдээллийг хүлээн аваад тухайн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгийг үзээд дээрх хуульд заасан зөрчилд хамаарах эсэхийг шууд тогтоох боломжтой ч сахилгын хэрэг үүсгээгүй тул нотлох баримт авах эрхгүй. Иймд заавал сахилгын хэрэг үүсгэж, үүний дараа шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгийг нотлох баримтаар авч зөрчил мөн эсэхэд дүгнэлт хийх гэх мэт.
2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 он/ болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 167 дугаар зарлигаар батлагдсан “Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм”-ийн зохицуулалтаар Ёс зүйн хорооны гишүүн гомдол, хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шалгадаг, уг хугацаанд гомдлын хувийг шүүгчид гардуулан тайлбар болон холбогдох нотлох баримтыг авдаг, гишүүний захирамжаар даалгавар өгснийг үндэслэн ажлын албаны ажилтан нотлох баримт, мэдээлэл бүрдүүлдэг, энэхүү шалгалтын дүнг Ёс зүйн хорооны гурван гишүүн гомдлыг хянан хэлэлцэх хуралдаанаар хэлэлцэж, сахилгын хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай тогтоол гаргадаг байсан бол 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т “Илтгэгч гишүүн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай захирамж гаргана” гэж урьдчилан шалгах ажиллагааны хугацааг тогтоосон атлаа ямар ажиллагаа хийхийг орхигдуулсан, 30 хоногт ирүүлсэн өргөдөл мэдээллийг уншихаас өөрөөр нотлох баримт бүрдүүлэх эрхийг илтгэгч гишүүнд олгоогүй, үүний улмаас иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд хэрэг үүсгэж байж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдагтай адилхан ойлгож хэрэгжүүлэх нөхцөл байдлыг бий болгосон. /захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтыг гаргуулан үнэлж шийдвэрлэдэг/
Мэдээж өргөдөл мэдээллийг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн агуулгаар гаргасан тохиолдолд ямар нэг ажиллагаа хийх шаардлагагүй шууд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж болно.
Харин хуульд заасан зөрчлийг нэр заан тодорхойлж нэг хуудас өргөдөл ирсэн л бол зайлшгүй холбогдох баримтыг үзэхээс өөр аргагүй болж байна.
Ийнхүү сахилгын хэрэг үүсгэхээс өмнө нотлох баримт бүрдүүлэх эрхийг Сахилгын хорооны гишүүнд олгохгүй, ирүүлсэн өргөдөл, мэдээлэлд заавал сахилгын хэрэг үүсгэсний дараа холбогдох баримтыг авахаар хуулийг хэрэглэх тохиолдолд шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн, шийдвэрлүүлж буй этгээд өөрт таалагдаагүй шийдвэр гаргасан шүүгчид холбогдуулж өргөдөл, мэдээлэл гарган, улмаар тухайн өргөдөл, мэдээлэлд дурдсан үйл баримтыг шалгахын тулд шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулах үр дагавар бий болох бөгөөд энэ нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэл үүсгэнэ.
Өөрөөр хэлбэл, хэрэг маргаанаа шийдвэрлүүлж буй этгээд шүүгчид нөлөөлөх, сүрдүүлэх, хэрэг маргааныг өөртөө ашигтайгаар шийдвэрлүүлэх хэрэгсэл болгож ашиглахаас гадна нэг шүүгчид олон удаа сахилгын хэрэг үүсгэж байгаа нь тухайн шүүгчээр хэргээ шийдвэрлүүлж буй бусад хүмүүст эргэлзээ бий болгох, тухайн шүүгчид итгэх олон нийтийн итгэлийг бууруулах, түүнчлэн шүүгчийг татгалзах үндэслэл болох, сахилгын хэрэг үүсгэгдсэн шүүгч өөрөө хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах зэрэг ноцтой үр дагавар бий болж болзошгүй юм.
- ГАДААД УЛС ОРНУУДЫН ТУРШЛАГААС.
Олон улсад зөвлөмж болгож байгаа баримт бичгүүдэд шүүгчид холбогдуулан ирсэн өргөдөл мэдээлэлд хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах талаар шийдвэрлэдэг албан ёсны шүүлтүүр байх ёстой гэж үздэг байна.
Тухайлбал, Шүүхийн хараат бус байдлын талаарх НҮБ-ын суурь зарчмуудын 17-д “Шүүгч, түүний мэргэжлийн шаардлага хангах байдлын талаар гаргасан гомдол, мэдээллийг зохих ажиллагааны дагуу түргэн, шуурхай, шударгаар шийдвэрлэнэ. Энэ ажиллагаанд шүүгч шударгаар шүүлгэх эрх эдэлнэ. Шүүгч тусгайлан хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд гомдол, мэдээллийг урьдчилан шалгах ажиллагаа нууц байна”, Шүүхийн хараат бус байдлын талаарх түгээмэл тунхаглал /Монтреалын тунхаглал/-ын 2.32-т “Шүүгчийн эсрэг гаргасан гомдлыг түргэн шуурхай хугацаанд шударга бөгөөд зохих ажиллагааны дагуу шийдвэрлэх бөгөөд гомдолд холбогдох шүүгч нь ажиллагааны эхэн шатанд хариу тайлбар гаргах боломжоор хангагдсан байна. Шүүгч тухайлан хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд гомдлыг шийдвэрлэх урьдчилсан ажиллагаа нь нууц байна”, Европын шүүхийн зөвлөлүүдийн сүлжээ, шүүгчийн сахилга хариуцлагын минимум стандартад “...Гомдол шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгчид мэдэгдэх шаардлагагүй бөгөөд энэ нь хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримт устаж үгүй болох, шүүхийн шийдвэрт сэтгэл ханамжгүй үлдсэн, тийм магадлалтай талын гаргасан үндэслэлгүй гомдолд шүүгч болон сахилгын хороо дарагдахаас сэргийлж шүүгчид мэдэгдэх шаардлагыг тавьдаггүй ба сахилгын хэрэг үүсгэмэгц энэ тухай шүүгчид мэдэгддэг...”, Шүүгчийн ёс зүйн Банглорын зарчмуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тунхаглалын 15.3-т “хуулиар шүүгчийн гаргасан алдаа нь түүнд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэх үндэслэл болж буй эсэхийг тогтоон шалгах чиг үүрэгтэй тусгай байгууллага, албан тушаалтныг байгуулна. Сахилгын хэрэг үүсгэхээр шийдвэрлэсэн тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс өмнө урьдчилан шалгах ажиллагаа зайлшгүй байхыг зөвлөжээ.
Харин шүүгчид холбогдуулан ирсэн гомдол, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэж буй олон улсын туршлагаас үзвэл:
Франц улсад шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэх 2 механизм байна. Эхнийх нь тодорхой эрх бүхий албан тушаалтан, хоёр дахь нь иргэдийн гомдол. Шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар мэдээлэл авсан тохиолдолд Хууль зүйн сайд, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нь тухайн шүүгчийн үйлдэл, эс үйлдэхүйг шалгах үндэслэлтэй гэж үзвэл сахилгын хэргийг өөрийн санаачилгаар үүсгэнэ. Түүнчлэн ёс зүйн зөрчлийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд Шүүхийн дээд зөвлөлд гомдлоо шууд гаргах эрхтэй. Иргэдээс ирүүлсэн гомдлын хувьд Шүүхийн дээд зөвлөл хүлээн авч, сахилгын хэрэг үүсгэн шалгах үндэслэл бий эсэхийг тогтооно.
Польш улсын хувьд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар Хууль зүйн сайд, Давж заалдах болон засаг захиргааны нэгж дундын шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн зөвлөлийн хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар урьдчилан цугларсан баримт, мэдээлэлд тулгуурлан Сахилгын төлөөлөгч /Disciplinary Commissioner/ сахилгын хэрэг үүсгэн шалгадаг.
Тэгвэл Америкийн Хуульчдын холбооноос гаргасан Шүүгчийн сахилгыг сахиулах загвар дүрмийн 17.1-д “Сахилгын төлөөлөгч шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаарх мэдээллийг гомдлоос болон бусад эх сурвалжаас тогтоож, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлсний үндсэн дээр сахилгын хэрэг үүсгэнэ” гэж ерөнхий байдлаар тусгажээ. Канзас мужийн тухайд мөрдөн шалгах бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар болон ирүүлсэн гомдолд тулгуурлан сахилгын хэрэг үүсгэхээс өмнөх урьдчилсан ажиллагаанд нотлох баримт цуглуулах, гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийх бол Баруун Виржиниа мужийн хувьд ирүүлсэн гомдол мэдээлэл эсхүл сахилгын төлөөлөгч өөрийн санаачилгаар олж тогтоосон үйл баримтад тулгуурлан Мөрдөн шалгах хороонд санал хүргүүлэх бөгөөд сахилгын хэрэг үүсгэх асуудлыг Хороо шийдвэрлэдэг. Аль аль мужид төдийгүй Америкийн Хуульчдын холбооноос гаргасан загвар дүрэмд энэ шатанд гомдолд холбогдсон шүүгчид урьдчилан мэдэгдэх шаардлагагүй гэж үздэг.
Дээр дурдсан хэд хэдэн улсын шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, сахилгын хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны талаар холбогдох улсын хууль тогтоомж, олон улсын баримт бичгүүдийн хүрээнд хийгдсэн судлаач П.Баярцэцэгийн “Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процесс:Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” судалгаанаас дэлгэрэнгүй үзэж болно.
Түүнчлэн, Итали улсын хувьд Хууль зүйн яамны хяналт шалгалтын албанд шүүгч болон прокурорт холбогдуулан гомдол гаргадаг, улмаар уг алба нь алсын зайнаас холбогдох баримтыг татан авч шалгаад зөрчил байж болзошгүй тохиолдолд Хууль зүйн сайд болон Ерөнхий прокурорт шилжүүлж хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлүүлдэг, Канад улсын тухайд Шүүхийн зөвлөл нь гомдлыг хүлээн авах ажиллагааг хийж, зөвлөлийн гүйцэтгэх захирал нь гомдлыг урьдчилан нягталж шалгах ажиллагаа явуулан цаашид шалгах шаардлагатай гэж үзвэл Зөвлөлөөс байгуулсан Шүүхийн Сахилгын хорооны тэргүүнд шилжүүлдэг, тэргүүн мөн гомдлыг хянан үзээд нэг бол хэрэгсэхгүй болгодог, эсхүл гомдлыг шалгах ажиллагааг цааш үргэлжлүүлэх шийдвэр гаргадаг тогтолцоотой байдаг талаар дээрх улсуудаас ирсэн шүүгчдийн илтгэлд тодорхой тусгагдсан.
Европын холбооны санхүүжилттэй Техникийн туслалцаа, мэдээлэл солилцооны хөтөлбөр /TAIEX/-ийн хүрээнд Европын холбоо, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Итали улсын шүүгч асан, Итали улсын Писа дахь шүүхийн Ассамблейн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөлийн Кибер шүүхийн ажлын хэсгийн ерөнхийлөгч Хатагтай Мария Жүлиана Сивинини хэлэхдээ “...Монгол Улсад шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн тоо болон шийтгэл хүлээлгэсэн байдлаас харахад үндэслэлгүй хэрэг их үүсгэдэг байдал ажиглагдлаа. Шүүгчид сахилгын хэрэг нээж ажиллагаа хийж байна гэдэг хэрэг маргаан шийдэхэд их нөлөөлдөг. Сахилгын хороо баахан ажиллагаа явуулж хий хуралдах ажил нэмж байгаа санагдаж байна...” гэжээ.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл мэдээллийг хүлээн аваад албан ёсны урьдчилан шалгах ажиллагаа хийх, сахилгын хэрэг үүсгэхээс өмнө хийгдэж буй ажиллагааг холбогдох шүүгчид мэдэгдэх шаардлагагүй талаар олон улсад нийтлэг жишиг тогтсон гэж ойлгогдож байх бөгөөд сахилгын хэрэг үүсгэх ажиллагаа үндэслэл бүхий байх, өөрөөр хэлбэл Сахилгын хороонд ирүүлсэн өргөдөл мэдээлэлд дурдсан зөрчил гарсан эсэхийг тогтоохын тулд үүсгэх биш үнэхээр зөрчил байж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд үүсгэж, зөрчлийг нотлох ажиллагаа хийгдэх учиртай.
Энэ талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад мөн хөндөгдөж, сахилгын хэрэг үүсгэхээс өмнө шүүгчид гомдол мэдээллийг гардуулан тайлбар авч байгаа ажиллагаа нь шүүгчийн ажлын ачааллыг нэмэгдүүлсэн, нөлөөлсөн, дарамт учруулдаг тул олон улсын жишигт нийцүүлэн сахилгын хэрэг үүсгэхээс өмнө шүүгчид мэдэгдэх, гардуулах, тайлбар авах ажиллагаа хийхгүй байж, гагцхүү үүсгэсэн тохиолдолд уг ажиллагааг явуулах нь зөв зүйтэй талаар судлаачид ярилцаж, энэ үзэл санаа нь 30 хоногийн хугацаанд шалгах, энэ талаар шүүгчид мэдэгдэхгүй байх агуулгаар хуульд орсон ч урьдчилан шалгах процесс ажиллагааг тогтоогоогүй орхигдуулсан тул хуулийн үзэл санааг зөв утгаар нь хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж миний хувьд ойлгож байна.
Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд миний бие “Сахилгын хэрэг үүсгэхэд баримтлах хянан шийдвэрлэх ажиллагааны журам”-ыг батлан гаргах үндэслэлийг Сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Сахилгын хорооны зөвлөгөөнөөр хэлэлцүүлсэн ч олонхын санал авч дэмжигдээгүй бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т “Сахилгын хорооны зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”; 96.2.6. “сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай журмыг энэ хуульд нийцүүлэн батлах” гэж заасан гарцыг хэрэглэж сахилгын хэрэг үүсгэхээс өмнөх урьдчилан шалгах ажиллагааг журмаар зохицуулах боломжтой гэж хувь гишүүний зүгээс үздэг билээ.
- ДҮГНЭЛТ
Монгол Улсын Засгийн газраас “Цахим үндэстэн” болох зорилт тавин ажилласнаар иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллага болон нийгмийн бүхий л салбарт цахим технологи өргөнөөр нэвтэрч дижитал шилжилтийн үйл явц идэвхтэй өрнөж байна. Энэ цаг үед шүүх эрх мэдлийн байгууллагууд техник, технологийн хөгжлөөс хоцрохгүй байх нь нэн чухал асуудал бөгөөд Шүүхийн сахилгын хороо энэхүү үйл ажиллагаанд хөл нийлүүлэн алхах нь нэг талаас төсвийн зардал мөнгийг хэмнэж, ачааллаа бууруулан, иргэдэд үйлчилгээгээ ойртуулах, нөгөө талаас шүүгчийн хараат бус байдлыг хангаж сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулах, цаг завыг нь хэмнэх, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шуурхай болгох, үүгээрээ сахилгын хэргийг хянан шийдвэрлэх хугацаа богино болох ач холбогдолтой юм.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулах, эсхүл хуульд заасны дагуу цахим хэлбэрээр өгч болно” гэж зааснаас үзвэл Сахилгын хороо нь цахим хэлбэрээр ирүүлсэн нотлох баримтыг бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн гэж ойлгогдох бөгөөд ирүүлсэн өргөдөл мэдээлэлд үндэслэн тухайн шүүгчийн ажиллаж буй шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системд тусгай эрхээр нэвтэрч өргөдөл, мэдээлэлд дурдагдсан эрхийн актууд /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гэх мэт/ болон шүүх хуралдааны тэмдэглэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа зэргийг үзээд зөрчил байж болзошгүй нөхцөл байдал буюу сахилгын хэрэг үүсгэх шаардлагатай эсэхийг тогтоох боломжтой.
Харин шүүх хуралдааны бичлэгийн хувьд тухайн шүүхийн сервер дээр хаалттай сүлжээнд хадгалагддаг тул тусгай эрхээр хандан авах боломжгүй ч тухайн шүүх рүү хандаж шүүх хуралдааны бичлэгийг цахим хэлбэрээр авах байдлаар мэдээлэл цуглуулж болох бөгөөд шүүхийн бие даасан шүүгчийн хараат бус байдалд халдахгүйгээр мэдээлэл цуглуулах зорилготой цахимаар ямар мэдээллийг хэзээ, хэн харсан гэдгийг бүртгэсэн түүх байх шаардлагатай.
Үүний тулд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Сахилгын хорооны гишүүнд /байгууллагад нэг эрх байж болно/ нэвтрэх эрх олгох шаардлагатай бөгөөд тухайн шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хэрхэн нэвтэрч холбогдох баримт мэдээллийг судлах, шүүх хуралдааны бичлэгийг цахим хэлбэрээр хэрхэн авах, ийнхүү авсан мэдээллийг сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхэд хэрхэн үнэлэх, өргөдөл мэдээлэл гаргагчийг дуудаж тайлбар тодруулга авах зэрэг ажиллагааг Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаараа зохицуулж болно.
Энэхүү журам нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2-т “Илтгэгч гишүүн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай захирамж гаргана” гэж заасныг хэрэгжүүлэхэд чиглэсэн, тухайн хуулийн зохицуулалтын агуулга зорилгод нийцнэ гэдэгт итгэж байгаа бөгөөд ийнхүү сахилгын хэрэг үүсгэхээс өмнөх 30 хоногийн хугацаанд Сахилгын хорооны илтгэгч гишүүний хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхой болгож журамласнаар шүүгчид сахилгын хэрэг үүсгэж байгаа ажиллагаа даруй 50 хувиар буурна гэж харж байна.
Үргэлжлэл бий...