Б.СУГАР: САХИЛГЫН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
2023-01-26 0Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа[1]
Б.Сугар
Шүүхийн сахилгын хорооны гишүүн
Оршил
Шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, эргэх холбоо тогтоох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах, шүүхийн үйлчилгээнд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, шүүхийн шинэчлэлийн хүрээнд, мөн шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр иргэдийн итгэлийг хадгалах, хамгаалах, бэхжүүлэх, шүүгч хараат бусаар хариуцлагатай ажиллах, тэдэнд хариуцлага тооцох арга механизмыг тодорхой болгох зорилгоор төрөөс бүрдүүлж буй зохистой бүтэц, арга механизмууд нэг нь Шүүхийн сахилгын хороо /цаашид ШСХ гэх/ юм.
Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр ШСХ-г байгуулах хууль зүйн үндэслэл бий болж, Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан Үндсэн хуулийн байгууллага болох ШСХ-ны эрх зүйн байдлыг хуульчилсан.
Энэхүү нийтлэлээр ШСХ-ноос явуулах сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээллийг хүргэхийг зорьсон болно.
Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан тухайд
Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр ШСХ-г байгуулах үндэслэл бүрдэж, Монгол Улсын Их Хурал 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-аар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан Үндсэн хуулийн байгууллага болох ШСХ-ны эрх зүйн байдлыг хуульчилж уг байгууллага бий болох хууль зүйн үндэс бий болсон.
Шүүх эрх мэдлийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал, шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөхөөс болон бусдад давуу байдал бий болгохоос урьдчилан сэргийлэх, шүүгчдийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг сайжруулах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог бий болгосон нь Монгол Улсад шударга ёсыг тогтоох баталгааг бэхжүүлсэн гэж үзэх үндэстэй юм.
Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль /цаашид хууль гэх/-ийг баталж, тус хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийт шүүгчдийн анхдугаар чуулганаар 4 шүүгчийг ШСХ-ны шүүгч гишүүнээр[2] сонгож ШСХ-ны гишүүнээр сонгогдсон тооцож тогтоол гаргасан бол Улсын Их Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар шүүгч бус 5 гишүүнийг томилсноор ШСХ-ны бүрэн эрх 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
ШСХ-ны үйл ажиллагаа явуулах хэлбэр, зарчим
Сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд тусгайлан хуульчлан заасны дагуу сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэнэ.
Шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, өргөдөл, мэдээллийг заавал хянан шийдвэрлэх зарчмыг удирдлага болгохыг хуулиар үүрэг болгосон байдаг.
Сахилгын хорооны нийт гишүүдээс бүрдсэн Сахилгын хорооны зөвлөгөөн ажиллах ба зөвлөгөөн гишүүдийн дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болох ба хуульд заасан асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан тусгай журам үйлчилдэг болно.
Сахилгын хэрэг үүсгэх эсэхийг тус хороонд ирсэн өргөдөл, мэдээллийг үндэслэн илтгэгч гишүүн шийдвэрлэх ба өргөдөл, мэдээлэл хүний нөлөөнөөс ангид, санамсаргүй буюу урьдчилан таах боломжгүй байдлаар гишүүдэд хуваарилагддаг. Илтгэгч гишүүний бүрэн эрх, хэрэгжүүлэх чиг үүргийг хуульд нарийн тодорхой зааж өгч хуульчлан зохицуулсан.
Сахилгын хэргийг шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хэд хэдэн үе шатууд буюу процесс ажиллагааг дамжин хэрэгжих хуулийн зохицуулалттай байдаг болно. Үүнд:
А. Шүүгчид холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх үе шат /сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжид гомдол гаргах, захирамжийг хэвээр үлдээх, захирамжийг хүчингүй болгож сахилгын хэрэг үүсгэх/,
Б. Сахилгын хэрэг үүсгэснээс хойш сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, эсхүл сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргах хүртэлх үе,
В. Сахилгын хорооны хуралдаан,
Г. Сахилгын хорооны хянан үзэх хуралдаан,
Д. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан зэрэг болно.
Сахилгын хэрэг үүсгэх эсэх үе шат
Илтгэгч гишүүн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хүртэлх хоногийн хугацаанд сахилгын хэрэг үүсгэх эсэхийг хянаж шийдвэрлэх үүрэгтэй.
Хэрэв өргөдөл, мэдээлэлд үндэслэн сахилгын хэрэг үүсгэх үндэслэлтэй байна гэж үзвэл холбогдох шүүгчид нь холбогдуулан захирамжаар сахилгын хэрэг үүсгэнэ. Харин сахилгын хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзвэл мөн илтгэгч гишүүн захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэнэ.
Сахилгын хэрэг үүсгэсэн тохиолдолд цааш сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, тухайн сахилгын хэргийг шалгах ажиллагааны үе шат эхэлнэ.
Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг эс зөвшөөрвөл өргөдөл, мэдээлэл гаргагч нь гомдол гаргах эрхтэй ба уг эрхийг хуулиар өргөдөл, мэдээлэл гаргагчид олгосон байдаг. Хэрэв сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан илтгэгч гишүүний захирамжид гомдол гаргасан бол тухайн гомдлыг 2 гишүүний бүрэлдэхүүнтэй гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцэж тогтоол гаргана. Захирамж үндэслэлтэй гэж үзвэл захирамжийг хэвээр үлдээх ба захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзвэл гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож сахилгын хэрэг үүсгэх тухай тогтоол гаргадаг.
Гомдол шийдвэрлэх хуралдааны бүрэлдэхүүн нь захирамж гаргасан илтгэгч гишүүн нь ШСХ-ны гишүүн шүүгч, шүүгч бус гишүүн эсэхээс шалтгаалан онцлог зохицуулалт үйлчилдэг. Тухайлбал шүүгч гишүүний захирамжийг эс зөвшөөрсөн гомдлыг хэлэлцэх гомдлын хуралдааны бүрэлдэхүүнд 2 шүүгч бус, шүүгч бус гишүүний захирамжийг хэлэлцэх гомдлын хуралдааны гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүнд 1 шүүгч, 1 шүүгч бус гишүүн ордог хуулийн зохицуулалт үйлчилдэг.
Сахилгын хэрэг шалгах үе шат
Сахилгын хэрэг үүсгэснээр тухайн сахилгын хэрэгт шалгах ажиллаагаа хийгдэх ба энэ үе шатанд сахилгын хэрэг үүсгэснээс сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, эсхүл сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт хүртэлх үеийг ойлгож, сахилгын хэрэг шалгах ажиллагааны үе шатанд хамруулан үзэж болохоор байна.
Илтгэгч гишүүн өөрт хуваарилагдсан өргөдөл, мэдээллийг үндэслэн зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзсэн шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж хуульд заасан журмын дагуу өргөдөл, мэдээллийн үндэслэл, зөрчлийн талаарх холбогдох шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг цуглуулах, шалгах ажиллагааг явуулна. Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т тухайлан зааж тоочсон шалгах ажиллагааг явуулах бүрэн эрхийг эдэлнэ.
ШСХ-ны гишүүн шалгах ажиллагааг явуулахдаа хэнээс ч хараат бусаар явуулах ба сахилгын хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, тухайн сахилгын хэрэгт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар авч шалгах ажиллагааг явуулна. Энэхүү шалгах ажиллагааг явуулаад хангалттай, тал бүрийн бүрэн дүүрэн нотлох баримт цугласан гэж үзвэл тухайн өргөдөл, мэдээлэлд дурдсан зөрчил үндэслэлтэй эсэх, холбогдох шүүгч нь хуульд нэрлэн зааж тодорхойлсон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт өгч сахилгын зөрчил гаргасан гэж үзвэл зөрчил гаргасныг нотлох дүгнэлт гаргана.
Хэрэв холбогдох шүүгч нь өргөдөл, мэдээлэлд дурдсан зөрчлийг гаргаагүй, зөрчил гаргасан болох нь нотлох баримт бүрдүүлж шалгах ажиллагаа явуулаад нотлогдож, тогтоогдохгүй байна гэж үзвэл сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргана. Сахилгын зөрчилд ямар үйлдэл, эс үйлдэхүй, үйл ажиллагаа, үг хэл, үйл хөдлөл хамаарах талаар хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д тодорхойлон зааж өгсөн гэж ойлгож болно.
Тухайлбал хуульд тухайлан заасөн 45 тохиолдлыг буюу хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна гэж хуульд заасан тул шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн, тэр нь баримтаар нотлогдож тогтоогдож байгаа тохиолдолд сая тухайн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хуулийн зохицуулалт үйлчилж байна.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааг явуулах бүрэн эрхийг хуулиар нарийн тодорхой хуульчилж өгсөн тул илтгэгч гишүүн хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу шалгах ажиллагааг явуулж, сахилгын хорооны хуралдаанд бэлтгэх ажиллагаа хийгдсэнээр шалгах ажиллагаа дуусгавар болно. Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж уг санал, дүгнэлтийг сахилгын хорооны хэлэлцүүлэх, хуралдааныг товлон зарлах захирамж илтгэгч гишүүн гаргаж санал дүгнэлтийг хүргүүлж, хурлын товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх үүргийн илтгэгч гишүүн хүлээнэ.
Сахилгын хорооны хуралдаан
Сахилгын хорооны хуралдаанаар сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хэлэлцэх ба сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүнд ШСХ-ны гурван гишүүн орно. Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүний хоёр гишүүн нь шүүгч бус гишүүн, нэг нь шүүгч гишүүн байх бөгөөд илтгэгч гишүүнийг бүрэлдэхүүнд орохыг хуулиар хориглосон байдаг болно.
Сахилгын хорооны хуралдаан хуулийн 111.4-т заасан дарааллын дагуу тогтсон дэгээр явагдах ба хуралдааны дэгийг оролцогчид дагаж мөрдөх, хуралдаан даргалагчид захирагдах үүрэгтэй. Хуралдааныг хуульд заасан журмын дагуу санамсаргүй байдлаар сонгож, мөн журмаар бүрэлдэхүүний аль нэг гишүүн сахилгын хорооны хуралдааныг даргална.
Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн зөвлөлдөж шийдвэрээ гаргах ба зөвлөлдөх үед гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар илээр санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ. Сахилгын хорооны гишүүн санал өгөхөөс татгалзах, түдгэлзэх эрхгүй бөгөөд цагаан толгойн үсгийн дарааллаар саналаа хэлнэ. Зөвлөлдөх тасалгаанд гаргасан гишүүний санал нууц байна.
Сахилгын хорооны хуралдааныг хуульд заасанчлан нээлттэй явуулна. Хэргийн нотлох баримт, эсхүл хэргийн үйл баримт нь төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцад хамаарах бол сахилгын хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл гишүүний санаачилгаар хуралдааныг бүрэн, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулж болно.
Сахилгын хорооны хуралдааны тэмдэглэлийг ажлын албаны ажилтан хөтөлж, хуралдаан даргалагч болон ажилтан ажлын долоон өдрийн дотор тэмдэглэлд гарын үсэг зурж, албажуулна.
Сахилгын хорооны хуралдаанаас магадлал гарах ба хуульд заасны дагуу нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, нотлох дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүлээн авч, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах гэсэн шийдвэрийн аль нэгийг хуралдааны бүрэлдэхүүн зөвлөлдөж магадлал гэсэн эрхийн акт хэлбэртэйгээр гаргана.
Харин бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгчийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, эсхүл нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаахаар шийдвэрлэсэн тохиолдолд тогтоол гаргах бөгөөд тогтоол нь эцсийн шийдвэр байдаг онцлогтой. Сахилгын хорооны хуралдаанаас гаргах тогтоол, магадлал нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэхээр хуульд заасан.
Сахилгын хорооны магадлалыг хэрэв эс зөвшөөрвөл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл ШСХ-нд гаргах эрхтэй. Гомдол, эсэргүүцлийг сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэлэлцэж гомдол, эсэргүүцэл үндэслэлтэй эсэх, магадлал хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянана.
Сахилгын хорооны хянан үзэх хуралдаан
Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцэх ба гомдол, эсэргүүцлийг 2 шүүгч, 1 шүүгч бус гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд бүрэлдэхүүнд илтгэгч гишүүн болон магадлал гаргасан бүрэлдэхүүний гишүүдийг оролцуулдаггүй болно.
Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийн үндэслэлд Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй бөгөөд сахилгын хэргийн оролцогч гомдлоосоо татгалзсан бол гомдол гаргаагүйд тооцдог журамтай. Харин сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад өргөдөл, мэдээлэл гаргагч нь өргөдөл, мэдээллээсээ татгалзсан байсан ч тухайн өргөдөл, мэдээллийг үндэслэн үүсгэсэн сахилгын хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалт үйлчилдэг.
Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хянан хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэхдээ магадлалыг хэвээр үлдээж, өөрчлөлт оруулж, эсхүл магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд, дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд, эсхүл сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд, эсхүл дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаах гэсэн шийдвэрүүдийн аль нэгийг гаргана.
Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаас хяналтын тогтоол гарах бөгөөд хэрэв уг тогтоолд гомдол гаргаагүй бол хүчин төгөлдөр болж эцсийн шийдвэр болно. Харин хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн хуульд заасан үндэслэлээр буюу хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлээ Монгол Улсын Дээд шүүхэд гаргаж болно.
Хэрэв хяналтын тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол хянан үзэх хуралдааны даргалагч гишүүн хүлээн авч, сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүнд танилцуулан тайлбар гаргуулан сахилгын хэрэгт хавсаргана. Хуульд заасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
Гэхдээ хянан үзэх хуралдааны даргалагч нь хяналтын тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг тухайлан хянан үзэж хэрэв хуульд нийцээгүй буюу хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2, 114.3-т заасан шаардлагад нийцээгүй гомдол, эсэргүүцэл бол буцаах тухай захирамж гаргаж, энэхүү захирамжаа хариу мэдэгдэх үүргийг хүлээдэг онцлог зохицуулалт үйлчилдэг.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан
Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар хяналтын тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцээд зөвхөн хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох эрх хэмжээг эдэлдэг.
Тухайлбал сахилгын хорооны хянан үзэх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүйн улмаас хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон, эрхийг нь эдлүүлээгүй гэдгийг сахилгын хэргийн оролцогч, эсхүл илтгэгч гишүүн нотолсон тохиолдолд л хяналтын тогтоолыг хүчингүй болгоно. Өөрөөр хэлбэл ШСХ-ны шийдвэрт дүгнэлт өгөх эрхийг хуулиар хязгаарласан ба хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй, эрхээр хангаагүй бол хүчингүй болгох эрхтэй буюу сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар олгосон эрхийг нь эдлүүлсэн эсэхийг хянах эрх хэмжээг тусгайлан хяналтын шатны шүүхэд олгосон байна.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан гомдол, эсэргүүцлийг танхим харгалзахгүйгээр таван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх журамтай.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцээд хяналтын тогтоолыг хэвээр үлдээх, хяналтын тогтоолыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, эсхүл сахилгын хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаан, мөн хянан үзэх хуралдаанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааны тогтоол гармагц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд эцсийн шийдвэр болдог байна.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.СУГАР
[1] ““Шүүх эрх мэдэл” мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэл” сэтгүүл. Шүүхийн ерөнхий зөвлөл. 2022 оны №3 дугаар. 87-98 дахь тал.
[2] ШСХ-ны шүүгч 4 гишүүн нь Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгогдсон хяналтын шатны шүүхийн нэг, давж заалдах шатны шүүхийн хоёр, анхан шатны шүүхийн нэг шүүгчээс тус тус бүрдэнэ.