ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ГИШҮҮН Б.СУГАР: ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ
2022-04-13 0Шүүгчийн хараат бус байдал[1]
1. Оршил
Түүхэн талаас нь аваад үзвэл 1924 оны БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуульд шүүгчийн хараат бус байдлын талаар ямар нэг зүйл заалт байгаагүй, түүхэн нөхцөл боломж ч бүрдээгүй байжээ. Харин 1940 оны Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд “Шүүгч нь аливаа хэрэг таслахдаа бусдад хамаарагдахгүй, гагцхүү хуульд захирагдана”[2] гэж шүүгчийн хараат бус байдлыг хуульчилжээ. Энэ заалт хэрэгжих нөхцөл, боломж бий болоогүй нэг нам дангаар ноёрхож байсан учир хууль зүйн бичвэр төдий байсан хэдий ч шүүгч хараат бусаар зөвхөн хуульд захирагдан хэрэг маргааныг шийдэх ёстой гэсэн ойлголт тэр үеэс бүрдэж эхэлжээ. 1960 оны Үндсэн хуулийн 71 дүгээр зүйлд “Шүүгч нар хэргийг шүүн таслахдаа хэний ч нөлөөнд үл автан, гагцхүү хуульд захирагдана”[3] гэж заасан боловч шүүгчийн хараат бус байдал хэрэгжих нөхцөл мөн л хараахан бий болоогүй байсан байна.
1960 оны Үндсэн хуулийн үйлчилж асан он жилүүдэд нам, төрийн байгууллагаас шүүхийн ажилд хутгалдан орох, баримт бичиг, тогтоол, шийдвэрээр чиглэл, заавар өгөх ажил үргэлжилсээр байсныг тухайн үеийн төр, засгийн тогтоол, шийдвэрүүдээс үзэж болно.[4]
1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуулиар эрх мэдлийг хуваарилж шүүгчийн хараат бус байдал бодитойгоор хэрэгжих нөхцөл бүрджээ.
2. Шүүгчийн хараат бус байдал
Шүүхийг эрх мэдлийн бусад салаа, мөчиртэй эн тэнцүү хэмжээнд авч үзэх, бүрэн хэмжээнд хараат бус байлгахад төвөгтэй болохыг олон судлаачид тэмдэглэжээ. Иймээс Үндсэн хуулиар шүүгчийн хараат бус халдашгүй байдлыг тунхагладаг. Хууль тогтоогчоос шүүхийн зохион байгуулалт, бүтцийг "дур мэдэн" өөрчлөх, шүүгчийг ажил албан тушаалаас үндэслэлгүй чөлөөлж, огцруулахаас сэргийлж Үндсэн хуулиар дархлаа хамгаалалт болгон тогтоодог нь нийтлэг жишиг болжээ. Хууль зүйн дээд хүчин чадалтай, суурь хуулиар ийнхүү хамгаалалт тогтоох нь шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, улс төрийн шийдвэр гаргуулах, авлига, хээл хахуультай тэмцэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эцсийн зорилготой юм. Канадын улс төр судлаач, Торонтогийн их сургуулийн профессор Петр Х.Руссел шүүгчийн хараат бус байдлын тухай ойлголтыг улс төрийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж шүүгчид бүрэн дүүрэн автономи түвшинд шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэх явдал нь шүүгчид улс төрийн болон бусад илэрхий нөлөөллөөс ангид байх тухай асуудал гэж үзжээ.[5]
НҮБ-аас шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чухал баримт бичиг баталсан нь “Шүүх эрх мэдлийн бие даасан байдлын тухай үндсэн зарчмууд”[6] ажээ. Уг баримт бичигт шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүгчийн албаны /institutional independence/ болон хувийн /individual independence/ хараат бус байдлыг хангах, бэхжүүлэх шаардлагатай гэдгийг тухайлан онцолсон байдаг байна.
3. Албаны болон хувийн хараат бус байдал
Шүүгчийн хараат бус байдлын талаар судалж үзэхэд шүүгчийн хараат бус байдлыг хувийн болон албаны гэсэн хоёр үндсэн хэсэгт судлаачид хувааж үзэхээр санал нэгддэг ажээ.
Шүүгчийн хувийн хараат бус байдал нь шүүгч хараат бусаар шийдвэр гаргах ажиллагаанд голчлон хамааралтай. Шүүгчийн хувийн хараат бус байдал нь шүүгч гагцхүү эрх зүй, хуульд захирагдаж, элдэв нөлөөнөөс ангид, ажил албан тушаал нь тогтвортой, өөрийн болон ойр тойрны хүмүүсийн аюулгүй байдал хангагдсан, цалин хөлс хангалттай үед хангагддаг байна. Албаны хараат бус байдал нь шүүх хууль хэрэглэх замаар хэрэг маргааныг шийдвэрлэж, гаргасан шийдвэрт нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд хүндэтгэлтэй хандаж, хэрэгжүүлдэг, шүүхийн төсвийг хууль тогтоох эрх мэдлийн байгууллага шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхгүй хэмжээгээр тогтоож байгаагаар тайлбарлагдана.[7]
Шүүгчийн албаны хараат бус байдлыг хууль тогтоомжоор хангах боломжтой бол хувийн хараат бус байдлыг хангах нь хууль тогтоомжоос илүүтэй тухайн шүүгчийн мэдлэг, чадвар, хандлагаас ихээхэн хамаардаг ажээ.
Монгол Улсын тухайд Үндсэн хуулийн 6 бүлэг 70 зүйлийн 1 бүлэг[8], 10 зүйл[9] шүүх, шүүгчтэй холбоотой зохицуулалтыг агуулдаг. Шүүгчийн хараат бус байдлыг Үндсэн хуулинд шууд хоёргүй утгаар 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж маш тодорхой хуульчлан заажээ. Мөн зүйлд болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 42 дугаар зүйлд шүүгчийн хараат бус байдлыг, шүүгчийн албаны хараат бус байдлыг хууль зүйн талаас нь маш тодорхой ойлгомжтой байдлаар хуульчлан баталгаажуулжээ.
Шүүгчийн хувийн хараат бус байдал нь шүүгч гагцхүү эрх зүй, хуульд захирагдаж, ямар нэгэн нөлөөнөөс ангид, ажил албан тушаал нь тогтвортой, өөрийн болон ойр тойрны хүмүүсийн аюулгүй байдал хангагдсан, цалин хөлс хангалттай үед хангагдах бол албаны хараат бус байдал нь шүүх хууль хэрэглэх замаар хэрэг маргааныг шийдвэрлэж, гаргасан шийдвэрт нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд хүндэтгэлтэй хандаж, хэрэгжүүлдэг, шүүхийн төсвийг хууль тогтоох байгууллага шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхгүй хэмжээгээр тогтоож байгаагаар тайлбарлагдана.[10]
4. Объектив, субъектив хараат бус байдал
Европын холбооны шүүгчдийн зөвлөлийн шүүгчийн хараат бус байдал, хариуцлагыг үнэлэх аргачлалд шүүгчийн хараат бус байдлыг объектив, субъектив гэж ангилжээ. Объектив хараат бус байдал гэдэгт хараат бус байдлын хууль зүйн үндэс бүрдсэн эсэх, шүүхийн төсөв хангалттай эсэх, шүүхийн бие даасан байдал бүрэн бодитой баталгаажсан эсэх зэрэг ойлголтуудыг авч үзэж, тэдгээрийг шүүгчийг томилох, чөлөөлөх, дэвшүүлэх зэрэг хүний нөөцийн асуудал гэсэн шалгуураар үнэлжээ. Субъектив хараат бус байдал гэдэгт шүүгчийн хараат бус байдлын талаар олон нийт, шүүхээр үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад болон шүүгчид өөрсдөө юу гэж үздэг талаарх ойлголт, төсөөлөл хамаардаг байна.
5. Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага
Шүүгчийн хараат бус байдал нь шүүгчийн хариуцлагын тухай ойлголттой хамт яригдана.[11] Энэ хоёр ойлголт нь нэг зоосны хоёр тал юм гэж үзэх хандлага олон улсад давамгайлдаг байна. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх, энэ эрхийг эдэлснээр хангагдах бусад эрхүүдийг хамгаалах гол баталгаа нь шүүгчийн хараат бус байдал юм.
Шүүгчийн хараат бус байдалд илүүтэй анхаарч, шүүгчид ямар нэг баримтлах стандарт тавихгүйгээр түүнд шүүх эрх мэдэл олгох нь эргээд хүний эрхэд халтай гэж үздэг. Шүүгчийн хараат бус байдлыг хангахгүйгээр шүүгчийн хариуцлагын асуудлыг чухалчлах нь мөн адил хүний эрхэд халтай. Хараат бус байдлыг нь хангаагүй тохиолдолд шүүх төрийн захиргааны аль нэг байгууллагатай ижил болдог ч гэж үзэж сургах. Иймд шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагатай байдлын хооронд зохих тэнцвэрийг хангах ёстой болдог ажээ.
Шүүгч хараат бус байдлаа хэрхэн хангах нь хувь шүүгчээс өөрөөс нь юуны өмнө шууд хамааралтай асуудал юм. Харин хараат бус байдлаа хэр хангаснаас шалтгаалж сая шүүгчийн хариуцлагын асуудал яригдах ёстой гэж олон улсад үзэх болжээ.[12]
Шүүгчийн хараат бус байдал нь 1/ юунаас чөлөөтэй байх, 2/ юунд оролцохоос чөлөөтэй байх гэсэн 2 үндсэн шинжийг мөн агуулдаг ажээ[13]. Шүүгчийн хараат бус байдлын тухай ярихад шүүгч гагцхүү хуульд захирагдах, мөн шүүгчийн ёс зүйн асуудал зайлшгүй хөндөгддөг болохыг цаг ямагт бас анхаарах ёстой ажээ.
Шүүгчийн хараат бус байдал нь шүүгчийн хувьд хангагдах ёстой эрх төдийгүй биелүүлэх, мөрдөх ёстой үүрэг, хариуцлага гэж ойлговол зохилтой болохыг олон улсын түвшинд хэдийнээ хүлээн зөвшөөрчээ. Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрч шүүгчийн хараат бус байдал бол зайлшгүй хангагдах ёстой эрхээр зогсохгүй заавал биелүүлэх үүрэг юм шүү гэж үзэх үзэл хандлага түгээмэл болжээ. Өөрөөр хэлбэл шүүгч хараат бус байх нь хууль зүйн талаасаа зүй ёсны хэрэг төдийгүй хувь шүүгчийн хувьд зайлшгүй нөхцөл байдал байдаг байна.
Шүүгчийн хараат бус байдал гэдэг бол шүүгч хэний ч нөлөөнд автахгүй, юугаар ч дутахгүй, хууль бус юунаас ч үл хамаарч гагцхүү хуульд захирагдан аливаа хэрэг маргааныг өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан бие дааж шийдвэрлэх боломж нөхцөлийг төрөөс бүрдүүлэх нөгөө талаас шүүгч өөрөө тэгж ажиллаж чадах чадамжийг хэлнэ.[14]
6. Хэрхэн ойлгох
Б.Чимид багш шүүгчийн хараат бус байдлыг шүүгчийн албан ажлын буюу мэргэжлийн болоод шүүгчийн хувийн хараат бус байдал салгаж авч үзээд[15] албан үйл ажиллагааны хараат бус байдал гэдэг “шүүгч албаны үйл ажиллагааны хувьд хараат бус байхын тулд тухай хэрэг маргааныг гаднын ямарваа нэгэн нөлөөнд автахгүйгээр шийдвэрлэх”-ийг ойлгоно. Энэ зарчмыг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их хурлын ба Засгийн газрын гишүүн, төр нам олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан. Харин албаны хувийн хараат бус байдал гэдэг нь “шүүгчийн бүрэн эрхийг хугацаа, дэвших, буурах, огцрох үндэслэл журам, аж амьдралын нөхцөл, цалин нийгмийн халамж”[16] зэрэг нарийн төвөгтэй асуудлыг багтаах бөгөөд шүүгчийн хувийн хараат бус байх зарчмыг үндсэн агуулга үзэл санаа, нь тэрээр шүүн таслах үйл ажиллагаа явуулсныхаа улмаас өөрийнхөө байр суурийг алдах ёсгүй гэж үзэж байв. Харин үүнийг профессор Н.Лүндэндорж илүү нарийвчлан шүүгчийн албаны хараат бус байдалд юу юу хамаарахыг тоочих замаар нэрлэжээ.[17]
Шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдлын чухам аль нь тэргүүлэх ач холбогдолтойг шууд тодорхойлон хэлэх боломжгүй хэдий ч аль нэг нь дутагдахад шүүх эрх мэдэл хараат бус орших, шүүгч хараат бус байх баталгаа бүхэлдээ алдагдах эрсдэлтэй.
Гэвч зарим судлаач эрэмбэлэх оролдлого хийсэн нь байдаг аж. Тухайлбал, Израилийн шүүгч, судлаач А.Берек шүүгчийн албаны хараат бус байдал бол шийдвэрлэх нөхцөл мөн гэж үзжээ. Энэ дүгнэлтээ тэрээр цааш нь дэлгэрүүлэн тайлбарлахдаа шүүгчийн хувийн хараат бус байдал бол шүүх эрх мэдлийн зайлшгүй нөхцөл мөн боловч хангалттай нөхцөл бас биш гээд, шүүгчийн хувийн хараат бус байдал бол шүүх эрх мэдлийн институтын хараат бус байдалтай хавсрахгүйгээр дангаараа Үндсэн хууль болон түүний үнэт зүйлийг хамгаалж чадахгүй гэжээ.[18] Посткоммунист улсуудад хийгдсэн судалгаанд албаны гэхээсээ илүү хувийн хараат бус байдал илүүтэй давамгай шийдвэрлэх үр нөлөөтэй гэж 2005 онд тухайлан дурдаж байжээ.
Дүгнэлт
Эцэст нь дүгнэхэд Монгол Улсад эрх зүйт төр, Үндсэн хуульт засаглал бат нот орших эсэх нь хараат бусаар шүүн таслах үйл ажиллагаа явуулах чадвартай шүүгчдээс хамаарах хамаарал их юм. Харин шүүгчид хараат бусаар ажиллаж чадах эсэх нь шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдал бодит амьдрал дээр хэрхэн хангагдаж, хэрэгжиж, хамгаалагдсанаас шууд шалтгаална.
Монгол Улсад, тухайлбал Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид шүүгчийн албаны хараат бус байдал боломжийн хангалттай түвшинд хангагдсан болохыг судлаачид төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч олсон, хүрсэн түвшингээ хадгалах, цаашид улам бүр сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай байгаа болохыг тодорхой судалгаануудад онцгойлон дурдаж байгааг анхаарах нь зүйтэй. Зарим судалгаагаар хүрсэн түвшингээсээ ухарсан, буцсан, улам муудсан, ухарсан алхмууд хийгдсэн тухай ч ил тод ойлгомжтой тодорхой байдлаар баримт түшиглэн дурдсан нь ч байх ажээ.
Шүүгчийн хувийн хараат бус байдал ихэнх тохиолдолд буюу дийлэнхдээ тухайн хувь шүүгчийн өөрийнх нь дотоод итгэл, сэтгэл, мөн чанартай нь буюу мэдлэг, чадвар, боловсрол, хүмүүжил, төлөвшил, сэтгэлгээ, ухамсар, зан төлөв, эр зориг, харилцаа, хандлагаас ихээхэн хамааралтай гэж судлаачид үздэг байна.
Иймд шүүгчийн сонгон шалгаруулалтыг улам бүр боловсронгуй болгох, шүүгчдийг давтан сургах боловсруулах, мэргэшүүлэх, чадавхжуулах, зөв шударга, ёс зүйтэй боловсон хүчнээр шүүхийг, шүүгчдийг сэлбэн бэхжүүлэх шаардлагатай байдаг байна.
Хүндэтгэсэн: Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүн Б.СУГАР
[1] “Шүүх эрх мэдэл: Мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэл” сэтгүүл. ШЕЗ. 2022 он. УБ хот. 2022 он. №1.13-18 дахь тал.
[2] “1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд”. Ханнс-Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи. УБ. 2007 он. 42 дахь тал.
[3] Мөн тэнд. 115 дахь тал.
[4] Л.Бямбаа. “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын тухай Үндсэн хуулийн эрх зүйн асуудал” илтгэл. ““Монгол Улсын Үндсэн хуулийн хяналт: Төлөв байдал, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал /илтгэлийн эмхэтгэл/”. Үндсэн хуулийн цэц, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи. УБ. 2008. 138-147 дахь тал.
[5] С.Билгүүн. “Шүүхийн хараат бус байдал”. ШЕЗ-ийн мэдээлэл, арга зүйн улирал тутмын эмхэтгэл “Шүүх эрх мэдэл” сэтгүүлийн 2014 оны №2 дугаарын 52-55 дахь тал.
[6] “Монгол Улсын шүүхийн шүүгч, ажилтнуудын дагаж мөрдөх ёс зүйн холбогдолтой олон улсын болон үндэсний хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл IV”. Шүүхийн Ерөнхий Зөвлөл. УБ. 2010. 74-82 дахь тал. “Шүүгчийн хараат бус байдлын талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын Үндсэн зарчмууд” гэсэн нэрээр албан бус орчуулга хэвлэгдсэн болно.
[7] “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд шүүхийн захиргааны гүйцэтгэх үүрэг” Проф. Брент Т.Брайт. “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүхийн захиргааны үүрэг, тулгамдсан асуудлууд Олон улсын онол-практикийн бага хурлын илтгэлийн эмхэтгэл”. Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн судалгаа, мэдээллийн төв. УБ. 2014. 15-16 дахь тал.
[8] Дөрөв. “Шүүх эрх мэдэл” гэсэн нэртэй бүлэг.
[9] Үндсэн хуулийн 47-56 дугаар зүйл энд хамаарна.
[10] “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд шүүхийн захиргааны гүйцэтгэх үүрэг” Проф. Брент Т.Брайт. “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүхийн захиргааны үүрэг, тулгамдсан асуудлууд Олон улсын онол-практикийн бага хурлын илтгэлийн эмхэтгэл”. Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн судалгаа, мэдээллийн төв. УБ. 2014. 15-16 дахь тал.
[11] “Н.Лүндэндорж: Шүүхийн шинэтгэлийн хоёрдугаар фронт нь шүүгчийн хариуцлага”. “... Цаашид шүүхийн шинэтгэлийг шүүгчийн хариуцлагаар үргэлжлүүлнэ. Шүүгч хийсэн үйлдэл бүртээ хариуцлагатай байх ёстой ...” http://www.judcouncil.mn/main/4599--.html.
[12] “Шүүгчийн хариуцлагын тогтолцоо” бодлогын судалгаа зэргээс дэлгэрүүлэн үзнэ үү.
[13] “Шүүх эрх мэдэл-Шинэ зуун” олон улсын онол-практикийн бага хурал. УДШ, Ханнс-Зайделийн сан. 2001 он. 89-90 дэх тал. /”Япон дахь шүүхийн хараат бус байдал” Токиогин Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, профессор Шозо Ота/
[14] Ч.Ганбат. “Шинэ зуун ба шүүх” илтгэл. “Шүүх эрх мэдэл – Шинэ зуун” олон улсын онол-практикийн бага хурал. УБ. 2001. 39 дэх тал.
[15] Б.Чимид. “Шүүх эрх мэдлийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухайд” илтгэл. “Шүүх эрх мэдэл – Шинэ зуун” олон улсын онол-практикийн бага хурал. УБ. 2001. 52 дахь тал.
[16] Б.Чимид. “Шүүх эрх мэдлийн талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухайд” илтгэл. “Шүүх эрх мэдэл – Шинэ зуун” олон улсын онол-практикийн бага хурал. УБ. 2001. 128 дахь тал.
[17] 1. Шүүгчдийг бүх насаар нь томилох, 2. Шүүгчийн цалинг бууруулахгүй байх, 3. Шүүхийн үйл ажиллагааны зохион байгуулалтын ажлыг шүүгч нар хянах, 4. Шүүгчийн халдашгүй байдал, 5. Шүүгчдийг огцруулах чөлөөлөх үндэслэл, 6. Шүүгчийг тэтгэвэрт гаргах нөхцөл, 7. Шүүгчийг шилжүүлэх сэлгэн ажиллуулах, 8. 8.Шүүгчийн материаллаг хангамж, нийгмийн хамгаалал гм.
[18] Н.Лүндэндорж. “Үндсэн хууль ба шүүх эрх мэдэл” илтгэл эшлэв. 2016.12.20-ны өдөр болсон "Монгол Улсын Үндсэн хууль-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл.