info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2022-03-19

Дугаар 1

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл ногдуулсан Шүүхийн сахилгын хорооны магадлалын тухай

Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Г.Цагаанцоож, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, сахилгын хэргийн оролцогч шүүгч З.Б, Х.И, Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.

Хуралдаанаар ...  шүүхийн шүүгч З.Б, Х.И, ...  шүүхийн шүүгч Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нараас Сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 04 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, гаргасан гомдлыг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалаар:

            “...Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ...  шүүхийн шүүгч Х.И, ...  шүүхийн шүүгч Д.О нарт “шүүгчийн албан тушаалаас огцруулах” сахилгын шийтгэл, ...  шүүхийн шүүгч З.Б-т “зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” сахилгын шийтгэл тус тус ногдуулж” шийдвэрлэжээ.

            Хэргийн оролцогчоос гаргасан гомдолд:

            Холбогдох шүүгч Х.И гомдолдоо: “... Сахилгын хороо нь уг асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8 дахь хэсэг “Нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.10 дахь хэсэг “Нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй бөгөөд Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болохгүй” гэснийг шийдвэр гаргахдаа харгалзан үзэх байсан болов уу гэж миний бие үзэж байна.

... Мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 Шүүгчийн халдашгүй байдал, Монгол улсын шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 49 дүгээр зүйлийн 49.2 Шүүгчийн халдашгүй байдал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйл. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийж дамжуулах, тараах, 13.10 дугаар зүйл Хувь хүний нууцад халдах, 13.11 дүгээр зүйл Хувь хүний нууцыг задруулах, 13.12 дугаар зүйл Хууль бусаар мөрдөж мөшгөх 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах, 21.13 дугаар зүйл Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэж заасныг тус тус зөрчиж, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн цахим хэрэгсэл болох фэйсбүүк, твитер /facebook, twitter/ зэрэг цахим хуудсаар “хонгилын шүүгч нар, шүүхийнхний завхайрал гэх мэтээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, ЖГ группийн барьсан ... хотхоны ... тоотод 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон найз нөхдийн цугларалтын бичлэгийг тус байрны СӨХ-ны хяналтын камераас хийж аван, хууль бусаар мөрдөн мөшгөж, олон нийтэд хууль бусаар тараасан хууль зөрчсөн явдалд миний бие Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу мэдэгдээгүй анхаарч үзнэ үү. Миний бие уг асуудалд холбогдсондоо маш их харамсаж байгаагаа үүгээр илэрхийлж байна.

Түүнчлэн миний бие шүүхийн байгууллагад 15 жил, шүүгчээр 8 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн ёс зүйн болон сахилга хариуцлагын асуудал гаргаж байгаагүй бөгөөд шүүхээс зохион байгуулж байсан урлаг, спорт, сургалтын арга хэмжээнд манлайлж оролцож ирсэн бөгөөд түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүгч нарын дунд зарласан “Хэргийн хөдөлгөөний удирдлага ба шүүгчийн манлайлал” уралдаанд “Тэргүүн” байрт орж байсан зэргийг шийдвэр гаргахдаа харгалзаж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

Холбогдох шүүгч Д.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар гомдолдоо: “Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдсөн талаар ... Сахилгын хороо албан ёсоор бүртгэж, баталгаажуулаагүй өргөдөл, гомдол /сахилгын хэрэг/-ыг хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсгийг зөрчсөн.

... сахилгын хэргийг Б.Сугар гишүүнд хуваарилах ажиллагаа Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг болон мөн хэсгийн 19.3.1 дэх заалтад нийцээгүй ... Сахилгын хороо зохих журмын дагуу хэргийг хуваарилаагүй илтгэгч гишүүн /Б.Сугар/-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, түүний явуулсан шалгах ажиллагаа, үйлдсэн дүгнэлтийг үндэслэн сахилгын хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 112 дугаар зүйлийн 112.1.5 дахь заалтын “... эсхүл нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаана ... ” гэснийг зөрчсөн ...

... илтгэгч гишүүн “дүгнэлт”-ийнхээ 3.2-т “... Иргэн О.С 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Монголын хуульчдын холбооны Ёс зүйн хороонд анх гомдлоо гаргасныг Монголын хуульчдын холбооны Чиг үүргийн хороо 2021.03.12-ны өдрийн 1/50 тоот албан бичгээр тус гомдлыг Шүүхийн ёс зүйн хороонд шилжүүлснийг 2021.03.12-ны өдөр  хүлээн авчээ. ... Уг гомдол нь ... тус хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлыг дурдаж, шалгуулж хариуцлага тооцохыг хүсжээ гэж ойлгогдохоор байна... ” гэж дүгнэсэн атлаа энэ өргөдөл, мэдээлэлд холбогдуулан сахилгын хэрэг үүсгээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсгийн “... Илтгэгч гишүүн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай захирамж гаргана ...” гэснийг зөрчсөн ...

... Илтгэгч гишүүн тухайн өргөдөл, мэдээлэлтэй холбоотой асуудлаар сахилгын хэрэг үүсгээгүй атлаа иргэн О.С-гийн гомдлыг холбогдогч шүүгч нарт гардуулж, тайлбар авах ажиллагаа явуулсан нь Монгол улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн хууль/-ийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсгийн “... Илтгэгч гишүүн сахилгын хэргийг үүсгэсний дараа дараах шалгах ажиллагааг явуулна: 105.2.1 сахилгын хэрэг үүсгэсэн захирамж, тогтоол гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор уг захирамж, тогтоолыг өргөдөл, мэдээллийн хуулбарын хамт холбогдох шүүгчид гардуулж, эсхүл энэ хуулийн 112.6, 112.7-д заасан журмаар хүргүүлж, энэ тухай баримтжуулах ...” гэсэнд нийцээгүй ...

... Хэргийг шийдвэрлэсэн бүрэлдэхүүн “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсан ...”, “... шинэ хуулийн дагуу сахилгын хэрэг үүсгэх ёстой байсан ... гэх агуулгаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй ...” хэмээн хэрэгт цугларсан нотлох баримтад нийцээгүй, тодорхой хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн илтгэгч гишүүний зөрчлийг арилгах ажиллагаа хийлгээгүй нь хуульд нийцээгүй ...

... Сахилгын хороо “... дээрх дүрс бичлэгийг хуульд заасан үндэслэл зөрчиж үйлдэгдсэн гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтан санал, дүгнэлт, шийдвэр гаргаагүй ... талуудын маргаж байгаа зүйл нь бичлэг бус харин тухайн бичлэг дээрх гарч буй ... тэрхүү үйлдэл, үйл баримт нь шүүгчийн ёс зүйн зөрчил эсэх талаар маргалдаж байна гэж ойлгогдохоор байгаа ... бичлэг хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тавигдаж, мэдээлэгдэн цацагдсан өдрөөс хойш энэ үйл явдал нийтэд илэрхий тодорхой болсон ...” гэх зэргээр хэт явцуу байдлаар тайлбарлан энэ үйл баримтыг шалгахаас зайлсхийж байгаа нь оролцогч шүүгч нарын нотлох баримт шалгуулах эрхийг зөрчсөн, илтэд хууль бус үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байгаа ...

... Сахилгын хороо шүүгч Д.О-ыг сахилгын хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаагүй ... Сахилгын хэрэг шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдөхөд хүргэсэн бас нэг нөхцөл нь хуралдааны товыг ... хуульд заасан хугацаанд мэдэгдээгүйтэй холбоотой ...

            ... Шүүхийн ёс зүйн хороогоор хэрэг хянан шийдвэрлэгдэж эхэлсэн үеэс хойш Д.О миний биед сахилгын хэргийн материалыг нэг ч удаа танилцуулаагүй ... Энэ талаар хуралдаанд тодорхой тайлбарласан боловч миний хүсэлтийг хангахаас татгалзаж хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасан хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх, хуулбарлан авах эрхийг зөрчсөн ...

Сахилгын хорооны магадлалын хууль зүйн үндэслэлийн талаар ... Дээрх үйл баримт болон нотлох баримт нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1.18-ын “... шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох” гэж, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “... Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”,  2.3 дугаар зүйлийн 1-д “... Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэргийн бодитой байдалтай нийцээгүй ...

... Гэтэл Сахилгын хорооны шийдвэрийн үндэслэл болсон ганцхан баримт болох бичлэг дээр Д.О нь лифт хүлээн зогсохдоо нэгэн эмэгтэйтэй харилцаж байгаа нэг минут гаруйхны бичлэгт гарч буй үйл баримтууд нь дээрх дүгнэлтийн агуулгад нийцэхгүй байгаа ба илтгэгч гишүүн болон бүрэлдэхүүн бичлэгийн Д.О-т холбогдох хэсэг нь тэдний дүгнэлттэй хэрхэн холбогдож байгааг үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй ...

... Харин Д.О-ыг буруутгасан бичлэг дээрх үйлдэл нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон дээрх хуулийн болон дүрмийн зохицуулалтад болон олон нийтийн итгэлийг алдагдуулсан “... өмгөөлөгч Б.Б-той хамтран аль нэг хэргийг завхруулах, хор найруулсан ...” гэх үйл баримтад огт хамааралгүй юм.

Сахилгын хороо Д.О-т холбогдох сахилгын хэргийг шийдвэрлэхэд түүнийг буруутгаж буй үйл явдал тэрээр шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй байх үед болсон, Шүүгчийн дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт заасан шүүгчийн “хувийн амьдралдаа баримтлах” ёс зүйн шаардлагад хамаарахгүй байгааг анхаарч үзээгүй нь үндэслэлгүй болсон ...

... Сахилгын хорооноос Д.О-ыг буруутгаж байгаа үйл явдал 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр болсон ба Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтаар түүнд сахилгын шийтгэл ногдуулж болох хугацаа 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болсон.

... Сахилгын хороо “Хууль хэрэглээний тухайд” ёс зүйн зөрчлийг тодорхойлох, хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлийг тогтоох материаллаг хэм хэмжээг тодорхойлоход 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гарсан хууль тогтоомжийг, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх буюу процессын ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөх талаар зөв дүгнэлт хийсэн боловч түүнтэйгээ зөрчилдсөн дараах дүгнэлтийг хийж тухайн маргаанд хэрэглэгдэхгүй хууль тогтоомжийг хэрэглэсэн нь хууль бус болсон.

... Сахилгын хороо материаллаг хэм хэмжээг зохицуулсан хуулийн Арван хоёрдугаар бүлгийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийн “хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох” зохицуулалтыг хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “... Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ ...” гэсэн зохицуулалтаар Сахилгын хэргийг Шүүхийн ёс зүйн хорооноос, Сахилгын хороонд шилжүүлсэн үеэс эхлэн Шүүхийн ёс зүйн хороо татан буугдаж, тус хорооны үйл ажиллагаа явуулахтай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулж байсан хууль тогтоомж хэрэгжих боломж, тэдгээр хэрэглэх эрх зүйн үндэслэлгүй болсон. Гэтэл Сахилгын хороо хуулиар татан буугдаж үйл ажиллагаа явуулахаа больсон этгээд /Шүүхийн ёс зүйн хороо/-ийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулж байсан Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.17-д заасан “сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” зохицуулалтыг үндэслэн Д.О-т сахилгын шийтгэл ногдуулж, хэрэглэх ёсгүй хууль тогтоомжийг хэрэглэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй.

... Сахилгын хороо Д.О-т холбогдох шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарах хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, түүнийг нотолсон гэх баримт /бичлэг/-ын эх сурвалж, тухайн баримтаас үүдэн гарсан үр дагаврыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Сахилгын хорооны магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

... Дээр дурдсан үндэслэлүүдийг хүлээн авч Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцааж өгөхийг хүсье” гэжээ.

 Холбогдох шүүгч З.Б гомдолдоо: ... Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн магадлалд шүүгч З.Б миний биеийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1.18-д “Шүүгч нь... бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”-ыг хориглоно, Монгол Улсын  Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь ... үнэнч шударга байх, ... хараат бус байх, ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн 1-т “Шүүгч нь зохисгүй байдал  гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэснийг зөрчсөн байна гэж дүгнэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгч З.Б-т зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний бие З.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ... хотхоны ... тоотод очиж найз Б.Б, хамт ажилладаг шүүгч Х.И, хамт ажиллаж байсан Д.О нартай уулзаж өдрийн хоол идээд явсан бөгөөд ийнхүү Б.Б, Х.И, Д.О нартай уулзсан уулзалтыг ёс зүйн зөрчил гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээс гадна Сахилгын хорооны хуралдаанд шинжлэн судалсан буюу цахим орчинд тавигдсан бичлэгт миний бие ямар нэгэн ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх зүйл огт байхгүй байхад Сахилгын хорооны хуралдаанаар надад зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй байна. Хэрвээ шүүгч З.Б миний биеийг тухайн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хотхоны ... тоотод очиж найз Б.Б, хамт ажилладаг шүүгч Х.И, хамт ажиллаж байсан Д.О нартай уулзаад явсныг ёс зүйн зөрчил гэж үзвэл “зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” биш арай өөр хөнгөн шийтгэл оногдуулж өгнө хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1/ Шүүхийн ёс зүйн хороо /хуучин/-ны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор шүүгч Д.О, Х.И, З.Б нарт сахилгын хэрэг үүсгэж, тус хорооны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалаар шүүгч Х.И, Д.О нарыг шүүгчийн албан тушаалаас огцруулах, шүүгч З.Б-т зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах шийтгэл ногдуулахаар шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 485 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

 2/ Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “... Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж зохицуулсан. Үүний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсанаар, өмнө үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сахилгын хорооны зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу сугалаагаар гишүүдэд хуваарилагдан, илтгэгч гишүүн Б.Сугарт[1] тус сахилгын хэргийг шилжүүлсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 103 дугаар зүйлийн 103.4-д “Өргөдөл, мэдээллийг хүлээн авсан даруй энэ хуулийн 96.2.5-д заасан журмаар Сахилгын хорооны гишүүн /цаашид "илтгэгч гишүүн" гэх/-нд хуваарилна” гэж заасанд нийцсэн байна.

3/ Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт сахилгын хэргийг үүсгэсэн, эсхүл сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцаасан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх хугацааг ялгамжтай зохицуулсан. Шүүхийн ёс зүйн хороо /хуучин/-ны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор үүсгэсэн тус сахилгын хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 485 дугаар магадлалаар буцаан шийдвэрлэснийг, үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах болсон Шүүхийн сахилгын хороо 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг илтгэгч гишүүнд хуваарилагдсанаар, тус өдрөөс сахилгын хэргийг дахин шалгуулахаар буцаасан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, илтгэгч гишүүнд нэр бүхий шүүгч нарт өмнө нь үүсгэсэн сахилгын хэргийг дахин шалгуулахаар шилжүүлсэн тул энэхүү хэрэгт сахилгын хэрэг үүсгэх эсэх талаар илтгэгч гишүүн захирамж гаргах хуулийн зохицуулалт хамаарахгүй буюу энэ талаарх шүүгч Д.О-ын гомдлын холбогдох хэсэг үндэслэлгүй байна.

 4/ Илтгэгч гишүүн нь сахилгын хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шалгах ажиллагааг явуулж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” гаргасныг, Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр магадлалаар “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  магадлалд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсан, хэргийн оролцогчдын тайлбар болон нотлох баримтуудыг сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан шаардлагыг хангасан” гэж дүгнэн нотлох дүгнэлтийг хүлээн авч, холбогдох шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Тодруулбал,

а/ Сахилгын хэргийг буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “... “ДМНН” НҮТББ-н өргөдөл хэрэгт авагдаагүй, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийг нягтлаагүй ... иргэн О.С-гийн гомдлыг шүүгч нарт гардуулаагүй, хариу тайлбар аваагүй ... “ННБЗХ” НҮТББ гаргасан гомдлын шаардлагаас шүүгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэх хэсгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй ... гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүгч нар цугласан эсэх, түүнтэй холбоотой хууль зөрчсөн эсэхийг дүгнээгүй, ...биеэ үнэлэгч авсан, янхандсан гэх гомдлыг шийдвэрлээгүй ... магадлалын үндэслэл болгож буй нотлох баримтаа хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж, үнэлэх эсэхээ шийдвэрлэх ...бичлэгт гарч буй шүүгч нарын үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрмийн аль заалтыг зөрчиж байгаа болохыг тодорхой заах ... дүрс бичлэгээс бусад нотлох баримт гэж үзэхүйц зүйл үгүй байхад дүрс бичлэгийг нотлох баримтын бүрэлдэхүүн хэсэг гэсэн нь ойлгомжгүй ... зэрэг нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, тодорхой, нэг бүрчилсэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийгдсэн” гэсэн үндэслэл дурдсан. Илтгэгч гишүүн эдгээр нөхцөл байдлуудыг тодруулан шалгаж, өргөдөлд дурдсан үйл баримт бүрээр үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Үүнд:

- Өргөдөл гаргагч “ННБЗХ” ТББ-ын өргөдлийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, иргэн О.С-гийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан өргөдлийг Монголын Хуульчдын холбооны Чиг үүргийн хорооноос 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн, харин “ДМНН”, “Н”ТББ-аас гаргасан шаардлага хүсэлт бүхий агуулгатай хэвлэмэл хуудасгүй, тамга тэмдэггүй, гарын үсэггүй 1 хуудас баримт байна. Дээрх өргөдлүүдэд холбогдох шүүгч нар болон үйл баримтууд нь нэг ижил буюу “олон нийтийн сүлжээгээр цацагдсан нэр бүхий шүүгч албан тушаалтнууд Pаrk View хотхоны 752 дугаар байрны 270 тоотод цуглан, олон биеэ үнэлэгчдийг дуудаж архидан согтуурч хууль зөрчсөн” гэх агуулга илэрхийлжээ. Өргөдөл гаргагч тус бүрийн өргөдөл хэрэгт авагдсан эсэх, мөн төлөөлөх эрх бүхий этгээдээс гаргасан эсэхийг шалган, “ННБЗХ” ТББ, иргэн О.С-гийн өргөдлөөр холбогдох шүүгч нарт 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үүсгэсэн сахилгын хэрэгт дахин шалгах ажиллагаа явуулж,  сахилгын шийтгэл ногдуулж, харин “ДМНН” НҮТББ-ыг өргөдөл гаргагч гэж үзээгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

- Шүүхийн ёс зүйн хороо /хуучин/-нд “ННБЗХ” ТББ-аас гаргасан өргөдлийг 2021 оны 03 дугаар сарын 3, 4-ний өдөр холбогдох шүүгч нарт гардуулан, шүүгч тайлбараа өгсөн, иргэн О.С-гийн өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны ажлын албанаас 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр холбогдох шүүгч нарт гардуулснаар шүүгч нар тайлбар ирүүлжээ.

- Өргөдөлд дурдсан “шүүгч нар гэмт хэрэг үйлдсэн, биеэ үнэлэгч авсан, янхандсан” гэх гомдол Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх чиг үүрэгт хамаарахгүй тул эрх бүхий байгууллагад хандах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д зааснаар Шүүхийн сахилгын хороо нь өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримт нь шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх зөрчилд хамаарах эсэх хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тус хорооны хянан шалгах чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарахгүй юм.

- Магадлалд холбогдох шүүгч нарыг зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал, холбогдох шүүгч нарын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үйл баримттай нь холбогдуулж зөрчил гаргасан талаар өргөдөл ирүүлсэн байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ ...” гэж зааснаар шүүгч нар нь зөрчил гаргасан эсэхийг дүгнэхдээ 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дэх хэсэгт “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” байхыг ойлгоно.

Шүүгч Д.О-, Х.И-, З.Б нарт холбогдуулан өргөдөлд дурдсан үйл баримтууд болох “Pаrk View хотхоны 752 дугаар байрны 270 тоотод 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагаас эхлэн шүүгч З.Б, Х.И, Д.О, АТГ-ын ажилтан П.Ч, өмгөөлөгч Б.Б нар уулзан, хамт архидан согтуурсан, улмаар 01 дүгээр сарын 21-ний шилжих шөнийн 03 цагт тус байрнаас өмгөөлөгч Д.Б болон нэг эмэгтэйтэй хамт цахилгаан шатанд шүүгч Д.О, Х.И нар байсан болох нь олон нийтэд илэрхий болсон. Иймд  Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 106 дугаар зүйлийн 106.9-д “... нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хэрэгт авагдсан дүрс бичлэг дэх үйл баримтуудыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд магадлалын “дүрс бичлэг дэх үйл баримтыг үндэслэл болгон үнэлсэн нь хууль зөрчөөгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй. Мөн холбогдох шүүгч нар зөрчил гаргасан эсэх талаар тайлбартаа уг дүрс бичлэг дэх үйл баримт бодитоор болсныг хүлээн зөвшөөрсөн, үгүйсгэж маргаагүй байх тул өргөдөлд дурдсан үйл баримт нотлогдож тогтоогдсон гэж үзнэ. Иймд шүүгч Х.И, З.Б, Д.О- нарын “нотлох баримтыг хууль бус аргаар олж авсан, гаргасан, цуглуулсан бол нотлох баримтад тооцохгүй, үүнийг харгалзан үзээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үйл баримт болсон 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Лхагва гариг байсан, мөн Ковид 19 цар тахалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үетэй цаг хугацааны хувьд давхацсан болох нь нийтэд илэрхий үйл баримт /Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 238 дугаар тогтоол/ байна.

Түүнчлэн, холбогдогч шүүгч нарын тайлбарт “бичлэг хийсэн нь Эрүүгийн хууль зөрчсөн, шүүгчийн халдашгүй байдал, хувь хүний нууцын тухай зэрэг холбогдох хуулийг зөрчсөн” талаар дурдсан байх ба Шүүхийн сахилгын хороонд эдгээрийг хянан шалгах чиг үүрэг хуулиар олгогдоогүй, энэ талаар магадлалд үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Эдгээрээс үзвэл холбогдох шүүгч нар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу хөл хорионы хязгаарлалтын үед, ажлын өдөр, ажлын цагаар олноороо цуглан, өмгөөлөгч болон АТГ-ын ажилтантай уулзаж, архидан согтуурсан нь шүүгч нийтээр дагаж мөрдөх хууль, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хамаарах “өмгөөлөгч”, “АТГ”-ын ажилтантай “найз нөхөд” нэрийн дор уулзсан, мөн “шүүгч болон бусад этгээд нь цахилгаан шатанд биеэ зохисгүй байдлаар авч явсан нь олон нийтэд цацагдсан” зэрэг нь “шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, шүүхийг жигшин зэвүүцэх ард түмний дургүйцлийг бий болгосон, шүүхийн өндөр нэр хүндэд ноцтой хохирол учруулсан төдийгүй шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл гэж ойлгогдохоор байна” гэх дүгнэх үндэслэлтэй.

Энэ талаар магадлалд “Шүүгч нь хувийн амьдралдаа болон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг байнга хүндэтгэн дээдэлж, өөрөө үлгэр жишээ байх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүгч нь олон нийтийн байнгын хяналтад байдаг тул жирийн хүний хувьд бэрхшээлтэй байж болох хувийн эрхийг хязгаарласан хэм хэмжээг өөртөө тогтоох ёстой бөгөөд түүнийгээ ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр, сайн дураар хэрэгжүүлж, шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явбал зохино. Учир нь шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх бөгөөд нэг шүүгчийн хувийн зан үйл шүүхийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөлдөг болохыг Банглорын зарчмуудаар тодорхойлж өгсөн байдаг” гэж үндэслэлээ тодорхой дурджээ. Иймд шүүгч Д.Б-, Х.И-, З.Б нар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.18-д заасан “шүүгч нь ... бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд ... сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох;” Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “... Шүүгч нь ... мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”,  2.3 дугаар зүйлийн 1-д “... Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх ба энэ талаар магадлалд хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна.

б/ Холбогдох шүүгч нарын ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зохицуулснаар тус хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх тул “Шүүхийн ёс зүйн хорооны дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.17 дахь хэсэгт “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасны дагуу тоолно. Иймд  2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан зөрчилд, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сахилгын хэрэг үүсгэн, улмаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байх тул холбогдох шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, магадлалаар шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.

в/ Тус сахилгын хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх үеэс эхлэн Д.Б нь шүүгч Д.О-ын өмгөөлөгчөөр оролцжээ. Шүүгч Д.О-аас Д.Б-д 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр итгэмжлэл олгосноор, Д.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгааг дурдах нь зүйтэй.

     Хэрэгт авагдсан баримтаар, илтгэгч гишүүн нь шүүгч Д.О, Х.И, З.Б нарт өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардуулсан, нотлох дүгнэлтийг 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүргүүлсэн, нотлох дүгнэлтийг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хурлын товыг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдэгдсэн, хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан байна. Шүүгч Д.О-аас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан, Сахилгын хорооны ажлын алба тухайн өдөр “АМ” эмнэлэгт очсон, ... Д.О нь таяггүй хэвийн явж байна. ... хүндэтгэн үзэх шалтгаангүй тул ... хүсэлтийг хангахаас татгалзаж ...”[2] шийдвэрлэжээ. Мөн шүүгч Д.О нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанд дахин хурал хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүй, холбогдох шүүгч нь хуралдаанд цахимаар оролцсон байна. Үүнээс үзвэл Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 102 дугаар зүйлд заасан “хэргийн оролцогчийг сахилгын хэрэг, нотлох баримттай танилцах, хуралдааныг хойшлуулах хүсэлт нэг удаа гаргах, хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох” эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан байх тул Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

г/ Шүүгч Д.О нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр зарлигаар шүүгчээр томилогдсон байх тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, энэ талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл холбогдох шүүгч нар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 27 дугаар зүйлийн 27.1.18 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, зөрчлийн шинж байдал, оролцоо, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагаврыг харгалзан холбогдох шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үйл баримт тус бүрээр шалгах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн оролцогчийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангасан, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд шүүгч Д.О, Х.И, З.Б нараас гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  ...  шүүхийн шүүгч Х.И, З.Б нар, ...  шүүхийн шүүгч Д.О-ын гомдлыг хангахгүй орхиж, Сахилгын хорооны хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаар “”Шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид  хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                                                            Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮД                                                                  Г.ЦАГААНЦООЖ

С.ЭНХТӨР

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.


[1] Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт заасан “сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг энэ хуулийн 19.3, 19.4-д заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн баталж, нээлттэй байлгах” зохицуулалтын дагуу Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, санал хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Сахилгын хороонд ирсэн өргөдөл мэдээлэл, сахилгын хэрэг, гомдол, эсэргүүцэл, санал, хүсэлтийг хугацааны дарааллаар эрэмбэлж, Сахилгын хорооны зөвлөгөөнөөр тогтоосон сугалааны дарааллаар хуваарилна”, 5.3 дахь хэсэгт “Журмын 5.1 дэх хэсэгт зааснаар хуваарилахдаа эхний тойрогт 9, дараагийн тойрогт 8 байхаар тооцох ба тойрог тус бүрт сугалаагаар дарааллыг тогтооно” гэж зааснаар тус сахилгын хэрэг илтгэгч гишүүнд хуваарилагдсан, энэ талаар мэдээллийг Шүүхийн сахилгын хорооны албан ёсны вэб хуудсанд /https://judiscom.mn/site/single/88 хэсгээс үзнэ үү/ нээлттэй байршуулжээ.

[2] Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэлийн 3 дахь тал