МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-29
Дугаар 139
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, сахилгын шийтгэл ногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, гомдол гаргагч Г.Ганболд, холбогдох шүүгч Б.Мөнхбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:
“... 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Г.Ганболд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд гомдлын агуулга хууль хүчин төгөлдөр болохоос өмнө болон хүчин төгөлдөр болсон аль ч үед хамаарч байна. Иймд тус бүрд нь дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзлээ.
а/. Анхан шатны шүүх хэргийг 2 дахь удаа 2021.03.25-ний өдөр шийдвэрлэсэн байх тул энэ хугацаанд гарсан гомдлыг тухайн үед зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан.
Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...шүүгч Б.Мөнхбаяр хүсэлтийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, шийдвэрлээгүй, гэрч болон иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй, томилогдоогүй шүүх бүрэлдэхүүнийг оролцуулсан, нотлох баримтыг үнэлээгүй, хууль зөрчсөн, хэргийг олон дахин хүлээн авсан...” гэх агуулга дурджээ.
Г.Ганболдын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Б.Мөнхбаяр хүлээн авч, 2 удаа шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргасан боловч уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх мөн 2 удаа хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэсэн, магадлал хүчин төгөлдөр байна. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй болно.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тул нотлох баримтын үнэлгээ, хууль буруу хэрэглэсэн эсэхэд сахилгын хороо үнэлэх дүгнэлт өгөх боломжгүй.
б/. Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тухайн жилд тодруулбал, 2019, 2020, 2021 онуудад хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг баталсан байна. Г.Ганболд нарын нэхэмжлэл энэхүү журмын дагуу шүүгч Б.Мөнхбаярт хуваарилагдсан байна. Уг журамд давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд хэргийг шийдвэр гаргасан шүүгч, шүүх хуралдаан даргалагчид системээс гараар хуваарилахаар зохицуулсан, үүний дагуу давж заалдах шатны шүүхээс буцаасан хэрэг 2 удаа шүүгч Б.Мөнхбаярт хуваарилагдсан, энэ нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
в/. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03641 дүгээр захирамжаар Г.Ганболдын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Б.Мөнхбаяр, бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхжаргал, Ж.Эрдэнэчимэг нарыг томилсон шийдвэрийг албажуулсан боловч мөн өдрийн 03643 дугаар захирамжаар бүрэлдэхүүнд оролцох шүүгчээр Д.Мөнгөнтуул, Ж.Сэмжид нар томилогдсоныг албажуулсан байна.
Холбогдох шүүгч энэ талаар “...Б.Мөнхжаргал, Ж.Эрдэнэчимэг нар оролцох боломжгүй болсон тул өөр бүрэлдэхүүн томилогдсоныг Ерөнхий шүүгч албажуулсан захирамж хэрэгт авагдсан...” гэсэн тайлбар гаргасан ба энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болоогүй, магадлалд энэ талаар дурдаагүй байна.
Иймд өргөдөлд дурдсан дээрх асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой тул ёс зүйн зөрчилд хамаарахгүй.
2/ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах ба хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 1199 дүгээр магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, шүүгч Б.Мөнхбаяр хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан байна. Өөрөөр хэлбэл, уг хэргийн хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан, шүүгч хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар ажиллагаа явуулсан нь тодорхой бус, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна.
Шүүгч Б.Мөнхбаяр ямар нэг ажиллагаа явуулалгүй хуульд заасан хэргийн хугацааг 3 сараар хэтрүүлсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж, нотлох дүгнэлтийг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хэлэлцээд бүрэлдэхүүн үндэслэлтэй байна гэж үзэж хүлээн авч, шүүгч Б.Мөнхбаярт цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Гомдолд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө болон хүчин төгөлдөр болсон үед аль алинд нь хамаарч байх бөгөөд тус хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнөх буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх харилцаанд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрэм үйлчлэх ба Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хугацаа буюу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойших харилцаанд шинээр батлагдан мөрдөгдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хууль үйлчлэх хууль эрх зүйн зохицуулалттай байна.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан тул давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа байх тул ёс зүйн зөрчилд хамаарахгүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тул нотлох баримтын үнэлгээ, хууль буруу хэрэглэсэн эсэхэд сахилгын хороо үнэлэх дүгнэлт өгөх боломжгүй гэж илтгэгч гишүүний үзсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахаар заасан ба мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасны дотор 50.1.23-д хуулийн илт тодорхой заалтыг шүүгч ноцтой зөрчсөн бол сахилгын зөрчил гаргасанд тооцож, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасан сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэхээр, мөн 71 дүгээр зүйлийн 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хугацааг тодорхой хуульчлан зохицуулсан байна.
Харин сахилгын хэрэгт авагдсан баримтаар давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1199 дүгээр магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, шүүгч Б.Мөнхбаяр хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Өөрөөр хэлбэл, уг хэргийн хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан, шүүгч хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ямар ажиллагаа явуулсан нь тодорхой бус, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна.
Холбогдох шүүгч Б.Мөнхбаяр сахилгын хорооны хуралдааны явцад өгсөн тайлбартаа тухайн хэрэгт 2022.02.14-ний өдрийг хүртэл хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан болохоо дурдсан байх ба 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 сар 16 хоног хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байх тул илтгэгч гишүүний дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг удирдлага болгон баримтлан шүүгч Б.Мөнхбаярт цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд оролцогч шүүгч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН