МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-20
Дугаар 4
Улаанбаатар хот
Шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа, сахилгын хэргийн оролцогч З.Б, Х.И, Д.О-ын өмгөөлөгч Д.Б нарыг биечлэн, Д.О-ыг цахимаар оролцуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасан нотлох дүгнэлт”-ийг илтгэгч гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Б.Сугар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн сахилгын зөрчил гаргасан нотлох дүгнэлтдээ: “......шүүхийн шүүгч З.Б, Х.И, ...шүүхийн шүүгч Д.О нарт холбогдуулан гаргасан гомдлын тухайд:
1. “ННБЗХ” ТББ-ын Шүүхийн ёс зүйн хороонд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдолдоо 4 шаардлага бүхий гомдол[1] гаргаснаас нэгдэх шаардлага нь шүүгчдийн хууль бус үйлдлийг нэн яаралтай шалгаж тогтоохыг хүсжээ.
Нэгдэх шаардлагын тухайд Шүүхийн ёс зүйн хорооноос хууль зөрчсөн зөрчлийг шалгуулах, тогтоолгох хүсэлт гаргасан байна гэж үзсэн болно. Учир нь Шүүхийн ёс зүйн хороо, одоогийн Шүүхийн сахилгын хорооны хуулиар олгогдсон бүрэн эрх нь гомдол, өргөдөл, мэдээллийн дагуу зөрчил гаргасан эсэхийг шалгах, тогтоох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг болно.
Гомдлын хоёр дахь шаардлага болох хуулийн болон ёс зүйн хариуцлага оногдуулахыг хүссэн агуулгатай байх бөгөөд гомдолд дурдагдсан зөрчил нь шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил эсэхийг тогтоож хариуцлага ногдуулах эсэх нь Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрхийн асуудал юм. Хэрэв зөрчил гаргасан байна гэж үзвэл Шүүхийн сахилгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага ногдуулах бүрэн эрхтэй.
Гурав дахь шаардлагын тухайд шүүхийн байгууллагад ажиллуулахгүй байх арга хэмжээ авч нийтэд зарлаж өгнө гэсэн нь агуулгын хувьд шүүгчээр ажиллуулахгүй байх хариуцлага ногдуулахыг хүссэн утга агуулгатай байх ба энэ нь Шүүхийн сахилгын хорооны эрх хэмжээний асуудал гэж ойлгогдохоор байгаа болно.
Харин гомдлын дөрөв дэх шаардлага нь гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий шүүгчдийн үйл ажиллагаа шалгахыг хүссэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн сахилгын хороо шалгаж, тогтоох эрх хэмжээгүй тул гомдлын 4 дэх шаардлага нь тус хорооны харьяалан шийдвэрлэх маргаан биш байгаа болохыг дурдах нь зүйтэй байна. Гомдлын бусад шаардлага болох 1, 2, 3 дахь шаардлага нь Шүүхийн ёс зүйн болон Сахилгын хорооны бүрэн эрхэд хамаарах асуудал гэж үзэж болохоор байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол гомдол гаргагч нь эрх бүхий байгууллагад нь хандаж асуудлаа тавих эрх нь нээлттэй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ...дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт дурдсан 8 зөрчлийн 3-т[2] гомдол гаргасан ТББ-ын эрх зүйн байдлыг тодруулж, төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойлохыг үүрэг болгожээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд нээлттэй байршуулсан мэдээллээс үзэхэд[3] “Н” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Л.О гэсэн бүртгэлтэй болох нь баримтаар нотлогдож магадлалд дурдсан зөрчил арилсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
2. Иргэн О.С 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Монголын хуульчдын холбооны Ёс зүйн хороонд анх гомдлоо гаргасныг[4] Монголын хуульчдын холбооны Чиг үүргийн хорооны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/50 тоот албан бичгээр[5] тус гомдлыг Шүүхийн ёс зүйн хороонд шилжүүлснийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр[6] хүлээн авчээ.
Уг гомдол нь хуульчийн ёс зүйд үл нийцэх хууль зөрчсөн үйлдэл хийж, Монгол Улсын иргэд шүүхэд итгэх итгэл үнэмшлийг үгүй хийж, хууль шүүхийн байгууллага болон залуу хуульчдын ирээдүйн эрх зүйн байдлыг доройтуулж, бусдад төдийгүй гадаад улс орнуудын хэвлэлийн анхаарлыг татаж улс эх орны нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа, хариуцлага тооцохгүй байгаа нь олон нийтийг бухимдуулж байгаа тул хариуцлага тооцуулахыг хүссэн утга агуулгатай байгаа нь тус хорооны бүрэн эрхэд хамаарах асуудлуудыг дурдаж шалгуулж хариуцлага тооцохыг хүсжээ гэж ойлгогдохоор байна.
3. “ДМНХ” НҮТББ-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид Ерөнхийлөгчийн Тамгын газар гомдол гаргахад Шүүхийн ёс зүйн хороо руу шилжүүлсэн. Үүний дараа нэгтгэж шийдсэн”[7] гэсэн байх хэдий боловч сахилгын хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус хороонд шилжүүлсэн гомдол байхгүй, хэрэгт авагдаагүй байх тул энэ хэргийн гомдол /өргөдөл, мэдээлэл/ гаргагчид уг НҮТББ-ыг тооцох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд нээлттэй байршуулсан мэдээллээс үзэхэд[8] “Дархан монгол ногоон нэгдэл” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д-ийн Д гэсэн бүртгэлтэй байх бөгөөд шүүх хуралдааны явцад “...Туслах өргөдөл гаргахдаа Д.Д гэж бичээд гаргасан байсан. Хүн болгон намайг Д.Д гэж дууддаг”[9] гэсэн тайлбар хийжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 485 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт дурдсан 8 зөрчлийн 2 нь энэхүү “ДМНХ” ТББ-ын гаргасан гэх гомдол, Удирдах зөвлөлийн дарга Д.Д, Д.Д гэх зөрүүтэй нэрийн талаар байсан болно[10].
4. Бичлэгийн тухайд: Бичлэг хууль ёсны баримт мөн эсэх, түүнийг нотлох баримтын хэмжээнд авч үзэж үнэлэх боломжтой эсэх талаар талууд маргаж өөр өөрсдийнхөө үндэслэлүүдээ маргаан хянан шийдвэрлэх шат шатанд гаргаж байсан байна. Бичгийн нотлох баримтын тухайд эх хувиараа, нотариатаар батлуулсан, эсхүл эрх бүхий байгууллагын архив, бичиг хэргийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан байж гэмээн сая хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх хуулийн зохицуулалттай.[11] Энд ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж болно.
Харин бичмэл бус нотлох баримтын тухайд хуулиар нарийвчлан зааж өгч зохицуулаагүй байх бөгөөд энэ маргааны тухайд гол нотлох баримт гэгдэж буй зөрчил гаргасныг нотолж байгаа гэх бичлэгийн эх хувь олдох боломжгүй болсон, эх бичлэгээс нь үзлэг хийж баримтжуулж бэхжүүлэн сахилгын хэрэгт авах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа болно.[12]
Харин нэр нь дурдагдаж буй 3 шүүгч ёс зүйн зөрчил гаргасныг нотлох баримтын гэгдэх дүрс бичлэгийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдэгдсэн гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтны санал дүгнэлт, шийдвэр гараагүй байна.
Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-т “...Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэн боловч ...нэр төрийг нь доромжилж болохгүй”, 17-д “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.”, Хүний эрхийн түгээмэл тунхаглал 12 дугаар зүйл болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 17 дугаар зүйлийн 1-т “Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, ...нэр төр алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо хандлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж тус тус заасан.
Мөн Шүүгчийн эрх зүйл байдлын тухай хууль /хүчингүй болсон/-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Шүүгчийн халдашгүй байдал”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Шүүгчийн халдашгүй байдал”, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийж дамжуулах, тараах”, 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”,13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах”, 13.12 дугаар зүйлд “Хууль бусаар мөрдөж мөшгөх”, 13.14 дүгээр зүйлд “Худал мэдээлэл тараах”, 21.13 дугаар зүйлд “Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих” гэж заасныг тус тус зөрчсөн талаар нэр бүхий шүүгчдийн гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд дээрх зүйл, заалтууд зөрчигдсөн эсэхийг Шүүхийн сахилгын хороо шалгах, тогтоох эрх хуулиар олгогдоогүй.
Гомдол гаргагч нар, холбогдож буй шүүгч нар, Шүүхийн ёс зүйн хороо /хуучин нэрээр/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхүүдийн хэн алин бичлэг дээрх дүрс гомдолд дурдагдан буй шүүгч нар биш гэж хэн нь ч маргаагүй төдийгүй гомдол гаргагч нар гомдол болон тайлбартаа, шүүгч нар мөн тайлбартаа тухайн бичлэг дээрх үйл явдал болсон болохыг үгүйсгээгүй, шат шатны гомдол шийдвэрлэсэн хуралдаануудад тухайн үед болсон үйл явдлын талаар тайлбараа дэлгэрэнгүй өгсөн байна. Талуудын маргалдаж байгаа зүйл нь бичлэг биш харин тухайн бичлэг дээр гарч буй дүрс бичлэгт бичигдсэн тэрхүү үйлдэл, үйл баримт нь шүүгчийн ёс зүйн зөрчил эсэх талаар маргалдаж байсан гэж ойлгогдохоор байгаа болно.
Нэр бүхий шүүгч нарын бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тавигдаж мэдээлэгдэн цацагдсан өдрөөс хойш энэ үйл явдал нийтэд илэрхий тодорхой болсон төдийгүй энэ бичлэг дээрх үйл баримт болсон талаар гомдол гаргагч, холбогдогч шүүгчид төдийгүй олон нийт хангалттай тодорхой мэдээлэлтэй болсон гэж үзэх илэрхий хангалттай үндэслэлтэй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “...нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх тул энэхүү бичлэгийг дахин нотлох шаардлагагүй гэж үзэв. Харин бичлэгийг хууль бусаар хийсэн, хуулбарлаж авсан гэх асуудлыг тус хороо шийдвэрлэх эрх хэмжээгүй тул энэ талаар холбогдох хууль хяналтын болон хүний эрхийн байгууллагуудад хандаж эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандах эрх нь нээлттэй.
5. Бичлэг цацагдсан талаар: Бичлэг шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан, шүүх, шүүгчийн нэр хүндэд халтай нөлөө үзүүлж, муу хортой үр дагавар учруулсныг хүлээн зөвшөөрч, харамсаж буйгаа илэрхийлсэн, бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тавигдаж нийгэмд цацагдаж шүүх, шүүгч, шүүхийн ажилтнуудын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, олон нийтийг талцуулж буйг шүүгч Д.О, Х.И, З.Б нар хүлээн зөвшөөрч эмзэглэж, харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.1 дэх хэсэгт “Шүүгч томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөнө” гэж хуульчлан заасан байх бөгөөд шүүгч Д.О-ын тухайд шүүгчийн бүрэн эрх нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн тангараг өргөснөөр үүссэн болох нь баримтаар[13] тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгч Д.О-ын шүүгчийн бүрэн эрх Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж байгаа боловч түүнийг Монгол Улсын шүүхийн шүүгч томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан цаг мөчөөс эхлэн тэрээр шүүгчийн албан тушаалд томилогдсон, Монгол Улсын шүүхийн шүүгч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2-т шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5-д зааснаар Д.О-ыг шүүгчээр томилсон Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс буюу тухайн цаг мөчөөс эхлэн тэрээр шүүгч болсон гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд харин түүний хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүгчийн бүрэн эрх нь тангараг өргөсөн өдрөөс нь сая эхлэх ёстой болохыг хуульд тодорхой зааж өгч зохицуулсан байна.
7. 2021 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд бүх нийтийн хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан эсэх тухайд: 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэл,
2021 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас мөн оны 2 дугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг /бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио/-т шилжсэн байсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 226, 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Харин Монгол Улсын Засгийн газар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 238 дугаар тогтоолын 1 дэх заалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг мөн өдрөөс буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байжээ.
Өөрөөр хэлбэл 2021 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүд нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан цаг үе байсан байх төдийгүй мөн өдрүүд нь ажлын өдөр буюу Лхагва, Пүрэв гараг байсан байна.
Тухайн өдрүүдэд бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон хорио цээрийн дэглэм цуцлагдсан байсан байна. Гэсэн хэдий боловч мөн өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үе байх бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмийг барих, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож хорио цээрийн дэглэм хязгаартайгаар үргэлжилсээр байжээ.
8. Гэмт хэрэг үйлдсэн шүүгчдийн гэм буруутай үйл ажиллагааг шалгуулах гомдлын тухайд: Шүүхийн сахилгын хороо нь гэмт хэргийг мөрдөн шалгах эрх хэмжээгүй байгууллага бөгөөд шүүгчийн ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан буюу шүүгч сахилга хариуцлага алдсан талаарх өргөдөл, мэдээллийг үндэслэн тухайн өргөдөл, мэдээлэлд дурдагдсан үйл баримтын мөрөөр шалгаж сахилгын зөрчил мөн эсэхийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрх хэмжээтэй байгууллага юм.
Хэрэв нэр бүхий шүүгчид гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа бол энэ тухай гомдлоо харьяалан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж гаргах нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйл ажиллагааг шалгах мөрдөх нь тус хорооны харьяалан шийдвэрлэх бүрэн эрхийн асуудалд хамааралгүй болно.
9. Биеэ үнэлэгч авсан, янхандсан гэх гомдлын тухайд: Сахилгын хэрэгт авагдсан бичлэгээр нэр бүхий шүүгчид биеэ үнэлэгч авсан, янхандсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Мөн биеэ үнэлэгч авсан, янхандсан болохыг шалгаж тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, сахилгын хэрэгт тийм баримт авагдаагүй болно. Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн талаар нарийн тодорхой хуульчлан заажээ. Өөрөөр хэлбэл энэ нь гэмт хэрэг тул шалгах, тогтоох нь эрх бүхий байгууллагын эрх хэмжээ юм.
10. Зөрчил гаргасан эсэх тухайд: Шүүгч хараат бусаар ажиллах нь шүүгчид хуулиар хүлээлгэсэн үүрэг төдийгүй шүүгчийг хариуцлагажуулдаг шүүхийн үндсэн суурь зарчим юм. Шүүгч нь хэнээс ч хараат бусаар хэрэг маргааныг шийдвэрлэж чадна гэсэн итгэлийг өөрийн үйл хэрэг, үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүй, үг хэл, биеэ авч яваа байдал, зан үйлээрээ үлгэрлэн харуулах үүрэгтэй. Учир нь шүүгч иргэдийн шүүхэд итгэх итгэлийг тээж байдаг. Энэ талаар холбогдох хууль тогтоомж, эрхийн актад:
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”,
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн[14] 27 дугаар зүйлийн 27.1.18-д “...бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд...д сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох”,
Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь ...үнэнч шударга байх, ...хараат бус байх, ...мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”,
2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал[15] гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” /Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9 “”зохисгүй байдал” гэж хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, энэ дүрмийг зөрчсөн, эсхүл шүүгчийн хараат бус, зарчимч, төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг;” гэж зааснаар шүүгч хэрхэн биеэ зүй зохистой авч явах тухай тодорхой заажээ.
Гэтэл бичлэг дээрх үйл баримт төдийгүй энэ бичлэг дээр гарч буй дүрс нь шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлэн алдагдуулж байх төдийгүй бичлэг дээр гарч буй шүүгч нар зохисгүй байдал гаргасан гэж ойлгогдож болохуйц байна. Шүүгч хаана ч хэзээ ч, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ч, хувийн амьдралдаа ч шүүгчийн ёс зүйг чанд сахин мөрдөж бусдад ёс зүйгүй, зохисгүй байдалтай харагдах, тэгж ойлгогдохоос сэргийлэх, гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө, бусад шүүгчдээ, мөн шүүхэд итгэх итгэлийг алдагдахаас хамгаалж явах үүрэгтэй. Хууль тогтоомжууд болон дүрмээр ийм үүрэг хүлээлгэжээ.
Хараат бус, шударгаар ажиллаж хэрэг маргааныг өөрийн дотоод итгэлээр үнэн зөв шийдвэрлэж чадна гэсэн итгэл төрүүлж, өөрийн харагдах байдлаараа төдийгүй үг хэл, үйлдэл, эс үйлдэхүй, үйл хэрэг, зан төрх байдлаараа бусдад итгэл үнэмшил төрүүлэхүйц зөв, зүй зохистой, ёс зүйтэй байх үүргийг шүүгчид хуулиар хүлээлгэж, энэхүү ур чадварыг эзэмшиж хувийн зан чанараа болгон төлөвшүүлсэн байх ёстой болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамлан зохицуулсан процессын хуулиудад болон холбогдох бусад хууль тогтоомж, Шүүгчийн ёс зүйн дүрмээр нарийвчлан зааж өгч зохицуулжээ.
11. Дүгнэлт үйлдсэн тухайд: Дээрх хууль тогтоомж, эрхийн актын зохицуулалтуудаас үзэхэд шүүгч нь ямагт зүй зохистой ёс зүйтэй биеэ авч явж, бусдад зохисгүй байдал гаргасан, гаргаж байна гэж ойлгогдохуйц үг хэл, үйл хөдлөл, зан төлөв байдлаас ямагт зайлсхийж, тийн ойлгогдож харагдахаас өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэх ёстой байсан байна. Хууль тогтоомж, ёс зүйн дүрмээр ч энэ байдлыг тодорхой ойлгомжтой байдлаар, хоёргүй утгаар зааж өгч шүүгчдийг үүрэгжүүлжээ.
Иймд ...шүүхийн шүүгч Х.И, З.Б, ... шүүхийн шүүгч Д.О нарыг зохисгүй байдал гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэв.
12. Шүүгч З.Б-ын тухайд: Бичлэгээс үзэхэд шүүгч З.Б-т холбогдох дүрс байдал нь түүний үйлдлийг зохисгүй байдал гаргасан, шүүгчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй байгаа болохыг онцгойлон цохон тэмдэглэх нь зүйтэй байна. Учир нь З.Б-ын орж байгаа дүрс бичигдсэн байх боловч гарч байгаа бичлэг байдаггүй. Мөн тухайн бичлэг хийгдсэн гэх өдөр тэрээр өөр газар байсан болохыг батлах өөр нэгэн бичлэг сахилгын хэрэгт авагдсан байгааг зайлшгүй харгалзан үзэж анхаарах ёстой байгаа болно” гэжээ.
Шүүгч З.Б Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, Сахилгын хороонд 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус гаргасан тайлбартаа: “Миний бие З.Б нь Б.Б-той 15 жил найзалж, нөхөрлөж байгаа бөгөөд “ННБЗХ” ТББ-ын дарга Л.О-аас гаргасан гомдолд дурдсан өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б-той уулзсан зүйл огт байхгүй болно. Харин найз Б.Б-той уулзахаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...ХОТХОНЫ ...ТООТОД ОЧСОН. Очсон шалтгаан нь гомдолд дурдагдаад байгаа Д.О нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар ...аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон байсан учраас түүнд баяр хүргэхээр очсон. Мөн миний бие дээрх гомдолд дурдсан “архидан согтуурч, биеэ үнэлэгч авч хууль зөрчсөн” үйлдэл огт байхгүй бөгөөд нийтэд цацагдсан дүрсний бичлэгт авагдсан эмэгтэйчүүдийг миний бие огт танихгүй, хэзээ ирсэн, хэн дуудсаныг мэдэхгүй, тэдгээр эмэгтэйчүүдтэй ямар нэгэн хувийн харилцаа тогтоогоогүй болно. Тус бичлэгт намайг орж байгааг гаргасан бөгөөд харин хэзээ, хэдийд гарсан талаар огт байхгүй болно...”, “...Миний бие дээрх гомдолд дурдсан ёс зүйгүй үйлдэл гаргаагүй, мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.2, 26.11, 26.1.6, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.1, 2.3, 3.1.1, 4.5.1, 4.10.1, 4.11.1 дэх заалтуудыг зөрчөөгүй болно” гэжээ.
Шүүгч Х.И- Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найз Б.Б-ын “ойрд уулзсангүй, мах чанаад хоол хийчихлээ ирээд хоол идээрэй” гэсний дагуу тухайн орон сууцанд очсон болно. ...Тухайн үед байсан гэх дүрсний бичлэгт авагдсан эмэгтэйчүүдийг миний бие огт танихгүй бөгөөд хэзээ ирсэн хэн дуудсан эсэхийг миний бие мэдэхгүй байна. Тэдгээр эмэгтэйчүүдтэй миний бие ямар нэгэн хувийн харилцаа тогтоогоогүй болно. ...Бид хууль бус арга хэмжээ, уулзалт зохион байгуулаагүй, иргэн, хувь хүн, найз нөхдийн хүрээнд уулзалдсан бөгөөд бидний уулзалт “Covid-19”-ын хөл хориогүй үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон. Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйл “Биеэ үнэлэхийг зохион байгуулах” Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан, биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр бусад зүйлээр хангасан гэж гомдол гаргасан байх бөгөөд миний бие дээрх эрүүгийн зүйл ангитай холбоотой ямар ч үйлдэл гаргаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна...” гэжээ.
Шүүгч Д.О Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ 2021 оны 3 дугаар сарын 10, 4 дүгээр сарын 06-ны өдөр, Сахилгын хороонд 12 дугаар сарын 24-ний өдөр тус тус гаргасан тайлбартаа: “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б над руу утсаар залгаж “О хоол хийж байна” хүрээд ирээч гэсний дагуу очсон. Би машингүй учир өөрийн төрсөн ах Д.М-аар тухайн газар хүргүүлж, буцаж явахаар тохироод хүргүүлсэн. Тэр өдөр Х.И, З.Б, П.Ч нар байсан. Бид нар олон жил найзалж, нөхөрлөж байгаа найзуудын хувиар уулзсан. Тэгээд бид нар оройн 18-19 цагийн үед хоол идэж, ууж, жаахан юм ярьж суусан ба цахим орчинд яригдаж буй хууль бус үйлдэл, яриа огт болоогүй. Тэр орой ах намайг авах гээд буцаж ирэхэд нь би унтсан байсан учир буцаад явсан. Би сэрээд н.Д буюу Д-тэй ярихад машинтайгаа ойрхон явж байна гэхээр нь “ирээд машинаараа хүргээд өгөөч” гэж хэлсний дагуу ирж, бид нарыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Тухайн өдөр ийм л зүйл болсон. Түүнээс хойш миний бие 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...аймагт ирж, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цагт тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар ...шүүхийн шүүгчийн тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж, ажиллаж байна. Энэхүү бичлэгтэй холбогдуулан бид хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Бид хууль бус арга хэмжээ, уулзалт зохион байгуулаагүй, иргэн, хувь хүн, найз нөхдийн хүрээнд уулзсан. Миний бие бичлэгт гарсан эмэгтэйчүүдтэй ямар нэгэн хувийн харилцаа тогтоогоогүй болно...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“ННБЗХ” ТББ-ын дарга Л.О, иргэн О.С нараас ...шүүхийн шүүгч З.Б, Х.И, ...шүүхийн шүүгч Д.О нарт холбогдуулан гаргасан гомдолд Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор сахилгын хэрэг үүсэж, Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалаар шүүгч Х.И, Д.О нарт шүүгчийн албан тушаалаас нь огцруулах, шүүгч З.Б-т зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах шийтгэлийг тус тус ногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгч нарын гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 485 дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.
Илтгэгч гишүүн Б.Сугарын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулсан, хэргийн оролцогчдын тайлбар болон нотлох баримтуудыг сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул нотлох дүгнэлтийг хүлээн авч нэр бүхий шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
1. Хууль хэрэглээний тухайд:
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ” гэж заасан тул 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сахилгын хорооны зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу сугалаагаар гишүүдэд хуваарилагдсан тул мөн өдрөөс хугацааг тооцож сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн.
Иймд өмгөөлөгч Д.Б-ийн “...шинэ хуулийн дагуу дахиж сахилгын хэрэг үүсгэх ёстой байсан, илтгэгч гишүүнд ямар журмаар хуваарилагдсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй, процесс ажиллагаа зөрчсөн...” гэх агуулгаар гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Харин Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан тул сахилгын хэргийн оролцогч шүүгч нар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/ болон Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхээр байна.
2. Зөрчил гарсан эсэх тухайд:
Сахилгын хэргийн оролцогч ... шүүхийн шүүгч Х.И, З.Б, ... шүүхийн шүүгч Д.О нар нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлын цагаар, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан цаг хугацаанд ...хотхоны ...тоот орон сууцанд найз гэх өмгөөлөгч Б.Б-ын урилгаар шүүгч Д.О-т баяр хүргэхээр очиж, АТГ-ын ажилтан П.Ч нарын хамт архидан согтуурсан, улмаар 01 дүгээр сарын 21-нд шилжих шөнийн 03 цагт шүүгч Х.И, Д.О нар нь өмгөөлөгч Д.Б болон нэг эмэгтэйтэй хамт цахилгаан шатанд байхдаа зүй бус байдал гаргасан нь дараах баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:
- шүүгч Х.И-ийн: “...Бид хууль бус арга хэмжээ, уулзалт зохион байгуулаагүй, иргэн, хувь хүн, найз нөхдийн хүрээнд уулзалдсан бөгөөд цахим орчинд тарааж байгаа шиг бусармаг үйлдэл гаргаагүй бөгөөд бидний уулзалт “Ковид-19, Согоnа-virus”-ын хөл хориогүй үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон” гэх тайлбар,
-шүүгч Д.О-ын: “...Бичлэгт гарсан З.Б, Х.И нар нь 2006 оноос хойш дүүргийн шүүх, Нийслэлийн шүүхэд шүүгчийн туслахаар, Б.Б нь 2006-2011 он хүртэл ...шүүхэд жижүүр, ...шүүхэд шүүгчийн туслах, албаны даргаар тус тус ажиллаж байсан. Бид энэ хугацаанд танилцаж, найз нөхөд болсон. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б.Б над руу утсаар залгаж “О хоол хийж байна” хүрээд ирээч гэсний дагуу очсон. Би машингүй учир өөрийн төрсөн ах Д.М-аар тухайн газар хүргүүлж, буцаж явахаар тохироод хүргүүлсэн. Очиход дээр дурдсан найзууд байсан. Тэгээд бид нар оройн 18-19 цагийн үед хоол идэж, ууж жаахан юм ярьж суусан ба цахим орчинд яригдаж буй хууль бус үйлдэл, яриа огт болоогүй” гэх тайлбар,
-шүүгч З.Б-ын: “...найз Б.Б-той уулзахаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ...хотхоны ...тоотод очсон. Очсон шалтгаан нь гомдолд дурдагдаад байгаа Д.О нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар ...аймгийн сум дундын шүүхийн шүүгчээр томилогдсон байсан учраас түүнд баяр хүргэхээр очсон” гэх тайлбар,
- Хэрэгт нотлох баримтаар авагдсан 04 минут 37 секунд үргэлжлэх дүрс бичлэгийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний 03:09 бүхий огноо харагдах 02.33–аас 04.37 дахь бичлэг, 01 минут 45 секунд бүхий дүрс бичлэгийн 00.18-01.42 дахь бичлэг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 238 дугаар тогтоол зэрэг баримтууд болно.
Шүүгч нь хувийн амьдралдаа болон албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг байнга хүндэтгэн дээдэлж, өөрөө үлгэр жишээ байх ёстой.
Өөрөөр хэлбэл, шүүгч нь олон нийтийн байнгын хяналтад байдаг тул жирийн хүний хувьд бэрхшээлтэй байж болох хувийн эрхийг хязгаарласан хэм хэмжээг өөртөө тогтоох ёстой бөгөөд түүнийгээ ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр, сайн дураар хэрэгжүүлж, шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явбал зохино.
Учир нь шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх бөгөөд нэг шүүгчийн хувийн зан үйл шүүхийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөлдөг болохыг Банглорын зарчмуудаар тодорхойлж өгсөн байдаг.
Гэтэл шүүгч Х.И, Д.О, З.Б нар нь дээр дурдсан өмгөөлөгч, Авлигатай тэмцэх байгууллагын ажилтантай “найз нөхдийн цугларалт” нэрийн дор уулзаж, харин шүүгч Х.И, Д.О нар нь уулзалтад байсан танихгүй эмэгтэйтэй зохисгүй харилцаж буй үйлдэл нь дүрс бичлэгээр олон нийтэд цацагдаж, улмаар энэ нөхцөл байдал нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, шүүхийг жигшин зэвүүцэх ард түмний дургүйцлийг бий болгосон нь шүүхийн өндөр нэр хүндэд ноцтой хохирол учруулсан төдийгүй шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл гэж ойлгогдохоор байна.
Иймд нотлох дүгнэлтэд “...Шүүгч хаана ч хэзээ ч, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ч, хувийн амьдралдаа ч шүүгчийн ёс зүйг чанд сахин мөрдөж бусдад ёс зүйгүй, зохисгүй байдалтай харагдах, тэгж ойлгогдохоос сэргийлэх, гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө, бусад шүүгчдээ, мөн шүүхэд итгэх итгэлийг алдагдахаас хамгаалж явах үүрэгтэй. Хараат бус, шударгаар ажиллаж хэрэг маргааныг өөрийн дотоод итгэлээр үнэн зөв шийдвэрлэж чадна гэсэн итгэл төрүүлж, өөрийн харагдах байдлаараа төдийгүй үг хэл, үйлдэл, эс үйлдэхүй, үйл хэрэг, зан төрх байдлаараа бусдад итгэл үнэмшил төрүүлэхүйц зөв, зүй зохистой, ёс зүйтэй байх үүргийг шүүгчид хуулиар хүлээлгэж, энэхүү ур чадварыг эзэмшиж хувийн зан чанараа болгон төлөвшүүлсэн байх ёстой болохыг холбогдох хууль тогтоомж, Шүүгчийн ёс зүйн дүрмээр нарийвчлан зааж өгч зохицуулсан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгч Х.И, Д.О, З.Б нарыг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...дараах зүйлийг хориглоно”: 27.1.18 “шүүгч нь... бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоох” гэж, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь ...үнэнч шударга байх, ...хараат бус байх, ...мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ”, 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж заасныг зөрчсөн байна гэж Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн үзлээ.
3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-д хөөн хэлэлцэх хугацааны талаар зохицуулаагүй, харин Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж, Шүүхийн Ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заажээ.
2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.4-т “шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр ...хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж заасан бөгөөд шүүгч З.Б, Х.И, Д.О нарт Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн байх тул дээрх хуулийн зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзнэ.
Тодруулбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-иар хөөн хэлэлцэх хугацаа тогтоогоогүй учир уг хуулийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэж үзэх боломжгүй тул Монгол улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
4. Бусад татгалзлын тухайд:
Нэр бүхий шүүгч нарын бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ, цахим орчинд тавигдаж тараагдсан өдрөөс хойш энэ үйл явдал нийтэд илэрхий тодорхой болсон төдийгүй сахилгын хэргийн оролцогч шүүгч нар тухайн бичлэгт гарсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-д “...нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар хэрэгт авагдсан дүрс бичлэгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн илтгэгч гишүүний дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Харин бичлэгийг хууль бусаар хийсэн, хуулбарлаж авсан гэх асуудлыг Сахилгын хороо шийдвэрлэх эрх хэмжээгүй тул энэ талаар холбогдох хууль хяналтын болон хүний эрхийн байгууллагуудад хандаж эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандах эрх нь нээлттэй.
Түүнчлэн шүүгч Д.О-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр зарлигаар шүүгчээр томилогдсон ч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн тангараг өргөснөөр шүүгчийн бүрэн эрх үүссэн гэсэн тайлбарыг няцаасан илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, Д.О-ыг Монгол Улсын шүүхийн шүүгчээр томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан тухайн цаг мөчөөс эхлэн түүнийг Монгол Улсын шүүхийн шүүгч гэж үзнэ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд зөрчлийн шинж байдал, оролцоо, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагаврыг харгалзан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ...шүүхийн шүүгч Х.И, ...шүүхийн шүүгч Д.О нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт зааснаар ...шүүхийн шүүгч З.Б-т зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгч З.Б-ын тухайд 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн оройн 22 цагийн орчимд ...хотхоны ...тоотод байгаагүй болох нь түүний өөр газарт явж байсан дүрс бичлэгээр нотлогдсон бөгөөд, цахилгаан шатанд үйлдэгдсэн зохисгүй байдалтай харагдах дүрс бичлэгт ороогүй зэргийг харгалзан үзээд шүүгч Х.И, Д.О нараас ялгамжтай шийтгэл ногдуулсныг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ...шүүхийн шүүгч Х.И, ...шүүхийн шүүгч Д.О нарт “шүүгчийн албан тушаалаас огцруулах” сахилгын шийтгэл, ...шүүхийн шүүгч З.Б-т “зургаан сарын хугацаагаар 30 хувиар цалинг бууруулах” сахилгын шийтгэл тус тус ногдуулсугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮД О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН
[1] Хавтаст хэргийн 50 дахь тал.
[2] Хавтаст хэргийн 143 дахь тал.
[3] http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/8301018
[4] Хавтаст хэргийн 51 дэх тал.
[5] Хавтаст хэргийн 50 дахь тал.
[6] Хавтаст хэргийн 52 дахь талын арын нүүр.
[7] Хавтаст хэргийн 134-135 дахь тал.
[9] Хавтаст хэргийн 135 дахь тал.
[10] Хавтаст хэргийн 142-143 дахь тал.
[11] Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 107 дугаар зүйл.Бичмэл нотлох баримт
107.1.Сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ.
107.2.Бичмэл нотлох баримтыг Сахилгын хороонд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Сахилгын хороо шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй.
107.3.Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах, эсхүл хуульд заасны дагуу цахим хэлбэрээр өгч болно.
[12] Тухайн бичлэгийн эх хувийг үзэж баримтжуулахаар камерын бичлэг хийгддэг газарт үзлэг хийж үзлэгийн тэмдэглэл үйлдэж сахилгын хэрэгт хавсаргав.
[13] Булган аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021.06.08-ны өдрийн 224 тоот албан бичиг, Шүүгчийн тангарагийн хуудас. Сахилгын хэргийн 87-88 дахь тал.
[14] 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон.
[15] Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9-д тодорхойлсон утгаар ойлгоно.