МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2023-03-01
Дугаар 3
Улаанбаатар хот
Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.
Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр ажлын албаны ахлах шинжээч Б.А, сахилгын хэргийн оролцогч, шүүгч Д.М-ын хүсэлтээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Э нарыг оролцуулан, нээлттэй хуралдаан тул сахилгын хэргийн оролцогч Д.М-ыг байлцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СХМ/2023/0004 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ны гаргасан гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Ж.С, Х.З, Х.И, Х.Б нарын гомдлоор ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-д Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн тул илтгэгч гишүүн Б.Сугар хуульд заасны шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 41 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргажээ.
Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн СХМ/2023/0004 дүгээр магадлалаар шүүгч Д.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан гэж үзэж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т зааснаар “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Холбогдох шүүгч Д.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б магадлалыг эс зөвшөөрсөн гомдолдоо: ... Шүүгч Д.М нь Х.С-ийн гаргасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1... /ШШ2021/0....3 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолд зааснаар шүүхийн шийдвэр нь ...эрх зүйн харилцааг тодорхойлох, түүнийг зохицуулсан хэм хэмжээг хэрэглэх хэлбэрээр тухайн хэрэг маргаанд хамааралтай этгээдэд хуулиар тодорхойлогдсон төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг акт бөгөөд ерөнхий хуулиараа нэг удаагийн үйлчлэлтэй байдаг.
Тус шүүхийн 1.../ШШ2021/0....3 дугаар шийдвэр нь зөвхөн Х.С-ийн гаргасан “... Улсын бүртгэлийн газарт “Х” ХХК-ийн захирлаар бүртгүүлэх” тухай хүсэлтэд зориулагдсан, нэг удаагийн үйлчлэлтэй шийдвэр байсан.
Дээрх тогтоолын 3.3-т “...шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж, тэдгээрийн талаар шүүхийн хийж буй дүгнэлтийг тусгана. Шийдвэрийн үндэслэх хэсэг нь шүүхээр хэлэлцэгдэж буй эрх зүйн маргааны талаар шүүх ямар дүгнэлт гаргаж байгаа, энэхүү дүгнэлт нь ямар бодит нөхцөл байдалд тулгуурлаж, хуулийн ямар зүйл, заалтад үндэслэсэн гэдгийг илэрхийлдэг” гэжээ.
Шүүгч шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хүсэлт гаргагчийн шаардлагыг “...Х.С нь Улсын бүртгэлийн газарт “Х” ХХК-ийн захирлаар бүртгүүлэх зорилгоор түүний төрсөн эцэг Н.Х амьд ахуйдаа охин Х.С-т “Х” ХХК-ийн эрхийг өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл хийж, шилжүүлэн өгсөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тодорхойлон, тухайн асуудлаар Ж.С нарыг гуравдагч этгээдээр оролцуулж, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, тус шийдвэрээр Ж.С-г 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Х” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэсэн бүртгэл хүчингүй болсон зэрэг үйл баримтын талаар талуудыг маргаангүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл маргаан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Х.С-ийн төрсөн эцэг Н.Х амьд ахуйдаа охин Х.С-т “Х” ХХК-ийн эрхийг өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл хийж, шилжүүлэн өгсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд шүүх Х.С-ийн “...Улсын бүртгэлийн газарт “Х” ХХК-ийн захирлаар бүртгүүлэх зорилго” бүхий нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн байхад Шүүхийн сахилгын хорооны магадлалд “...”Х” ХХК-ийн өвлөх эрх маргаантай байгаа, өвлөх эрхтэй холбоотойгоор эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй бусад этгээд байгааг хүсэлт гаргагчид мэдэгдэж, энэ талаарх тайлбар, баримтыг хэрэгт хавсаргаагүй”, “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримтыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.
Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн дотор эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоох ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дах хэсэгт заасан үйл явдал хамаарах бөгөөд мөн зүйлийн 135.2.14-т зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр шүүх хуульд тодорхойлон тусгагдаагүй зарим төрлийн үйл явдлыг тогтоох
эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй, мөн зүйлийн 135.1-дэх хэсэгт зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрх бүхий субъект нь иргэн, хуулийн этгээд байхын зэрэгцээ зохицуулагдаж буй харилцаа нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины харилцаа байхаар тус тус хууль зохицуулсан. Х.С-ийн гаргасан хүсэлтийг шүүх хуулийн дээрх заалтад нийцүүлэн шийдвэрлэснээр өвлөгч нарыг өвлөгдөх хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй юм.
Шүүхийн сахилгын хорооны магадлалд “...шүүгч нь ... урьд нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан бүхий үйл баримттай хэргийг дахин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй бусад этгээдүүд байсаар байтал тэднийг оролцуулах талаар ажиллагаа хийгээгүй, маргаагүй үйл баримт гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид давуу байдал бий болгосон” гэж дүгнэжээ.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дах хэсэгт тус тус заасан ба шүүгч Д.М шүүхийн 1.../ШШ2021/0....3 дугаар шийдвэрийг гаргаснаар иргэн Х.С-т ямар давуу байдал бий болгосон, нөгөөтэйгүүр Х.С-т ямар эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон талаар болон зөрчлийн улмаас гомдол гаргагч нарт ямар гэм хор учирсан, учирсан хохирлын хэмжээ зэргийг тогтоосон баримт тус хэрэгт авагдаагүй, энэ талаар Шүүхийн сахилгын хорооны магадлалд огт дүгнээгүй.
Мөн магадлалд “...илтгэгч гишүүнээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж нотлох дүгнэлт үйлдсэнийг өөрчлөн, мөн зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан гэж дүгнэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т зааснаар шүүгч Д.М-д холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан” гэжээ.
Илтгэгч гишүүн сахилгын хэргийн оролцогчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзвэл тэдгээрийн хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтуудын аль нэгийг эсхүл хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж нотлох дүгнэлтийг гаргаж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.1-д зааснаар сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр захирамж гаргах, Сахилгын хорооны хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргах талаар хуульчилсан.
Хуулийн дээрх заалтуудаар илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийн хүрээнд сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргах эрхийг хууль тогтоогчоос Сахилгын хорооны хуралдаанд олгосон гэж дүгнэх үндэслэлтэй.
Гэтэл илтгэгч гишүүнээс “... шүүгч Д.М-ын гаргасан гэх зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд хамаарч байна” гэх агуулга бүхий нотлох дүгнэлт үйлдэж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн байхад, сахилгын хорооны хуралдаанаар нотлох дүгнэлтийн аль хэсэг нь шүүгчийн гаргасан гэх зөрчилд нийцэж байгаа, аль дүгнэлт нь нийцэхгүй байгаа, эсхүл бүхэлдээ нотлох дүгнэлттэй нийцэж байгаа эсэх талаар дүгнэлгүй, зүйлчлэлийг хүндрүүлж, мөн зүйлийн 50.1.1-д хамааруулан шууд огцруулах шийтгэл оногдуулж байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3-т заасантай нийцэхгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан албан тушаалын байдал, эрх нөлөө, урвуулан ашиглах, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох гэх ойлголтуудыг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулиудад дараах байдлаар буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд “албан тушаалын байдал гэдэгт албаны эрх нөлөө хамаарна, урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлыг эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно”, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж тус тус тайлбарлажээ.
Дээрхээс үзвэл шүүгч албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газар харьяалан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган тогтоож, Монгол Улсын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шүүгчийг гэм буруутай болохыг тогтоосон байх урьдчилсан нөхцөл тавигдаж байгаа юм.
Сахилгын хорооны хуралдаанаар шүүгчийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэж үзвэл уг үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т хуульчилсан байх атал тус хуралдаанаар хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, шүүгч Д.М-ын өөрийн дотоод итгэлд үндэслэж гаргасан шийдвэрийг шууд бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэж, огцруулах сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд шүүгч Д.М Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй, гомдол гаргагч Ж.С нарын шүүгч хэргийг буруу шийдвэрлэсэн учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах агуулга бүхий гомдол нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарахгүй, энэ талаар гаргасан гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1197 дугаар Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж үндэслэлтэй байх тул мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.4-т зааснаар магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...1. Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж шүүгч Д.М-д сахилгын шийтгэл оногдуулахаар дүгнэлт үйлдсэн боловч, сахилгын хорооны хуралдаанаар шүүгчийг мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасныг зөрчсөн буюу албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө эсвэл бусдад давуу байдал олгосон хэмээн зүйлчлэлийг өөрчилж, огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасан эрхийн хүрээнд шийдвэрлээгүй, зүйлчлэлийг өөрчлөн, хүндрүүлж сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг эдэлсэн.
2. ...Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж давуу байдлыг бий болгосныг тогтоохдоо Монгол Улсад хоёр хуульд тодорхойлж, тайлбарласан. Тодруулбал Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар тайлбарласан. Эдгээрээс дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ давуу байдал бий болгосон нөхцөл байдлыг шалган тогтоох, харьяаллыг Авлигатай тэмцэх газар харьяалан шийдвэрлэнэ гэж үзэж байна...
Давуу байдал бий болгосон эсэхийг шалгаж өгнө үү гэж Авлигатай тэмцэх газар хэргийг шилжүүлэх болон шинжээч томилуулах байдлаар асуулга явуулж болох байсан. Гэтэл энэ тохиолдлыг шалгасан зүйл сахилгын хэргийн материалд авагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэж, огцруулах сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө хэрхэн давуу байдал бий болгосон бэ гэдгийг зайлшгүй шалган тогтоох үүргийг Шүүхийн сахилгын хороонд хуулиар хүлээлгэсэн боловч энэ талаарх ажиллагааг хийгээгүй байна.
3. ...Шүүхийн сахилгын хорооны магадлалд дүгнэснээр хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоосон байгаа нь харьяаллыг зөрчиж шийдвэрлэсэн нь давуу байдлыг бий болгож дүгнэсэн дүгнэлт гэж харагдаж байна. Яг ямар үйлдэл хийгээд шүүгч Д.М-ын ямар шийдвэрийг үндэслэж Х.С-т эдийн болон эдийн бус баялагтай холбоотой давуу байдал бий болсон бэ гэдгийг нотолсон үйл баримт байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ магадлал хуульд заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна...
4. ...тухайн үед хүчин төгөлдөр байсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн сахилгын хороо хянаж үндсэндээ дүгнэлт хийж байгаа нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг Үндсэн хуульд заасан буюу процессын хуульд зааснаас гадуур хянан шийдвэрлэх ажиллагаа буюу Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэсэн гэж бидний хувьд үзэж байна.
...Х.С-ийн тухайн үед гаргасан нэхэмжлэлээс харахад өнөөдрийн Сахилгын хорооны хавтаст хэрэгт авагдсан 436, ....6 дугаартай тогтоолууд энэ талаар дурддаггүй, хүсэлтээ гаргаж өгөөгүй байдаг. Энэ судалгааг яагаад дурдаж байна гэхээр хэргийн ачааллаас шалтгаалаад шүүгч үүнийг огт хүсэлтдээ дурдаагүй үндэслэл бүхий баримтуудыг шүүх санаачилгаараа цуглуулах ямар нэгэн боломжгүй. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхэд нэг талын хүсэлтийн дагуу шийдвэрлэдэг иргэний процесс ажиллагаа, энэ талаарх үйл баримтыг олоход шүүх санаачилгаараа ямар нэгэн ажиллагаа явуулах боломжгүй. Хожим энэ үйл баримт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас сая гаргаж өгдөг шүүхийн тогтоолд Баянзүрх дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд авагдсанаар энэ үйл баримтыг шүүх санаачилгаараа олж мэдэх боломжгүй байсан гэдгийг шүүх тогтоолдоо дурдсан. Иймд шүүгч Д.М-д сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
... анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг бид хянахгүй гэсэн үндэслэлээр Шүүхийн сахилгын хороо хэд хэдэн удаа татгалзаж байсан тохиолдлууд байсан. Гэтэл шүүгч Д.М-ын гаргасан шийдвэр нь анхан шатны журмаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр болсон ижил буюу хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад ялгамжтай байдлаар дүгнэж, шийдвэрлэж байгааг Шүүхийн сахилгын хорооны эрх хэмжээ биш гэж бидний хувьд үзэж байна. Иймд шүүгч Д.М-д оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Холбогдох шүүгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хянан үзэх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... магадлалын нэр нь “Сахилгын зөрчлийн нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” гэсэн байдаг ба нотлох дүгнэлтийг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцье гээд хүлээгээд авчихсан. Үндэслэл нь нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд шаардлага хангахгүй бол буцаах, хүчингүй болгох. Гэтэл яагаад нотлох дүгнэлт дээр хянах ажиллагаа явж байснаа гэнэт эрх мэдэл албан тушаалын байдал болоод ороод ирэв. Буцаагдаад холбогдох ажиллагаанууд хийгдэх ёстой, албан тушаалын ямар байдлаа ашигласан юм гэх мэт. Холбогдох байгууллагуудын шинжээчийн дүгнэлт авдаг жишиг тогтсон байдаг.
Магадлалын 7-10 хуудас хооронд үндэслэх хэсэг дээр, тухайлбал Төв аймагт харьяалагдах байсныг зөрчиж хэрэг хүлээн авч, хянан шийдвэрлэжээ гэж 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрийг дүгнэсэн байна. Онцгой ажиллагааны журмаар шийдэгдэх ажиллагаа нь охин, аав 2-ын хоорондын харилцаа байсан уу гэдгийг л тогтоох болохоос, гуравдагч этгээдийн хооронд маргаан байгаагүй. Гэтэл энэ дүгнэлт дээр шүүхийн шийдвэрийг дүгнээд явсан байна...
Сүүлд нь хэлэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө гэсэн зохицуулалт байгаа. Яагаад хүчин төгөлдөр шийдвэрийг, шинээр ирсэн нөхцөлийг гаргаад, ийм бүрэлдэхүүнтэй үзээд болохгүй байна гэсэн бол хууль хэрэглээний алдаа гарсан гэж болж байна. Хүчингүй болсон болж байна. Хүчингүй болсон шийдвэр дээр хянах бүрэлдэхүүн дүгнэлт өгөх болж байна уу.
Ийм учраас шүүгчийг иргэд хэрэгт ялагдаад уурлахаараа Шүүхийн сахилгын хороонд өгдөг байдлыг таслан зогсооход магадлалыг хэлэлцэх бүрэлдэхүүн анхаарах болов уу гэж би харж байна. Тиймээс бүрэлдэхүүн магадлалыг хүчингүй болгож, гомдлыг буцаахгүй бол их сонин юм болно. Дээр дурдсан баримт хавтаст хэрэгт орсон. Ийм зүйл дээр шүүгчийг хууль бус зүйлд оруулж байна.” гэв.
Гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1. Үйл баримтын талаар:
1.1.“Х” ХХК-ийн 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тус компанийн эд хөрөнгө, үүсгэн байгуулагчийн эрх, үүргийг Ерөнхий захирал Н.Х-аас охин Х.С-т шилжүүлэхээр шийдвэрлэж, улмаар нотариатчаар гэрчлүүлэн, дүрэмд оруулж буй өөрчлөлтийг зохих журмын дагуу бүртгүүлэхийг Х.С-т даалгасны дагуу нотариатчаар гэрчлүүлжээ. Н.Х нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас баржээ.
Х.С шүүхэд хандаж, ...”Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х нь амьд байхдаа ууган охин Х.С-тээ өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл хийж, шилжүүлэн өгсөн болохыг тогтоолгох буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг онцгой ажиллагааны журмаар тогтоолгох” хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтийг шүүгч Д.М хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн, 1.../ШШ2021/0....3 дугаар шийдвэрээр “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х охин Х.С-т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсгийг баримталжээ.
Үүнээс гадна сахилгын хэрэгт дараах шийдвэрүүд авагдсан байна.
1.2. Ж.С, Х.З, Х.И, Х.Б нар нотариатч Б.Э-т холбогдуулан “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны ..../ШШ2016/...6 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.
1.3. Ж.С нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Х” ХХК-ийг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ”-г үндэслэн компанийн үүсгэн байгуулагч, Н.Х-аас Х.С-т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах, “Х” ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг Н.Х-аас Х.С-т шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “Х” ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай “ХЧ” ХХК болгон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн 108 дугаар шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн .../МА2017/....1 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ....6 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг тус тус хэвээр үлдээжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх “... хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн маягтад үүсгэн байгуулагч Н.Х гарын үсэг зурсан, УБ-05 маягтын өөрчлөлтийг бүртгэсэн огноо хэсэгт 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гэж тэмдэглэгдсэнийг өргөдөл гаргасан өдөр хэмээн Н.Х-ыг нас барснаас хойш гаргасан өргөдөлд үндэслэн бүртгэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн үүсгэн байгуулах барим бичигт орсон өөрчлөлтийг бүртгэхэд үндэслэсэн Компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг ....дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ..../ШШ2016/.....6 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон үйл баримтаар 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн өөрчлөлтийг хууль бус гэж үзэх боломжгүй...” гэж дүгнээд, харин нотариатын үйлдлийг хүчингүй болгосонтой холбогдуулан энэ талаар эрх бүхий байгууллагад хандахад энэхүү шийдвэр хамааралгүй болохыг дурджээ.
1.4. Х.С, Х.Б, Х.Н нар нотариатч И.Д-д холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Ж.С-д “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргажээ.
.... дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн .../ШШ2018/...71 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа “...нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгө болох “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч, улсын бүртгэлийн асуудлаар өвлөгч нар маргаантай байхад үйлдэл хийхээс татгалзаагүй, ...өвлөгч нар болох Х.С, Х.Н, Х.Б нарын өвлөх эрхийг зөрчсөн...” гэж үзжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2...5 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/....6 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
1.5. Х.С нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан тус газрын даргын 2017 оны А/6...6 дугаар тушаалыг бүхэлд нь, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн .../ШШ2020/....7 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ....11 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2...6 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Харин “...хэргийн оролцогчдын тайлбар, маргааны үндэслэл болсон “Х” ХХК-ийн хувьцааг бодит байдалд хэн өмчлөх, Н.Х-ын хүсэл зориг юу байсан, “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийхгүй, энэ асуудлыг захиргааны журмаар буюу бүртгэлээр шийдвэрлэхгүй, талууд энэ асуудлаар иргэний шүүхэд хандаж, маргаанаа шийдвэрлүүлэх, үүний үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ.
2. Сахилгын зөрчил гаргасан эсэх тухайд:
2.1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шүүгч энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Шүүхийн сахилгын хороо сахилгын шийтгэл оногдуулна. Шүүгчид хориглох зүйлийг нэрлэн заасан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэжээ.
2.2. Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтдээ “...холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан буюу хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэсэн бол сахилгын хорооны хуралдаан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан зөрчил гаргасан гэж үзсэн байна.
2.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар эрхийн ямар нэг маргаангүй үйл явдал болон үйлдлийг тогтоох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан “тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд тооцдог.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана”, 136.3 дахь хэсэгт ”хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана”, 136.4 дэх хэсэгт “энэ хуулийн 136.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэлд хүсэлт гаргагчийн оршин суугаа газрыг Бүгд найрамдах ... улс, Прага хот-9 гэж заасан боловч хүсэлтэд “Х” ХХК-ийг ....дүүргийн ...дугаар хороо, ...байр гэж тодорхойлсон байна. Энэ нь хүсэлтийг тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах хуулийн заалтыг зөрчөөгүй байна.
Харин хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлтдээ эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох гэж буй зорилгоо тодорхой заагаагүй байхад шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.
2.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих боловч 6.6 дахь хэсэгт “энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт нотлох баримт бүрдүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулах, гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг ажиллагааг шүүгч өөрийн санаачилгаар гүйцэтгэх учиртай.
Хүсэлт гаргагч хүсэлтдээ “... хойд эх Ж.С нь 2016 онд эрх шилжүүлэх гэрээг харьяаллын бус нотариатаар гэрчлүүлсэн гэж хүчингүй болгож, өөрөө тус компаниар захирлаар бүртгүүлсэн байсан. Үүнтэй холбогдолтой маргааныг 2020 онд захиргааны хэргийн 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, Ж.С-г “Х” ХХК-ийн захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулж, улсын бүртгэлээс хасуулж өөрчлөлт хийсэн” талаар дурдаад, эдгээр шийдвэр болон ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ..../ШШ2016/.....6 дугаар шийдвэрийг хавсаргажээ.
Дээрх шийдвэрт дурдсанаар хүсэлт гаргагчийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах “Х” ХХК-ийн ерөнхий захирал Н.Х-ын хүсэл зориг болон түүний өвлөгч нарын өвлөх хөрөнгө тодорхой бус, “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх нь маргаантай байхад шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулалгүй хэргийг шийдвэрлэснийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх ба энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин сахилгын хорооны хуралдаан “... шүүгч маргаангүй үйл баримт гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Х.С-т давуу байдал бий болгосон” үзсэн нь үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
3. Хэргийн оролцогчийн эрхийг хангасан эсэх талаар:
Илтгэгч гишүүний 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1197 дугаар захирамжаар өргөдөл гаргагч Ж.С, Х.З, Х.И, Х.Б нарын өргөдөлд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Өргөдөл гаргагчийн гомдлыг сахилгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцээд 175 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож, шүүгч Д.М-д сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн захирамж, тогтоолыг өргөдлийн хамт 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгч, энэ талаар баримт үйлдсэн бөгөөд шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй байна.
Илтгэгч гишүүн нотлох дүгнэлтээ шуудангаар хүргүүлсэн байх ба сахилгын хорооны хуралдааны даргалагч, бүрэлдэхүүн хуульд заасан журмаар томилогдож, хуралдааны товыг хэргийн оролцогчид мэдэгдсэн тухай баримт үйлджээ.
Холбогдох шүүгчийн хүсэлтээр сахилгын хорооны хуралдаан нэг удаа хойшилсон нь хуульд нийцжээ.
4. Оногдуулсан сахилгын шийтгэлийн талаар:
Дээр дурдсанаар шүүгч Д.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд сахилгын хорооны хуралдаанаас түүнд огцруулах шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасантай нийцсэн гэж үзэв.
5. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.4 дэх хэсэгт “Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийн үндэслэлд Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан тул хянан үзэх хуралдаанд нотлох баримтаар шинээр гаргаж өгсөн ....дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн .../ШТ2023/.....1 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэх тухай” тогтоолыг үнэлээгүй болно.
6. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын иргэн ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах... эрхийг эдлэх”-ээр заасан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэгт сахилгын хэргийн оролцогчийг тодорхойлж, мөн хуулийн 102 дугаар зүйлд 102.1, 102.2 дахь хэсэгт сахилгын хэргийн оролцогчийн эрх, үүргийг нэрлэн заасан ба өмгөөлөгч уг эрх, үүргийг эдлэх талаар зохицуулаагүй байна.
Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д "өмгөөллийн үйл ажиллагаа" гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг хэлнэ” гэж зааснаар холбогдох шүүгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй. Холбогдох шүүгч сахилгын хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж, эрх ашгаа хамгаалуулахыг хуулиар хориглоогүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэгт “сахилгын хэрэг шалгах ажиллагаа сахилгын хэргийн оролцогчоос бусад этгээдэд хаалттай байна”, 111 дүгээр зүйлийн 111.4 дэх хэсэгт “сахилгын хорооны хуралдааныг явуулах дарааллыг”, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.10, 113.11 дэх хэсэгт “сахилгын хорооны хянан үзэх хуралдааны дарааллыг” тус тус тогтоосон. Уг ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулах талаар заагаагүй байна.
Сахилгын хэргийн оролцогчийн эрх эдлээгүй өмгөөлөгчийг сахилгын хорооны хянан үзэх хуралдаанд оролцуулах эрхийг бүрэлдэхүүнд хуулиар олгоогүй ба сахилгын хорооны хянан үзэх хуралдаан нь эрүү, иргэний болон захиргааны хэргийн шүүх хуралдаанаас өөр болно.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар сахилгын хэргийн шалгах ажиллагаа, сахилгын хорооны болон хянан үзэх хуралдаанд зөвхөн холбогдох шүүгч эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцохоор хуульчилсан байх тул Б.Б, Э.Э нарыг өмгөөлөгчөөр оролцуулж, тайлбар хэлүүлэх боломжгүй юм.
Нэгэнт сахилгын хорооны болон хянан үзэх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хуулийн зохицуулалт байхгүй, өмгөөлөгч нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог тул холбогдох шүүгч Д.М хянан үзэх хуралдаанд биечлэн ирсэн боловч хуралдаанд өөрөө оролцолгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Э нараа оролцуулсан болно.
Харин Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдаан нээлттэй явагдсан тул шүүгч Д.М-ыг уг хуралдаанд байлцуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.4, 113 дугаар зүйлийн 113.9 дэх хэсэгт зааснаар Шүүхийн сахилгын хорооны болон хянан үзэх хуралдааны товыг холбогдох шүүгч Д.М болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Э нарт хуулийн хугацаанд мэдэгдэж, мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасан эрхийг нь эдлүүлсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, оногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.13, 113.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Хянан үзэх хуралдааны тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийн 115.1.1, 115.1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгох тухай сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар хянан үзэх хуралдааны тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Г.ЦАГААНЦООЖ
Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.