МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-01-03
Дугаар 4
Улаанбаатар хот
Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, өргөдөл гаргагч Ж.С, Х.И, Х.Б /ажиглагч/, шүүгч Д.М, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Ж.С, Х.З, Х.И, Х.Б нар Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө: “... шүүхийн шүүгч Д.М илт хууль зөрчиж мэргэжлийн ноцтой алдаа гаргаж бидний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж дараах тайлбарыг хийж гомдлыг гаргаж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагч н.Галбадрах гэдэг хүн 2022 оны 06 дугаар сарын 25-ний өдөр Ж.С миний 9900000 дугаарын утас руу залгаж “Х” ХХК-ний тамга тэмдгийн асуудлаар ярьж байгааг дуулгаж биеэр ирж уулзахыг шаардсаны дагуу очиж уулзсан. Гэтэл “Х” ХХК-ийн бүртгэл 2022 оны 03 сарын 22-ны өдөр Х.С-т шилжсэн талаар мэдэгдсэн бөгөөд Х.С нь "...шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШШ2016/00606 тоот шийдвэрийг онцгой ажиллагааны журмаар ... шүүхээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянуулж ШШ2021/02893 дугаар шийдвэр гарсан гэдгийг мэдээд энэхүү гомдлыг гаргаж байгаа болно.
Учир нь: Миний бие Ж.С хань Н.Х (талийгаач) бид 1982 онд гэр бүл болж Н.Х-ын дагавар 3 хүүхэд болох Х.С, Х.Н, Х.Б, бидний дундаас гарсан Х.И, Х.Б, Х.З нарын 6 хүүхдээ өсгөж хүмүүжүүлж өсгөсөн. Бид 1990 онд цэнхэр ягаан тасалбаруудаа нийлүүлж тухайн үеийн зах зээлийн ханшаар нэмэлт хувьцааны тасалбарыг худалдан авч “Х” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан бөгөөд тухайн компанийн үйл ажиллагааны орлогоор амь амьдрал амьжиргаагаа залгуулж байсан. Гэтэл 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр буюу миний хань нас барахаар 7 хоногийн өмнө Х.С, Х.Н, Х.Б нар таньдаг нотариатчаа дагуулан очиж “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг гэрчлүүлж хууль бусаар компанийг шилжүүлж авсан нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ...шүүхийн 000/ШШ2016/00606 тоот шийдвэрээр тогтоогдсон.
Х.С нь “Х” ХХК-ийг хууль бусаар шилжүүлж авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл бидэнтэй харилцаа байхгүйгээр дан ганц хувийн ашиг сонирхлоор компанийг өөрийн төрсөн дүү нартай нийлэн эзэмшиж ашиглаж мөн шүүх цагдаад нийлж гомдол гаргаж ирсэн бөгөөд бид шударга шүүхээр хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар 14 жилийн турш хууль, шүүхээр явж байгаа бөгөөд одоо ч бидний маргаан үргэлжилсээр байна.
Гэтэл ... шүүхийн шүүгч Д.М илт бүхий асуудал баримт нотолгоотой байсаар атал эрх зүйн ямар нэгэн маргаангүй гэж дүгнэж бусдад илт давуу байдал олгож байгаад бид туйлын гомдолтой байна. Бидний үнэн бодит байдлын төлөө хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явж ирсэн замыг доор дурдав.
- ...шүүхийн 000/ШШ2016/00606 тоот шийдвэр, Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Х-аас С рүү шилжсэн бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А636 тоот тушаалаар хүчингүй болж “Х” ХХК-ийн бүртгэл талийгаач Х луу буцан шилжсэн.
- Ж.С миний бие хуулийн дагуу бүх баримт бичгийг бүрдүүлэн Монголын Нотариатчийн танхимд өвлөх хүсэлт гаргаж зохих журам хуулийн дагуу “Х” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ж.С миний нэр дээр бүртгэгдсэн.
- Гэтэл Х.С, Х.Н, Х.Б нар гомдол гаргаж Х-аас С-д өвлөх эрхийн гэрчилгээ бичсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулсан. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт компани нь дан ганц хүн дээр шилжсэн нь буруу бусад өвлөгч нар буюу Х.З, Х,И, X.Б нарын бусад өвлөгч нар байгаа нь тогтоогдож багаа тул дан ганц Ж.С дээр бүртгэгдсэн нь буруу гэж дүгнэсэн.
- Энэ шүүхийн шийдвэр гармагц Ж.С, Х.З, Х.И, Х.Б нар ...дүүргийн нотариатчид компанийг өвлөх хүсэлтээ гаргасан болно.
- Х.С нь дахин Захиргааны хэргийн шүүхэд хандан Ж.С дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын А636 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж бидний мэдэж байгаагаар энэхүү гомдол нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Ж.С дээр бүртгэсэн бүртгэл олон хүн өвлөх эрхтэй гэдэг үндэслэлээр хүчингүй болсон нотариатчийн үйлдэл хүчингүй болсон шийдвэрт үндэслэж Н.Х-аас Ж.С руу бүртгэгдсэн бүртгэл хүчингүй болж харин 2008 оны Н.Х-аас С рүү шилжсэн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А636 тоот тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны захиргааны хэргийн тэнхимийн /2020 оны 07 дугаар сарын 08 өдрийн 000 дугаартай тогтоол/
- Дээрх тогтоол гарсны дагуу “Х” ХХК-ийн бүртгэл Ж.С-гаас буцан Н.Х луу шилжсэн юм. Иймд ... шүүхийн шүүгч Д.М-ын мэргэжлийн ноцтой алдааг залруулж, хариуцлага тооцож бидэнд нэн даруй хариу өгнө үү” гэжээ.
... шүүхийн шүүгч Д.М тус хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Шүүгч Д.М би, Х.С-ийн гаргасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2893 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Хүсэлт гаргагч Х.С нь эцэг Н.Х амьд ахуйдаа охин Х.С-т “Х” ХХК-ийн эрхийг өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл хийж шилжүүлэн өгсөн болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний аав Н.Х нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгино дүүргийн тойргийн нотариатч Б.Э-ыг авчруулан, “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг надтай байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, би 2014 оныг хүртэл тус компанийг удирдан ажиллуулж ирсэн. Гэтэл хойд эх Ж.С 2016 онд эрх шилжүүлэх гэрээг харьяаллын бус нотариатаар гэрчлүүлсэн гэж нотариатын гэрчилгээг хүчингүй болгож, өөрөө тус компанийн захирлаар бүртгүүлсэн. Үүнтэй холбогдолтой маргааныг 2020 онд захиргааны хэргийн гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж Ж.С-г “Х” ХХК-ийн захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасуулан өөрчлөлт оруулж, Х.С “Х” ХХК-ийн захирлаар бүртгүүлэх гэтэл урд байсан компанийн захирал Н.Х-ын хүсэл зориг юу байсан талаар болсон үйл явдлаа шүүхээр тогтоолгосны дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэх тухай хариу өгсөн тул тус шаардлагыг гаргасан” гэж тайлбарласан. Иргэний гаргасан хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шүүх шийдвэрлэхэд хүсэлт гаргагч тус үйл явдлыг ямар зорилгоор тогтоолгох гэж байгаа нь тодорхой байх, уг тогтоолгохыг хүсэж буй эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримт нь ямар нэгэн маргаангүй байхыг шаарддаг бөгөөд Х.С нь хүсэлтийн шаардлагаа “...Улсын бүртгэлийн газарт “Х” ХХК-ийн захирлаар бүртгүүлэх зорилгоор” гэж тодорхойлсон тул шүүх тус үйл баримтын талаар маргаан байгаа эсэхийг шалгасан.
Тус хэргийн баримтыг шинжлэн судлахад, Ж.С, Х.З, Х.И, Х.Б нар ...шүүхэд нотариатч Б.Э-т холбогдуулан 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ж.С тус компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн,
Х.С уг бүртгэлтэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрыг хариуцагчаар тодорхойлж, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А03 дугаар тушаалыг бүхэлд нь, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг хэрэгт Ж.С, Х.И, Х.Б нар гуравдагч этгээдээр оролцон, тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ий өдрийн 97 дугаар шийдвэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А03 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, тус шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 311 дүгээр магадлалаар хэвээр үлдэж, Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 006 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээснээр хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдсон юм.
Иймд шүүх Х.С-ийн шүүхэд гаргасан “...Улсын бүртгэлийн газарт “Х” ХХК-ийн захирлаар бүртгүүлэх зорилго” бүхий нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд тухайн асуудлаар Ж.С нарыг гуравдагч этгээдээр оролцуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, тус шийдвэрээр Ж.С-г 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Х компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэсэн бүртгэл хүчингүй болсон зэрэг үйл баримтын талаар талуудыг маргаангүй гэж үзсэн, өөрөөр хэлбэл маргаан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Мөн ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ий өдрийн 97 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хэдийгээр гуравдагч этгээд Ж.С-ээс тухайн бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 281 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 056 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, ...нэхэмжлэгч Х.С-ийн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн хэдий ч хариуцагчаас шинээр илэрсэн нөхцөл байдал болох ...шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 606 дугаар шийдвэрийг биелүүлж өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль, журамд нийцүүлэн дахин захиргааны акт гаргасныг буруутгах үндэслэлгүй байна" гэж, мөн хэсэгт “...”Х” ХХК-ийн хувьцаа бүхэлдээ Н.Х-аас Х.Ст, Н.Х-аас Ж.С-д шилжсэн бөгөөд уг бүртгэлүүдийн үндэслэл болсон нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлүүд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон” гэж тус тус дурдсан байна. Ийнхүү шүүгч би Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй, Х.С-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ илт маргаан бүхий асуудлыг маргаангүй гэж дүгнээгүй, зөвхөн хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэн гэж дүгнэсэн, тус шийдвэр нь гуравдагч этгээд нарын өвтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргах ямар нэг эрхийг хязгаарлаагүй тул Ж.С нарын гомдолд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Илтгэгч гишүүний нотлох дүгнэлт: Өргөдөл гомдол гаргагч нарын зүгээс тус хороонд хандаж бичгээр ирүүлсэн өргөдөл гомдолдоо “... шүүхийн шүүгч Д.М-ын мэргэжлийн ноцтой алдааг залруулж, хариуцлага тооцож бидэнд нэн дариу хариу өгнө үү. ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШШ2021/02893 дугаарт шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, хянах эрх хэмжээгүй болохыг тухайлан онцлон дурдах нь зүйтэй байна. Учир нь Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийг хянах, дүгнэлт өгөх, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.
Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч зөрчсөн эсэхийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн сахилгын хэрэг үүсгэн шалгах, сахилгын зөрчил гаргаагүй гэж үзвэл санал, зөрчил гаргасан гэж үзвэл дүгнэлт үйлдэх, Шүүхийн сахилгын хороо хуралдаанаараа тухайн санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэх эрх хэмжээг хуулиар олгосон болно.
Иймд холбогдох шүүгчийн “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х охин Х.С-т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоосугай” гэсэн 000/ШШ2021/02893 дугаар шийдвэрийг тус хороо хянахгүй, хүчингүй болгох эрхгүй, харин Х.Сийн “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х нь охин Х.С-т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай” хүсэлттэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгайлан заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон дээрх хуулийн зүйл заалтыг шүүгч зөрчсөн эсэхийг шалгах, дүгнэх эрх хэмжээтэй. Энэхүү хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тухайн өргөдөл мэдээллийг шалгаж дүгнэлт өгсөн болохыг тухайлан онцлон дурдах нь зүйтэй юм.
Өргөдөл гомдол гаргагчийн зүгээс шүүхээр хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалуулахаар 14 жилийн турш шүүхээр маргаж байгаа, маргаан үргэлжилсээр байхад хууль эрх зүйн ямар нэгэн маргаангүй гэж дүгнэж байгаад гомдолтой байгаа болохоо илэрхийлжээ.
Х.Сийн “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х нь охин Х.С-т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай” хүсэлттэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр холбогдох шүүгч Д.М шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х охин Х.Ст хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоосугай” гэж 000/ШШ2021/02893 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь уг өргөдөл гомдол гаргах үндэслэл болсон тухайгаа өргөдөлдөө тодорхой дурдаж, үндэслэлээ шүүхийн шийдвэрүүдэд тулгуурлан тайлбарлаж холбогдох шүүхийн шийдвэрүүдийг ч мөн тус хороонд хавсаргаж ирүүлсэн байна.
Ж.С, Х.С нараас өөр хууль ёсны өвлөгч байгаа байдал тогтоогдсон байхад нягтлан шалгахгүйгээр хууль ёсны өвлөгчийг зөвхөн Ж.С гэж үзсэн нь хууль зөрчсөн, өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, өвөөс татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, өвлөх эрхийн гэрчилгээг олгоход хууль ёсны өвлөгч бүрийг тогтоож, өвөөс татгалзсан эсэхийг шалгах үүрэгтэй,
“Х” ХХК-ийн хувьцаа бүхэлдээ Н.Х-аас Х.С-т, Н.Х-аас Ж.С-д шилжсэн бөгөөд уг бүртгэлүүдийн үндэслэл болсон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлүүд шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон, уг шүүхийн шийдвэрүүдэд бусад өвлөгч нарын эрхийг хангах талаар дурдсан байх тул тухайн хуулийн этгээдийг хэн өвлөх эрхтэй, бусад өв хүлээн авагч нар байгаа эсэхийг тодруулсны дараа бүртгэлийг хийх нь бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд нийцэхээр байна гэх зэргээр “Х” ХХК-ийн эрх хэнд очих, хэн хэн гэдэг этгээдүүд тус хуулийн этгээдийн эрхийг өвлөх эрхтэй болох нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, маргалдагч талууд хоорондоо маргаантай байсаар атал холбогдох шүүгч нь иргэн Х.Сийн “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х нь охин Х.С-т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай” хүсэлттэй хэрэгт эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдүүдийг тодорхойлж оролцуулалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, улмаар шүүх хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэж “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х охин Х.Ст хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоож шийдвэр гаргасан нь зөрчил гэж үзэхээр байна.
Шүүх онцгой ажиллагааны журмаар эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгоход нөлөөлөх үйл явдал болох эрх зүйн байдлыг тогтоодог тул тухайн онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэж буй хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байх ёсгүй.
Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх учиртай.
Холбогдох шүүгч нь Х.Сийн “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х нь охин Х.С-т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай” хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Иргэний хэрэг үүсгэх тухай” 000/Ш32021/13164 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” 000/Ш32021/15533 дугаар захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдааныг товыг тогтоож, “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х охин Х.Ст хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоосугай” гэж 000/ШШ2021/02893 дугаар шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Шүүгч нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлох, хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байгаа эсэх талаар үйл баримтыг тодруулах үүрэгтэй байтал хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэжээ.
Уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэж маргалдагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хуульд заасан эрхийг нь эдлүүлэх, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Компанийн эрхийг өвлөх эрхтэй этгээдүүд байж болзошгүй, маргаантай гэж үзэж болох нөхцөл байдал байхад тухайн компанийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн болохыг тогтоож компанийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлснийг зөрчил гэж үзэхээр байна.
...шүүх 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Ж.С, Х.З, Х.И, Х.Б нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Э-т холбогдох “2008 оны 07 дүгээр сарын 14-ний өдрийн “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Эын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр үйлчлэлтэй байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүхийн шийдвэрүүд өмнө нь удаа дараа гарсан болох нь тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрүүд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гарч байсан байх бөгөөд бүгд тухайн компанийн эрхтэй холбоотой болох нь нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэргийг хуульчилж өгсөн бөгөөд хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах нөхцөлүүдийг тодорхойлсон байна.
Хуулийн дээрх зохицуулалтад хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, хэлцлийн үндсэн дээр эрх шилжүүлсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг хамаарах талаар тодорхой зохицуулаагүй бөгөөд ... шүүхийн 000/ШШ2021/02893 дугаар шийдвэрийг холбогдох шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгийг удирдлага болгон, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан шийдвэрлэжээ. Иймд ердийн журмаар хянан шийдвэрлэж маргалдагч талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хуульд заасан эрхээ эдлэх, мэтгэлцэх боломжоор хангаагүй, гол нотлох баримтууд болох шүүхийн шийдвэрүүдийг хүсэлт гаргах үеийн байдлаар ирүүлээгүй байхад хүсэлтийг шийдвэрлэхдээ зөвхөн хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтад үндэслэн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил гэж дүгнэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаартай тогтоолоор, илтгэгч гишүүний сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1197 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ж.С нарын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Д.М-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагч нар “...Х.С нь “Х” ХХК-ийг хууль бусаар шилжүүлж авсан цагаас хойш өнөөдрийг хүртэл ...бид шударга шүүхээр хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар 14 жилийн турш хууль, шүүхээр явж байгаа бөгөөд одоо ч бидний маргаан үргэлжилсээр байна. Гэтэл ... шүүхийн шүүгч Д.М илт асуудалтай байсаар байхад эрх зүйн ямар нэгэн маргаангүй гэж дүгнэж бусдад илт давуу байдал олгож байгаад бид туйлын гомдолтой” гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Н.Х-аас охин Х.С-т 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр компанийн эрх шилжүүлсэн гэрээг нотариатч Б.Э баталсан үйлдлийг Ж.С, Х.З, Х.И, Х.Б нараас хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг ...шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШШ2016/00606 дугаар шийдвэрээр хангаж, “...2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Х” ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч Б.Э-ын үйлдлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх гэрээг гэрчлүүлсний дараа хийгдсэн бүртгэлийн өөрчлөлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/666 дугаар тушаалаар “... “Х” ХХК-ийг үүсгэн байгуулагч Н.Х-аас иргэн Х.С-т компанийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон” үйл баримт нь иргэн, захиргааны хэргийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоогджээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Х.С Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулж,
- “Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр гүйцэтгэх захирлаар Ж.С-г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/666 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 000/ШШ2020/0097 дугаар шийдвэрээр “...Ж.С-д холбогдох бүртгэлийг хүчингүй болгож, ... Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/666 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хянан хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 311 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 006 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт бусад өв хүлээн авагч нар байгаа эсэхийг тогтоох, тэдний эрхийг хангах талаар дурдсан байх бөгөөд ингэснээр бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимд нийцэхээр байна гэж, мөн “Х” ХХК-ийг үүсгэн байгуулагч Н.Х-аас иргэн Х.С-т тус компанийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/666 дугаар тушаал нь хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн байна.
Гэтэл Х.С нь М.Ц-д 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр итгэмжлэл олгон, ... шүүхэд “...“Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х нь амьд байхдаа ууган охин Х.С-тээ өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл хийж шилжүүлэн өгсөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох” нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлд, нэхэмжлэгч Х.С: хаяг Бүгд Найрамдах Ч улсын П хот 0,000 00 КПТ, С 992/12 тоот оршин суудаг, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хаяг: Улаанбаатар хот, ...дүүрэг, 00-р хороо, Зүүннарангийн 0-0 тоотод оршин суух гэж бичсэн байх ба итгэмжлэл, үнэмлэхийг хавсаргажээ.
Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн ... шүүхэд гаргасан “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох” хүсэлтийг шүүгч Д.М 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 000/Ш32021/13164 дугаар шүүгчийн захирамжаар “Хэргийн болон шүүхийн харьяалал зөрчөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна” гэж хүлээн авч иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасан.
Шүүгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШШ2021/02893 дугаар шийдвэртээ “Х.Сийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь “Х” ХХК-ийн захирлаар бүртгүүлэхтэй холбоотой, “Х” ХХК нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Эв нэгдэл, 8 тоот хаягт бүртгэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хандан гаргасан нь шүүхийн харьяалал зөрчөөгүй байна” гэж тайлбарласан нь дээрх хуульд заасны дагуу хүсэлт гаргагч хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон буюу Төв аймгийн шүүхэд гаргаж харьяалан шийдвэрлүүлэх байсныг зөрчиж хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Х.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэрэгт “Х” ХХК-ийг үүсгэн байгуулагч Н.Х-аас иргэн Х.С-т компанийн эрхийг шилжүүлсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, мөн “Х” ХХК-ийг өвлөх эрхтэй холбоотой бүртгэлийн талаар дурдсан шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байхад шүүгч Д.М нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 000/ШШ2021/02893 дугаар шүүхийн шийдвэрээр “...иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байх ба зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаарддаггүй тул шүүх маргаангүй үйл баримт” гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х охин Х.С-т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ”, 133.1.1-т “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”, 134 дүгээр зүйлийн 134.3 дахь хэсэгт “Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно” гэж заасан.
Мөн Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын тухай” зөвлөмжид “Гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж буй шүүх энэ талаар хэргийн оролцогчдод тайлбарлах учиртай. Ийнхүү тайлбарласны эцэст хэргийн оролцогчдын алинаас нь ч гуравдагч этгээдээр оролцвол зохих этгээдийг оролцуулах талаар хүсэлт гараагүй бол шүүх энэ талаарх баримтыг хэрэгт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэжээ.
Түүнчлэн онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.[1]
Илтгэгч гишүүн дүгнэлтдээ “Ердийн журмаар хянан шийдвэрлэж маргалдагч талуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, хуульд заасан эрхээ эдлэх, мэтгэлцэх боломжоор хангаагүй, гол нотлох баримтууд болох шүүхийн шийдвэрүүдийг хүсэлт гаргах үеийн байдлаар ирүүлээгүй байхад хүсэлтийг шийдвэрлэхдээ зөвхөн хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтад үндэслэн онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх боловч шүүгч хэрэгт “Х” ХХК-ийн өвлөх эрхийн маргаантай байгаа, өвлөх эрхтэй холбоотойгоор эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй бусад этгээд байгааг хүсэлт гаргагчид мэдэгдэж энэ талаарх ' оролцогчийн тайлбар, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй, мөн нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримтыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж бусдад давуу байдал бий болгосон байна.
Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтэд үндэслэн үүснэ. Энэхүү хүсэлт нь ямар нэгэн этгээдэд хандаж гаргасан шаардлага биш байдаг. Бас зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, маргаантай эрхийг хамгаалахыг шаарддаггүй[2] онцлогтой. Гэтэл шүүгч Д.М нь “Х” ХХК-ийн эрхийг захирал Н.Х охин Х.С-т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоон өвлөх эрхийн маргаантай байхад хуулийн этгээдийн эрхийг шилжүүлэх нь маргаангүй үйл баримт гэж дүгнэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгч Д.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасан хэргийн харьяаллыг зөрчиж гаргасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэл болгосон нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа өөрөөсөө шалтгаалах шаардлагатай нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, цаашлаад эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй бусад этгээд байгааг хүсэлт гаргагчид мэдэгдэж энэ талаарх оролцогчийн тайлбар, холбогдох баримтыг хэрэгт хавсаргаагүй, зөвхөн хүсэлт гаргагчийн хүсэлтэд хавсарган өгсөн баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг илтгэгч гишүүнээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж нотлох дүгнэлт үйлдсэнийг өөрчлөн, мөн хуулийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” зөрчил гаргасан гэж үзлээ.
Тодруулбал, шүүгч нь харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн аваад урьд нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан бүхий үйл баримттай хэргийг дахин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ бусад эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй бусад этгээдүүд байсаар байтал тэднийг оролцуулах талаар ажиллагаа хийгээгүй, маргаангүй үйл баримт гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Х.С-т давуу байдал бий болгосон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгч Д.М-д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг зөрчсөн тул түүнд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т заасны дагуу огцруулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1,112.1.3,112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.10-т заасныг баримтлан ... шүүхийн шүүгч Д.М-д холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, түүнд огцруулах сахилгын шийтгэл оногдуулсугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
- Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
- Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР