info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

ХЯНАЛТЫН ТОГТООЛ

2022-05-18

Дугаар 6

Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай

Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн О.Номуулин, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулж, ажиглагчаар өргөдөл гаргагч Г.Ганболдыг суулцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, сахилгын шийтгэл ногдуулах тухай” 139 дүгээр магадлалыг шүүгч Б.Мөнхбаяр эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Г.Ганболдын өргөдлөөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаярт холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 417 дугаар гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай нотлох дүгнэлт гарчээ.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгч Б.Мөнхбаярт “цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.

Холбогдох шүүгч Б.Мөнхбаяр магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо: “...Миний бие Г.Ганболдын нэхэмжлэлтэй, Х.Ганзоригт холбогдох гэм хорын хохирол 12,445,200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02494 дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 486 дугаар магадлалаар хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зөрчлийг арилгаж, мөн хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00743 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт нэхэмжлэгч талаас гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1199 дүгээр магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дагуу 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дахин надад хуваарилагдсан. Нэхэмжлэгч Г.Ганболд нь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасны дагуу Ерөнхий шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал үүнээс хойш шүүхэд хүрэлцэн ирж хэргийн оролцогчийн эрхээ эдэлж, ямарваа нэгэн хүсэлт гаргаагүй. Тус хэргийн хянан шийдвэрлэх хугацаа дууссан, энэ хугацаанд зохигчоос хүсэлт гаргаагүй тул уг хэргийг хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааныг товлон зарлаагүй нь хэд хэдэн нөхцөл шалтгаантай байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасан сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна гэж заасантай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь бусад дүүргийн шүүхүүдээс хамгийн бага орон тоотой буюу 11 шүүгч ажиллаж, нэг шүүгч дунджаар 160 орчим нэхэмжлэл, хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байгаа нь хэвийн хэмжээнээс 2 дахин өндөр ачаалалтай байгаа нь хэтрэхэд нөлөөлж, энэ нь ковид цар тахлын улмаас 2021-2022 онуудад тус шүүхэд тавигдсан хөл хорионы улмаас улам нэмэгдсэн. Миний гаргаж өгсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон түдгэлзүүлсэн хэргийн бүртгэлээс харахад 2021 оны 9 сард 128, 2021 оны 10 сард 160, 2021 оны 12 сард 163, 2022 оны 01 сард 167 хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байна. Мөн тус  шүүх орон тоо цөөн, шүүгч бүр өөрсдийн шүүх хуралдааныг өдөр бүр товлон зарласны улмаас шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хэрэгт бүрэлдэхүүн олдохгүй шүүх хуралдаан хойшлох байдал удаа дараа гарсан учир тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр дээрх асуудлыг хэлэлцээд 7 хоногийн пүрэв гаригт гомдол болон шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хэргийг шийдвэрлэж байхаар тогтсон. Үүнтэй холбоотойгоор пүрэв гаригт 1 шүүгч 1 бүрэлдэхүүнтэй хурал шийдвэрлэж байгаа учир шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд дараагийн шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх иргэний хэрэг товд орохгүйгээр хүлээгдэх нөхцөл байдал үүссэн. Тус хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа нэхэмжлэгчийн гэрч асуулгах, нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зөрчил гэж дүгнэсэн бөгөөд энэхүү зөрчил арилаагүй, нэхэмжлэгч шүүхэд ирж хүсэлтээ тодруулж өгөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримт хангалттай бүрдээгүй үндэслэлээр шүүх хуралдааны товд ороогүй болно. Мөн тус шүүх цар тахлын улмаас 2021 оны 9 сард 7 хоног, 2022 оны 01 сард 7 хоногийн хугацаагаар хөл хорио тогтоож хаасны улмаас бүх шүүх хуралдааныг цуцлагдаж, хойшилсноос дээрх иргэний хэрэгтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, шүүх хуралдааныг товлох ажиллагаа хийгдээгүй болно. Энэ бүхнээс үзэхэд шүүгч хэргийг хүлээн авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэрлээгүй нь цаг үеийн нөхцөл байдал болон тухайн шүүхэд ажиллаж буй шүүгч нарын хэргийн ачааллын улмаас шалтгаалсан байхад шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д “хаалттай болон нээлттэй сануулна” гэж заасан байхад цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д зааснаар зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохироогүй байна. Иймд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Холбогдох шүүгч Б.Мөнхбаярын гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Г.Ганболд, Ч.Буянжаргал нарын нэхэмжлэлтэй Х.Ганзоригт холбогдох гэм хорын хохирол 12,445,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, нэр бүхий шүүгч нарын бүрэлдэхүүнтэй 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/02494 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 486 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Улмаар 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00743 дугаар шийдвэрээр хэргийг дахин шийдвэрлэж, шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, нэр бүхий шүүгч нарын бүрэлдэхүүнтэйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Уг шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 1199 дүгээр магадлалаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, шүүгч Б.Мөнхбаяр хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч Г.Ганболдоос 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүгч Б.Мөнхбаяр болон нэр бүхий шүүгч нараас татгалзах хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ЕШ2021/02795 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.” гэж тус тус заасан.

Тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ЗТ2021/01219 дугаар шүүгчдийн зөвлөгөөнөөр уг хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан байна. Харин шүүгч Б.Мөнхбаярын шүүгчийн бүрэн эрхийг Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаар зөвлөгөөний тогтоолоор түдгэлзүүлжээ. Тэрээр уг хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ямар ажиллагаа хийсэн нь тодорхой бус байна. Дээрх хугацаа хэтэрсэн нь шүүгчээс хамаараагүй гэх түүний тайлбар, магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолд дурдсан “...хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлээгүй нь цаг үеийн нөхцөл байдал болон хэргийн ачааллын улмаас шалтгаалсан” гэх үндэслэл баримтаар нотлогдсонгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн хугацаанд хэргийг шийдвэрлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл тогтоогдсонгүй.

Иймээс шүүгч Б.Мөнхбаяр нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх нотлох дүгнэлт үндэслэлтэй болжээ. Харин сахилгын хорооны хуралдаанаас түүнд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д зааснаар цалингийн хэмжээг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь 56 дугаар сарын 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэсэнд нийцээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д “энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах сахилгын шийтгэл оногдуулна” гэжээ.

Шүүгч Б.Мөнхбаярын шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байгаа болон өмнө нь тэрээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр магадлалаар түүнд цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсныг нээлттэй сануулах сахилгын шийтгэл болгон өөрчилж, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах” гэснийг “нээлттэй сануулах” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

 

ДАРГАЛАГЧ                            С.ЭНХТӨР

       ГИШҮҮН                                  О.НОМУУЛИН

                                        Д.МЯГМАРЦЭРЭН

 

Сахилгын хорооны магадлалыг үзэх бол ЭНД дарна уу.