МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-16
Дугаар 68
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Б.Т, Д.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд “...шүүгч Б.Т, Д.А нар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчтэй хувийн харилцаа тогтоосон нь илтэд харагдаж, толгой дохин дохио зангаагаар харьцаж өөрийн байдлыг илэрхийлж байсан, шүүгч Б.Т-ын царай илтэд өөрчлөгдөж, хөмсгөө зангидан дургүйцлээ илэрхийлж байсан, мөн хариуцагчтай захирангуй загнах байдлаар харьцаж байсан зэрэг нь нотлогдохгүй байх тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Л.С өргөдөлдөө “...хуралдаан даргалагч шүүгч Б.Т, шүүгч Б.А нар нь О болон түүний өмгөөлөгч А-той хуйвалдаж, хувийн харилцаа тогтоосон болох нь шүүх хуралд илтэд харагдаж байсан. Тодруулбал, хурал эхэлсэн цагаас шүүгч Б.Т өмгөөлөгч А-ын ярьсан зүйлийг дэмжин өөдөөс нь толгой дохин, дохио зангаагаар харьцаж...” гэжээ.
...шүүхийн шүүгчийн 2020.03.24-ний өдрийн ... дугаар захирамжаар Л.О-ийн нэхэмжлэлтэй Л.С-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэжээ.
Тус шүүхийн шүүгч Б.Т даргалж, шүүгч Д.А, Д.У нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2020.04.10-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хянан хэлэлцээд ... дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгч Б.Т Д.А нар нэхэмжлэгч нартай хуйвалдаж, хувин харилцаа тогтоосон гэх байдал тогтоогдоогүй байна. Түүнчлэн гомдлыг хянан хэлэлцэхдээ шүүгч нар өмгөөлөгчийн хэлсэн ярьсан зүйлийг дэмжин, өөдөөс нь толгой дохин, дохио зангаагаар харьцсан, ...царай нь илтэд өөрчлөгдөж, хөмсгөө зангидан дургүйцлээ илэрхийлж байсан, надтай захирангуй, загнах байдлаар харьцсан гэх байдал шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ гэж тодорхойлсон.
Холбогдох шүүгч нар хууль болон шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй талаарх илтгэгч гишүүний санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.
Иймд саналыг хүлээн авч, холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн шүүгч Б.Т, Д.А нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР