
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-09-02
Дугаар 105
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, өргөдөл гаргагч Т.Г нарыг оролцуулан, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлж, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, тус шүүхийн шүүгч З.Ганчимэг, Б.Хишигзаяа, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин нарт холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүнийн 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ГНД/2026/0031 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-д:
“...Нэг. Шүүгч Б.Бээжингийн гаргасан сахилгын зөрчлийн талаар,
1.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч нараас “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/*** дүгээр магадлалаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүгч Б.Бээжингийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/*** дүгээр захирамжаар хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн байна.
Учир нь тус шүүгчийн захирамжийг үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тухайн хэрэгт хариуцагчаар оролцож буй этгээдэд тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгахыг үүрэг болгосон заалт бөгөөд шүүхээс гарах шийдвэрийг баталгаатай биелэгдэх нөхцөлөөр хангахын тулд урьдчилан авдаг арга хэмжээ юм.
Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар тухайн хэрэгт хариуцагчаар оролцоогүй төлбөр авагч Т.Г-н нэхэмжлэлтэй хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр явуулж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”, 27.1.2-д “төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэглэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж заасныг үндэслэн түдгэлзүүлсэн нь хуулийг буруу тайлбарлаж, өөрт олгогдсон эрхийг буруу хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал, дээрх хуулийн заалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан хөрөнгийг хамгаалах зорилгоор түдгэлзүүлэхээр заасан зохицуулалт байтал шүүгч Б.Бээжин нь төлбөрт хураагдаагүй буюу хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, ингэхдээ хариуцагчид үүрэг болгосон хуулийн заалтыг баримтлан харилцан хамааралгүй хоёр хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Үүний улмаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч Т.Г-н эрх, ашиг хөндөгдсөн гэж үзнэ.
Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэнээр хариуцагч Н.Д-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлт баталгаажих боломжгүй бөгөөд нөгөө талаар тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь хариуцагчид өөрт нь хэвээр хадгалагдах юм.
Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолд “... “Ноцтой зөрчих” гэдгийг ... Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тайлбарласан.
Дээрх үндэслэлээр шүүгч Б.Бээжин нь 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025*** дүгээр захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт заасан илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэж үзлээ.
1.2 Шүүгч Б.Бээжин 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/*** дүгээр захирамж гаргаснаар хариуцагч Н.Д-д давуу байдал бий болгосон гэж дүгнэлээ.
Тус захирамжаар хариуцагч Н.Д-н төлбөр төлөгчөөр оролцож байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагчид олгохоор шийдвэрлэсэн 514 толгой мал буюу хөдлөх эд хөрөнгө нь дараагийн хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд Н.Д-н эзэмшил, өмчлөлд үлдэж, захиран зарцуулах эрх нь нээлттэй үлдсэн байна.
Шүүгч Б.Бээжин нь өмнө нь шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож тухайн хөрөнгийн талаар маргаж байсан этгээдүүдийн нэхэмжлэлтэй хэрэгт тэдгээрийн гаргасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан төлбөрт хураагдсан хөрөнгийг хамгаалах хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэж хариуцагчийн эзэмшил, өмчлөлд байгаа хөрөнгийг гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагчид давуу байдал бий болгосон байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн болно.
Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй этгээд нь тухайн малыг өөрийн өмчлөл эзэмшилд байлгаж захиран зарцуулж үр шим, ашгийг нь хүртэх боломжийг бий болгосон гэж үзэхээр байна.
1.3 Шүүгч Б.Бээжин нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж гаргахдаа гомдол гаргах эрхийг дурдаагүй байна.
Дээрх захирамжийг илт үндэслэл муутай гэж үзэж гуравдагч этгээд Т.Г-с мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасныг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 193/ШЗ2025/*** дугаар шүүгч Б.Бээжингийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэсэн шүүгчийн захирамждаа гомдол гаргах эрхтэй талаар дурдсан байна. Улмаар Т.Г-н гомдлоор дээрх шүүгчийг захирамжийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянаж, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 193/ШТ2025/*** 5 дугаар тогтоолоор “...тус шүүгчийн захирамж илт үндэслэл муутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж үзэж захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Шүүгч Б.Бээжин нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн захирамж гаргахдаа хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг захирамждаа дурдаагүй байх боловч Т.Г нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтийг хангаагүй орхисон шүүгчийн захирамжид гомдол гаргаж, 3 шүүгчийн бүрэлдэхүүн тухайн шүүгчийн захирамжийг хянасан байна. Иймд хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан гэх үндэслэлээр шүүгч Б.Бээжинг буруутгаагүй боловч цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулахдаа хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхтэй эрхийн актад уг эрхийг дурдаж, гомдол гаргах эрхээр хангаж ажиллахад анхаарвал зохино.
Хоёр. Шүүгч Э.Дулмаа, З.Ганчимэг, Б.Хишигзаяа нар хууль зөрчсөн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтийг хангахгүй орхисон захирамжийг хэвээр үлдээсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тогтоол, захирамж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих, тогтоол, захирамж, шийтгэвэрт өөрчлөлт оруулах, тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгох байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан.
Гуравдагч этгээд Т.Г-с шүүгч Б.Бээжингийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 193/ШЗ2025/*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 193/ШТ2025/*** дугаар тогтоолоор шүүгч Э.Дулмаа, З.Ганчимэг, Б.Хишигзаяа нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтын илт үндэслэл муутай гэдэг нь үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгоно. Шүүгчийн захирамж илт үндэслэл муутай болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэж захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хэдийгээр шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах гомдлыг хангахгүй орхиж, хэвээр үлдээсэн байх боловч энэ нь тухайн шүүгч нарыг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Учир нь шүүх бүрэлдэхүүн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчийн захирамжийг хянаад, олонхын саналаар гаргасан шийдвэр байх ба хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгч Б.Бээжин нь Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шүүгчээр сэлгэн ажиллах хугацаа 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан тул шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 193/ЗТ2025/*** дугаар тогтоолоор уг иргэний хэрэг тухайн шүүхийн шүүгч П.Нямсүрэнд хуваарилагдсан байна.
Улмаар шүүгч П.Нямсүрэнгийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 193/ШЗ2025/*** дүгээр “Хүсэлт шийдвэрлэж шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжийн 5 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/***1 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Тус захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гомдол гаргасныг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 193/ШТ2025/*** дүгээр тогтоолоор шүүгч З.Ганчимэг, Э.Дулмаа, Б.Хишигзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хэргийн оролцогч нараас шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонссоны үндсэн дээр шийдвэрлэдэг. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/*** дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох асуудлыг талуудаас огт тавиагүй, хөндөөгүй байхад шүүгч хэргийн оролцогч нараас шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлттэй захирамжийг хүчингүй болгох асуудлыг хамтад шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ нь шүүх нэг захирамжаар хоёр өөр төрлийн асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн. Тухайлбал, нэг нь талуудын гаргасан хүсэлт, нөгөө нь шүүгч санаачилгаараа шийдвэрлэх асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой байх шаардлагыг алдагдуулсан.” гэж үзэж, уг шүүгчийн захирамжийн захирамжлах 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Энэ талаар шүүгч Э.Дулмаа, З.Ганчимэг, Б.Хишигзаяа нараас ирүүлсэн нэмэлт тайлбартаа “...Сахилгын хорооны тогтоолд бүрэлдэхүүн эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэсний дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно гэж заасан. Шүүх 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гомдлыг хэлэлцээд 193/ШТ2025/*** дугаартай тогтоол гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 17 дугаар тогтоолын албан ёсны тайлбарыг удирдлага болгосон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан илт үндэслэл муутай гэдгийг үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл зөвхөн техникийн шинжтэй алдааг засахад хэрэглэх агуулгад нийцүүлэн шийдвэр гаргасан болно. 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гомдлыг хэлэлцээд 193/ШТ2025/*** дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шүүх хуралдааны явцад гарсан хүсэлтийг талуудын саналыг сонсож шийдвэрлэнэ. Талуудаас хүсэлт гаргаагүй асуудлыг энэ хуулийн 124.1-д заасантай хамтатган шийдвэрлэсэн нь процессын хувьд оновчгүй байсан тул бүрэлдэхүүн уг алдааг залруулж өөрчлөлт оруулсан. Ийнхүү гомдлыг хянан хэлэлцэж, тогтоол гаргасан үйлдэл нь шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон эрх хэмжээгээ зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзнэ...” гэжээ.
Шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянаад нэг захирамжаар хоёр өөр төрлийн асуудлыг хамтад нь шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж тодорхой байх шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогчийн хүсэлттэй хамтатган шийдвэрлэсэн нь процессын хувьд оновчгүй гэж үзсэн байна. Харин шүүгчийн захирамжийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй байх тул шүүх бүрэлдэхүүнийг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Өргөдөлд “...2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гомдол хэлэлцсэн шүүх хуралдаанд дээр миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэлэх эрхийг хязгаарласан” гэжээ.
Шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганчимэг даргалж, шүүгч Э.Дулмаа, Б.Хишигзаяа нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Б, цахимаар нэхэмжлэгч Н.Н, Н.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд буюу өргөдөл гаргагч Т.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж нар оролцсон байна.
Шалгах ажиллагааны явцад, өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийж бэхжүүлсэн ба бичлэгийн
0:02:23-0:03:20 минутад, Даргалагчаас: Гомдол хэлэлцэх шүүх хуралдааны дарааллыг тогтоож, хэргийн оролцогч нараас гаргасан гомдол, тайлбарыг сонсов.
0:16:21-0:27:01 минутад, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Тус шүүхэд гаргасан тайлбараа танилцуулав.
0:27:02-0:27:06 минутад, Даргалагчаас: Хэргийн оролцогч нар сая хэлсэн зүйлээ давхардуулахгүй нэмэлт тайлбар хэлнэ үү гэхэд,
0:40:00-0:40:27 минутад, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Н.Н сая тайлбартаа хэлсэн. Энэ хэрэг одоо 4, 5 дахь жилдээ явж байна гэсэн. Тэгэхээр энэ хэрэг маргаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Н.Н, Н.О, Н.Д, Н.Д нар бүгд оролцож байсан гэхэд
0:40:28-0:40:32 минутад, Даргалагчаас: Төлөөлөгчөө өмнөх хэргийн үйл баримтыг яриад яах вэ. Захирамжийнхаа тухай яриарай гэв.
0:40:33-0:41:31 минутад, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Үргэлжлүүлэн нэмэлт тайлбараа хэлэв.
0:43:23-0:43:44 минутад, Даргалагчаас: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнө нь хэлсэн тайлбараа давхардуулахгүй хэлэх нэмэлт тайлбар байна уу гэхэд
0:43:45-0:43:51 минутад, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Энэ маргаан 3 шатны шүүхээр маргаад шийдвэрлэгдчихсэн хэрэг шүү гэж хэлмээр байна гэв.
0:43:51-0:43:59 минутад, Даргалагчаас: Энэ гомдол шийдвэрлэх хуралдаантай хамааралгүй. Өөр тайлбар байна уу гэхэд
0:44:00-0:44:01 минутад, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Өөр тайлбар байхгүй гэж хэлсэн болох нь бичигдсэн байна.
Дээрхээс үзвэл, даргалагчаас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбар хэлэх боломжийг удаа дараа олгож, тэрээр шүүх хуралдааны явцад нийт 10 минут 40 секунд тайлбар хэлсэн байх бөгөөд түүний тайлбар хэлэх боломжийг хязгаарласан гэх өргөдөлд дурдсан үндэслэл үгүйсгэгдэж байна.
Даргалагчаас шүүгчийн захирамжид гаргасан гомдлын хүрээнд тайлбараа хэлэхийг сануулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-д “Шүүх хуралдааны даргалагч шүүх хуралдааныг явуулахдаа, хэргийн оролцогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасанд нийцнэ.
Түүнчлэн, шүүгч П.Нямсүрэн нь 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 193/ШЗ2026/01195 дугаар захирамжаар “...Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/*** магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахь төлбөр авагч Т.Г нь энэ иргэний хэрэгт хариуцагч биш байна. Төлбөр авагч Т.Г, төлбөр төлөгч Н.Д нарын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн нь илт үндэслэлгүй байна.” гэж үзэж 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/*** дугаар шүүгчийн захирамжийг дахин хүчингүй болгожээ.
Уг шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гомдол гарган , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар болон тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзан гаргах хүсэлт гаргасан байна. Гуравдагч этгээд Т.Г-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн бүх шүүгчээс татгалзах гарах хүсэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ЗТ2026/*** дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Улмаар 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг 193/ШТ2026/*** дугаар тогтоолоор хангахаас татгалзаж, энэхүү тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар дурдаж шийдвэрлэсэн байх ба мөн өдрийн 193/ШТ2026/*** дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулж, 193/ШТ2026/*** дугаар тогтоолд “гомдол гаргах эрхгүй” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар ...гомдол гаргах эрхтэй” болохыг дурдаж өөрчлөлт оруулсан байна.
Тус шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 193/ШТ2026/*** дугаар тогтоолоор 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/*** дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 193/ШЗ2026/*** дугаар шүүгчийн захирамжид гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг шүүгч З.Ганчимэг, Э.Дулмаа, Л.Энхбилэг нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, “...төлбөр авагч Т.Г нь Н.Н нарын нэхэмжлэлтэй энэхүү хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэхээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд биш бөгөөд энэ хэрэгт хамааралгүй төлбөр авагч Т.Г-н хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т заасан нөхцөл байдалд хамааруулан түдгэлзүүлэх боломжгүй юм. Иймд ...хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гуравдагч этгээдийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэн, түүний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон шүүгчийн захирамж үндэслэлтэй” гэж дүгнэж захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/*** дугаар захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж, тус захирамжаар шийдвэрлэсэн хүсэлтэд хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хариуцагч Н.Д-д давуу байдал бий болгосон байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж тус тус дүгнэж нотлох дүгнэлт үйлдэв.
Харин Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч З.Ганчимэг, Б.Хишигзаяа нарт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Г-с шүүгч Б.Бээжинд холбогдуулан “хуулийг буруу хэрэглэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэснээрээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болгосон, хэргийн нэг талд давуу байдал бий болгосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамж гаргахдаа гомдол гаргах эрхийг хязгаарласан” гэх, шүүгч Э.Дулмаа, З.Ганчимэг, Б.Хишигзаяа нарт холбогдуулан “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн 193/Ш32025/*** дугаар захирамжид гаргасан гомдлыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, хүсэлтийг хангасан шүүгчийн 193/Ш32025/048341 дүгээр захирамжийг хүчингүй болгосон, шүүх хуралдаанд миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэлэх боломжийг хязгаарласан” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.
Илтгэгч гишүүн дээрх өргөдөлд 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГЗҮ/2026/0011 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ГС/2026/0038 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасныг Сахилгын хорооны хуралдааны СХТ/2026/0045 дугаар тогтоолоор хүчингүй болгон, дахин шалгуулахаар буцаасан байна.
Улмаар илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, “шүүгч Э.Дулмаа, З.Ганчимэг, Б.Хишигзаяа нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргаагүй гэх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал, шүүгч Б.Бээжин Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “... албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж ... бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ... зөрчсөн” зөрчлийг гаргасан” гэх үндэслэлээр 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ГНД/2026/0031 дугаартай нотлох дүгнэлт үйлджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасан сахилгын хэргийн хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаж, мөн хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Холбогдох шүүгч Э.Дулмаа, З.Ганчимэг, Б.Хишигзаяа нар 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан, 01 дүгээр сарын 28-ны өдөр хариу тайлбар, баримт ирүүлсэн, 03 дугаар сарын 12-ны өдөр сахилгын хэрэгт авагдсан баримттай танилцсан, СХТ/2026/0045 дугаар тогтоолд холбогдуулан 05 дугаар сарын 06, 05 дугаар сарын 28-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн, 05 дугаар сарын 27-ны өдөр “нэмж гаргаж өгөх баримт, хүсэлтгүй” болохоо мэдэгдсэн байх ба мөн шүүгч З.Ганчимэг 03 дугаар сарын 16-ны өдөр “нотлох баримт гаргуулах” хүсэлт гаргасан, 03 дугаар сарын 17-ны өдөр баримт ирүүлсэн;
- Холбогдох шүүгч Б.Бээжин 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан, 01 дүгээр сарын 28-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн, 05 дугаар сарын 05-ны өдөр сахилгын хэрэгт авагдсан баримттай цахимаар танилцсан, 05 дугаар сарын 27-ны өдөр “хэргийн материалтай танилцаж, тайлбараа өгнө” гэх тайлбар ирүүлсэн, 06 дугаар сарын 04-ний өдөр сахилгын хэрэгт авагдсан баримттай цахимаар танилцсан байна.
Мөн шүүгч Б.Бээжингээс 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цахимаар ирүүлсэн хүсэлтдээ “Т.Г-н гомдолтой сахилгын хэргийн хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлттэй байх тул хуралдааныг хойшлуулж өгнө үү. Учир нь 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ээлжийн амралт эдэлж байгаа ба гэр бүлийн хүнийг эмчилгээнд авч явж байгаа” гэж дурдаж, ээлжийн амралтын хуваарийг хавсарган ирүүлсэн байх ба уг өдрийн Сахилгын хорооны хуралдааны СХТ/2026/0087 дугаар тогтоолоор хуралдааныг хойшлуулж, 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр товлон, товыг 07 дугаар сарын 06, 08 дугаар сарын 25-ны өдөр тус тус мэдэгдсэн байх боловч холбогдох шүүгч хуралдаанд оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.
Шүүгч Б.Бээжин тус хороонд ирүүлсэн 01 дүгээр сарын 28-ны өдрийн тайлбартаа Н.Н нарын нэхэмжлэлтэй Н.Д-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан үйл баримтыг дурдаж, “Т.Г-н хууль ёсны эрхийг зөрчөөгүй гэсэн” байх ба сахилгын зөрчилд хамаарах эсэх талаар аливаа тайлбар, дүгнэлт гаргаагүй, зөрчлийг үгүйсгэсэн үндэслэл дурдаагүй байх тул шүүгч зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Нотлох дүгнэлтэд дурдсан сахилгын хэргийн тухайд:
Т.Г-н нэхэмжлэлтэй Н.Д-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч зарим шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны 210/МА2025/... дүгээр магадлалаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас 514 толгой малыг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгчээс дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгч 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 193/ШЗ2025/*** дугаар захирамжаар шийдвэрлэсэн байна.
Уг иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан Н.Н, Н.Д, Н.О, Н.Д нараас мөн хэрэгт хариуцагчаар оролцож байсан Н.Д-д холбогдуулан 798 толгой мал гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасанд, шүүгч Б.Бээжин 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 193/ШЗ2025/*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна.
Нэхэмжлэгч нар 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгч Б.Бээжин 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/*** дүгээр захирамжаар хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т заасныг удирдлага болгон, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн зүйлийн 27.1-д “Шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”, 27.1.2-д “төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно” гэсэн.
Хуульд ийнхүү заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан хөрөнгөтэй холбоотой заалтыг шүүгч хэрэглэн, төлбөрт хураагдаагүй хөрөнгийг буюу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон өөр хэргийн төлбөр авагчийн нэхэмжлэлтэй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснээрээ иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлт баталгаажих боломжгүй үр дагавар үүсгэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа арга хэмжээг авахдаа үнэт цаасны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаа, төлбөрийн үүргийг тасалдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй” гэж зааснаас үзвэл, шүүх аливаа этгээдийн хууль ёсны эрхийг хөндөхгүй байх шаардлагатай.
Нэхэмжлэгч нарын хүсэлтэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байгаа хөрөнгө болох мал нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2025/... дүгээр магадлалаар шийдвэрлэсэн иргэний хэргийн талаар тодорхой дурдсан байх атал шүүгч хариуцагчид үүрэг болгосон заалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг баримтлан, тухайн хэргийн хариуцагч бус өөр хэргийн төлбөр авагчид хамаарах хөрөнгөтэй холбоотой ажиллагааг түдгэлзүүлсэн нь төлбөр авагчийн хууль ёсны хөрөнгөө захиран зарцуулах, үр шимийг нь хүртэх эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэж дүгнэлээ.
Илтгэгч гишүүний дүгнэлтэд “Үүний улмаас тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч Т.Г-н эрх, ашиг хөндөгдсөн гэж үзнэ. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэнээр хариуцагч Н.Д-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлт баталгаажих боломжгүй бөгөөд нөгөө талаар тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь хариуцагчид өөрт нь хэвээр хадгалагдах юм” гэсэн нь үндэслэлтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн зүйлийн 27.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэг нь шууд нэг утгаар хэрэглэгдэх агуулгатай хуулийн зохицуулалт байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид олгосон эрхийг хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдлийг шүүгч Б.Бээжин гаргажээ.
Энэ талаар илтгэгч гишүүн “... шүүгч Б.Бээжин нь 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 193/ШЗ2025/*** дугаар захирамж гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж, тус захирамжаар шийдвэрлэсэн хүсэлтэд хамааралгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хариуцагч Н.Д-д давуу байдал бий болгосон...” гэж дүгнэснийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэв.
Харин шүүгч Б.Бээжин нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамждаа хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг дурдаагүй байх боловч Т.Г нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтийг хангаагүй орхисон шүүгчийн захирамжид гомдол гаргаж, улмаар 3 шүүгчийн бүрэлдэхүүн тухайн шүүгчийн захирамжийг хянасан үйл баримт тогтоогдсон байх тул “хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан” гэх үндэслэлээр шүүгч Б.Бээжинг буруутгаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тогтоол, захирамж, шийтгэврийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих, тогтоол, захирамж, шийтгэвэрт өөрчлөлт оруулах, тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгох байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан.
Гуравдагч этгээд Т.Г-с шүүгчийн 193/ШЗ2025/0*** дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 193/ШТ2025/*** дугаар тогтоолоор шүүгч Э.Дулмаа, З.Ганчимэг, Б.Хишигзаяа нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтын илт үндэслэл муутай гэдэг нь үг, үсэг, тоо, тооцооны алдаатай зэрэг байдлыг ойлгоно. Шүүгчийн захирамж илт үндэслэл муутай болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэж захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримтыг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж буй шүүгчийн шүүн таслах үүргээ хэрэгжүүлэх үүднээс гаргасан бусад захирамж үндэслэлтэй эсэх талаар шүүх бүрэлдэхүүн үнэлэлт, дүгнэлт өгөх эрхгүйгээс гадна Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хөндлөнгөөс оролцохыг хуулиар хориглосон тул хянах эрхгүй.
Түүнчлэн шүүгчийн гаргасан захирамжийн захирамжлах хэсэгт "гомдол гаргах эрхтэй" хэмээн тусгаж, гомдол гаргах эрхийг нээсэн тохиолдолд шүүх бүрэлдэхүүн тухайн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар хянах үүрэгтэй.
Иймд илтгэгч гишүүн “шүүх бүрэлдэхүүн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчийн захирамжийг хянаад, олонхын саналаар гаргасан шийдвэр байх ба хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэснийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар шүүх хуралдаанд оролцогчид зохих журмын дагуу эрхээ эдэлж оролцсон нь тогтоогджээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч З.Ганчимэг, Б.Хишигзаяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн”, 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасан зөрчлийг тус тус гаргасан гэж дүгнэн, илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д “энэ хуулийн ...50.1.23-т заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах” гэж, 57.1.10-д “энэ хуулийн 50.1.1...-т заасан зөрчилд огцруулах” сахилгын шийтгэл оногдуулна тус тус заасан.
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СХМ/2025/0016 дугаар магадлалаар шүүгч Б.Бээжинд “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Шүүгчийн гаргасан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүний “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” зөрчилд нь “шүүгчийн албан тушаалаас огцруулах”, “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” зөрчилд нь “шүүгчийн албан тушаалаас огцруулах” сахилгын шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ГНД/2026/0031 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч З.Ганчимэг, Б.Хишигзаяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Бээжинд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7, 50 дугаар зүйлийн 50.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.10-д заасныг тус тус баримтлан, түүнд “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР