
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2026-06-02
Дугаар 19
Улаанбаатар хот
Магадлалыг хэвээр үлдээх тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Н, холбогдох шүүгч Л.Хэрлэнчимэг, А.Мөнх-Өлзий, Ч.Ганбаатар нарыг оролцуулж тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0057 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан холбогдох шүүгч нарын гомдлыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ГНД/2026/...8 дугаар нотлох дүгнэлтдээ “шүүгч Л.Хэрлэнчимэг, А.Мөнх-Өлзий, Ч.Ганбаатар нарыг урьдчилан тооцоолсон шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй, даргалагч шүүгч Л.Хэрлэнчимэг шүүхийн тогтоолыг танилцуулахдаа нэхэмжлэгч талаас гаргасан “нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах тухай” хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбарлаагүй нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн боловч ноцтой зөрчсөн гэж үзэхгүй, ...шүүхийн тогтоол хуульд заасан хугацаанд гаргаагүйг сахилгын зөрчилд тооцох боломжгүй, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хэргийн оролцогчдоос иргэдийг төлөөлөгчийг заавар оролцуулах талаар санал гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн даргалагчийн ажиллагаа хуульд нийцсэн гэж үзсэн байна. Харин шүүх бүрэлдэхүүний шүүгч нар нэхэмжлэгч талаас гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг, шүүгч Л.Хэрлэнчимэг мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг тус тус ноцтой зөрчсөн” гэжээ.
Тус хорооны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0057 дугаар магадлалаар “...шүүгч, шүүх бүрэлдэхүүн урьдчилан тооцоолсон шийдвэр гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй, шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг 7 хоногийн дараа бичгээр албажуулан гаргасан байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтад заасан үндэслэлээрх буруутгах боломжгүй, мөн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг ...шүүгч зөрчил гаргасан гэж үзээгүй илтгэгч гишүүний саналыг хүлээн авахаас гадна, шүүгч Л.Хэрлэнчимэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэх илтгэгч гишүүний дүгнэлтийг үндэслэлгүй, уг үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй гэж үзсэн байна.
Харин магадлалаар холбогдох шүүгч Л.Хэрлэнчимэг, А.Мөнх-Өлзий, Ч.Ганбаатар нарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулсан атал уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад эсхүл шүүх хуралдааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болох эрхийг шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгосон боловч “нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах” хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг “ноцтой” зөрчсөн гэж дүгнээд мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “хуулийн илт тодорхой” заалтыг зөрчсөн гэж үзээд холбогдох шүүгч нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулжээ.
Шүүгч Л.Хэрлэнчимэг гомдолдоо: “Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0057 дугаар магадлалаар сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Дээрх магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг надад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн хэмээн хариуцлага ногдуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно" гэж заасныг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон гэж үзэхээр байна. Тодруулбал,
Улсын дээд шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тайлбарт “...Илт тодорхой гэдэг нь ...процессын хуулийн тухайд, уг ойлголтод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг утгаар ойлгогдож хэрэглэгддэг, агуулга нь нэгэнт тогтсон нэр томьёо, ойлголт, хуулийн заалт хамаарна. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг агуулгаар ойлгож, хэрэглэж хэвшсэн (“мэтгэлцэх зарчим”, “нотлох баримт", “итгэмжлэгдсэн төлөөлөгч”, “хэргийн материалтай танилцах", “хууль зүйн туслалцаа авах", “талуудын зарчим", “мөрдөн шалгах зарчим" гэх мэт) ойлголт, агуулгыг “илт тодорхой" заалтад хамааруулна. Харин шүүгчид эрх олгосон “эрхтэй", “болно” гэсэн заалт, түүнчлэн хэд хэдэн арга хэмжээнээс аль нэгийг нь сонгох боломж олгосон зохицуулалт хамаарахгүй. Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно...” гэсэн.
Дээр тайлбарласанчлан “хуулийн илт тодорхой заалт” гэдэг нь хэнд ч ойлгомжтой буюу шүүгчээс мэргэжлийн тусгай мэдлэг, хууль тайлбарлан хэрэглэх ур чадвар шаардахгүй тул хуулийн илт тодорхой заалт зөрчсөнийг “мэргэжлийн алдаа гэж үзэхгүй" гэж заасан.
Энэ асуудлын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэн хүсэлт, нэмэгдүүлсэн шаардлагыг хэлэлцэх явцад хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэл илэрсэн учир мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалтыг шүүх бүрэлдэхүүн сонгож хэрэглэсэн нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн сахилгын зөрчилд хамаарахгүй юм.
Өөрөөр хэлбэл, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болсон акт нь захиргааны акт биш тул үүнтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй, тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох үр дагавар үүсэж, тогтоол гаргасан. Иймээс нэгэнт хэрэг хэрэгсэхгүй болсон учир хүсэлт хэлэлцэх явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг болон гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй.
Энэ шүүхийн тогтоолд хэргийн оролцогчид гомдол гаргах эрхтэй, энэ эрхээ нэхэмжлэгчээс хэрэгжүүлэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн тогтоол хүчингүй болсны дараа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, шинжээч томилох хүсэлтийг шийдвэрлэж, энэ талаарх баримтыг сахилгын хэрэгт өгсөн.
Гэтэл сахилгын хорооны магадлалд нэхэмжлэгчийн хүсэлт, нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлээгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлгүй дүгнэсэн болно.
Нөгөөтэйгээр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгатай.
Үүний дагуу шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргасан байхад сахилгын хорооны магадлалаар заавал эхлээд хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу хүсэлт, нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэнэ гэх агуулгаар дүгнэлт хийж буй нь хууль хэрэглэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг давж заалдах шатны шүүхээс хянаж, шийдвэрлэх эрх хэмжээг давхар хэрэгжүүлсэн, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон явдал юм.
Шүүгч миний тухайд шүүгчийн тангараг өргөж, зөвхөн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, сахилгын зөрчил гаргаагүй болно.
Иймд сахилгын арга хэмжээ ногдуулсан магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч А.Мөнх-Өлзий гомдолдоо: “Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0057 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Тухайн захиргааны хэргийн маргааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн энэ асуудлыг хэлэлцэх үед үндсэн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн шинжийг урьдчилсан байдлаар үнэлж, түүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн гэж үзсэн нөхцөл байдал бий болсон. Үүнтэй уялдуулан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг тусад нь бие даан шийдвэрлэх нь зайлшгүй шаардлагатай ажиллагаа биш, харин үндсэн маргааны үр дагавраас шууд хамааралтай процессын шинжтэй асуудал гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн юм.
Иймээс тухайн ажиллагаа нь хуульд заасан үүргийг санаатайгаар биелүүлээгүй, эсхүл оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл бус, харин шүүх бүрэлдэхүүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хэрэгт хамаарах асуудлыг ямар дарааллаар, ямар хэмжээнд шийдвэрлэхийг тогтоосон процессын үнэлгээ байсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.1-д заасан зохицуулалт нь бух хүсэлтийг заавал тус тусад нь шийдвэрлэхийг императив байдлаар шаардсан хатуу үүрэг биш бөгөөд шүүх хуралдааны явцад хэрэгт ач холбогдол бүхий асуудлыг нэгтгэн шийдвэрлэх процессын боломжийг үгүйсгээгүй зохицуулалт юм. Ийм нөхцөлд тухайн асуудлыг “илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэж шууд ангилсан нь эрх зүйн хэрэглээний хувьд хэт өргөтгөсөн дүгнэлт болсон гэж үзэж байна.
Мөн маргаан бүхий тогтоолд хэргийн оролцогчийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Учир нь тухайн хэрэгт оролцогч нь хүсэлт гаргах, тайлбар өгөх, мэтгэлцэх, нотлох баримт гаргуулах эрхээ бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд түүний эрхийг бодитоор хязгаарласан, эсхүл шүүх хуралдаанд оролцох боломжийг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцсэн бөгөөд түүнийг огт үл тоомсорлоогүй, харин үндсэн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үнэлгээтэй уялдуулан тусад нь шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн нь процессын үнэлгээний шинжтэй шийдвэр байсан юм.
Энэхүү нөхцөл байдлыг “ноцтой зөрчил” гэж ангилахын тулд оролцогчийн эрх бодитоор хязгаарлагдсан, шүүх хуралдаанд оролцох боломж үгүй болсон, эсхүл түүний эрхэд нөхөн сэргээгдэх боломжгүй ноцтой хохирол учирсан байх шаардлагатай боловч тухайн хэрэгт ийм нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин ч давж заалдах шатны шүүхийн хяналтаар холбогдох процессын асуудлууд засварлагдсан бөгөөд эцэст нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсанаар хэрэг бүрэн дуусгавар болсон үйл баримт байгаа нь бодит хохирол, үр дагавар үүсээгүйг харуулж байна.
Мөн би тухайн шүүх бүрэлдэхүүний гишүүн шүүгчээр оролцсон бөгөөд зөвлөлдөх тасалгаанд гарсан процессын үнэлгээнд оролцсон боловч тогтоолын эцсийн агуулгыг боловсруулах, үндэслэл бичих, шийдвэрийг албажуулах, танилцуулах ажиллагааг дангаар гүйцэтгээгүй. Ийм байхад хамтын шийдвэрийн агуулгыг хувь шүүгчийн буруутай үйлдэл болгон ялгамжгүйгээр сахилгын хариуцлагад хамруулсан нь хувь хүний буруутай үйлдлийг тогтоох зарчимд нийцэхгүй байна.
Дээр дурдсан бодит нөхцөл байдал, эрх зүйн үнэлгээ болон процессын оролцооны хүрээг харгалзан үзвэл “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн”, “хэргийн оролцогчийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн” гэх дүгнэлт нь эрх зүйн шалгуурыг хангаагүй гэж үзэж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны СХМ/2026/0057 дугаар магадлалыг хүчингүй болгож, надад оногдуулсан сахилгын шийтгэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Ч.Ганбаатар гомдолдоо: “Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0057 дугаар магадлалд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Магадлалаар "нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг “ноцтой” зөрчсөн" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тухайн хэргийн нэхэмжлэгчээс гаргасан дээрх хүсэлтүүдийг хэлэлцэх үед үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл тогтоогдсон.
Мөн Сахилгын хороо Улсын дээд шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолын “ноцтой зөрчих” гэдгийг буруугаар тайлбарлаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй.
Иймд Шүүхийн сахилгын хорооны СХМ/2026/0057 дугаар магадлалыг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Миний бие хуралдаанд биечлэн оролцох бөгөөд гомдлын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах болно” гэжээ.
1. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ЗТ2025/...7 дугаар тогтоолоор “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...сайдад холбогдох тус сайдын 2024 оны ...6 дугаар тушаал болон 2024 оны ...0 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг шүүгч Л.Хэрлэнчимэгт хуваарилагджээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 23-26 тал/
Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалан, бүрэлдэхүүнд шүүгч Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нар оролцсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Ц.Т нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, мөн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан, шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар шүүхийн 128/ШТ2025/...6 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 27-33 тал/
2. Шүүхийн сахилгын хорооны магадлалд “...холбогдох шүүгч нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна, ...хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг “ноцтой” зөрчсөн гэж дүгнэлээ. ...нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг “ноцтой” зөрчсөн гэж дүгнэлээ. Мөн шүүгч нарын буруутай үйл ажиллагаанаас хамаарч 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэлгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байдлыг харгалзан үзэв. ...Харин даргалагч шүүгч П.Хэрлэнчимэгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлгүй...” гэжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 39-59 тал/
3. Сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З “нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шаардлагын үндэслэлээ, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т “шинжээч томилуулах” хүсэлтээ танилцуулсны дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б уг хүсэлттэй холбоотой тайлбар хэлсний дараагаар хуралдаан даргалагч нь хүсэлт шийдвэрлэхээр завсарлая гэснээр шүүх хуралдаан завсарлаж байна.
Улмаар хуралдаан даргалагч “...Шүүхийн тогтоолын агуулгыг уншиж танилцуулъя. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон тогтоох нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...сайдын 2024 оны ...өдрийн ...6 дугаар тушаал, 2024 оны ...өдрийн ...0 дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна... шүүхийн тогтоолыг эс зөвшөөрвөл ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж байна. Яагаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бэ гэхээр нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа ...сайдын ...6 болон ...0 дугаар тушаалууд нь захиргааны актын шинжийн дотогш чиглэсэн шинжийг агуулаагүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй тул захиргааны акт болж чадахгүй. Энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байгаа, шүүх хуралдаан хаасныг мэдэгдье” гэжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 27-30, 51-59 тал/
4. Шүүгч “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” бол сахилгын зөрчилд хамаарахаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан.
Энэхүү заалтыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 28 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно...”, процессын хуулийн хувьд “ноцтой зөрчих” гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 6-д “Үйлдэл” гэдгийг шүүгч хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн шүүхийн шийдвэр гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсэн, хүлээсэн үүргээ зөрчсөн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг ойлгоно” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ...” гэж заасан нь тухайн тохиолдолд “хуулийн илт тодорхой заалт”-д хамаарахгүй.
Харин мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг шүүх тогтоолын үндэслэлд дурдсан.
Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлд хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байх ба энэ тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсгийг “хуулийн илт тодорхой заалт” гэж үзнэ.
Гэтэл шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцэж эхлээгүй байхад нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулсан атлаа уг хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчилд хамаарна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргах эрхтэй.
Гэтэл шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШТ2025/...6 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2025/...7 дугаар тогтоолоор тогтоогдож байх тул хэргийн оролцогчийн эрхийг “ноцтой” зөрчсөн зөрчилд хамаарна гэж хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүн үзлээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 39-40 тал/
Дээрх үндэслэлээр Шүүхийн сахилгын хорооны 2026 оны СХМ/2026/0057 дугаар магадлалын үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээн, холбогдох шүүгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, үр дагаврыг харгалзан шүүгч нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан тул хэвээр үлдээлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8, 113.8.1, 113.14-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Сахилгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн СХМ/2026/0057 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгч Л.Хэрлэнчимэг, А.Мөнх-Өлзий, Ч.Ганбаатар нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хяналтын тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Хяналтын тогтоолыг хүргүүлснээр гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Б.СУГАР
Г.ЦАГААНЦООЖ