
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-04-15
Дугаар 57
Улаанбаатар хот
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн М.Н, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг, Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ГНД/2026/0018 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: ““М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-ын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэгт холбогдуулан гаргасан өргөдлийг хүлээн авч Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ГЗҮ/2025/... дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ГНД/2026/... дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргаж сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Дүгнэлтийг Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд СХТ/2026/... дугаар тогтоолоор хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан тус тогтоолд заасны дагуу шүүгч Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нарт холбогдуулан нэмж сахилгын хэрэг үүсгэж, улмаар сахилгын хэргүүдийг нэгтгэн шалгах ажиллагаа явууллаа.
Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад цугларсан үйл баримтын тухайд:
“М” ХХК-с Монгол Улсын Боловсролын сайдад холбогдуулан “Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/2... дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, нэхэмжлэл шүүгч А.Г-т хуваарилагдан, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2024/... дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон байна.
Улмаар шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2024/... дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус захирамжид гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ2024/... дугаартай тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгч А.Г нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2024/... дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/... дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/... дугаартай магадлалаар хүчингүй болгосон.
Хэрэг анхан шатны шүүхэд шилжиж, улмаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 128/ЗТ2025/... дугаартай тогтоолоор шүүгч Д.Х-д хуваарилагдсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7... дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон шүүгч Л.Хэрлэнчимэг хүүхэд асрах чөлөө авах хүсэлт гаргасны дагуу тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/5... дугаар тушаалаар түүнд хүүхэд асрах чөлөө олгосон байсан ба шүүгч Л.Хэрлэнчимэг ажилдаа орох хүсэлт гаргасан. Улмаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ЗТ2025/... дугаар тогтоолоор шүүгч Л.Хэрлэнчимэгт дээрх захиргааны хэрэг хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнх-Өлзий, шүүгч Ч.Ганбаатар, шүүгч Л.Хэрлэнчимэг /илтгэгч/ нарыг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ЕШ2025/... дугаартай захирамжаар албажуулсан ба шүүгч Л.Хэрлэнчимэг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ЕШ2025/... дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагт хянан хэлэлцэхээр товлосон.
2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс 128/ТМ2025/... дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2025/... дугаартай тогтоолоор хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Улмаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/... дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Өргөдөл гаргагчаас 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг даргалсан шүүгч Л.Хэрлэнчимэгт холбогдуулан “ ...шүүх хуралдааны процесс зөрчсөн, урьдчилан тооцоолсон шийдвэр гаргасан, манай гаргасан хүсэлтийг яаж шийдвэрлэсэн талаараа хурлын шийдвэрээ уншиж байхдаа ямар ч тайлбар болон шийдвэр хэлээгүй, талуудын мэтгэлцэх боломжийг хангаагүй, тогтоол нь одоо болтол гараагүй байгаа, иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй” гэх агуулга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хороонд гаргасан байна.
1. Өргөдлийн: “ ... урьдчилан тооцоолсон шийдвэр гаргасан” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгч А.Г-ийн даргалан явуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны 128/ШШ2025/... дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/... дугаартай магадлалаар хүчингүй болгосон.
2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалан, шүүгч Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэрэг, маргааныг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ:” 74.1.1-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан”, 87 дугаар зүйлийн 87.3-т “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж тус тус зааснаар шүүх бүрэлдэхүүн нь олонхын саналаар хэргийг шийдвэрлэдэг бөгөөд даргалагч шүүгчийн саналаар хэргийг шийдвэрлэдэггүй болно.
Иймд холбогдох шүүгчийг “ ... урьдчилан тооцоолсон шийдвэр гаргасан” гэж үзэхгүй.
Мөн шүүгч шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т зааснаар шүүгчид хориглосон.
Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүн урьдчилан тооцоолсон шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
2. Өргөдлийн: “ ... манай гаргасан хүсэлтийг яаж шийдвэрлэсэн талаараа хурлын шийдвэрээ уншиж байхдаа ямар ч тайлбар болон шийдвэр хэлээгүй” гэх үндэслэлийн тухайд:
2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан засварлаж, даргалагчаас дараах байдлаар шүүхийн тогтоолыг танилцуулсан байна. Үүнд:
“ ...0:00:00-0:01:51 Даргалагч: Шүүхээс шүүхийн тогтоол гарч байна. Шүүхийн тогтоолын агуулгыг уншиж танилцуулъя. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон Тогтоох нь. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2, 109 дүгээр зүйлийн 109.2-д тус тус заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсролын сайдад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/0... дугаар тушаал, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/2... дугаар тушаалыг тус тус хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл бичгээр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж байна.
Яагаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бэ гэхээр нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж байгаа Боловсролын сайдын А/0... болон А/2... дугаар тушаалууд нь захиргааны актын шинжийн дотогш чиглэсэн шинжийг агуулаагүй эрх зүйн үр дагавар үүсгээгүй тул захиргааны акт болж чадахгүй энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байгаа. За шүүх хуралдаан хаасныг мэдэгдье” гэж бичигджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасан.
2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа тайлбарлахгүй зөвхөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан талаараа тайлбарлажээ.
Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн үндэслэл болно.
Иймд шүүгч Л.Хэрлэнчимэгийг оролцогчийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбарлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзлээ. Харин уг зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Өргөдлийн: “ ... тогтоол нь одоо болтол гараагүй байгаа” гэх үндэслэлийн тухайд:
Шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШТ2025/... дугаартай тогтоолыг бичгээр албажиж гарсан талаар 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Холбогдох шүүгч тайлбартаа “ ..тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гаргасан ба ажлын 3 өдрийн дотор бичгээр гаргаагүйг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана” гэж заасан.
Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т зааснаар “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих”-ийг шүүгчид хориглосон.
Шүүх хэргийг бүрэлдэхүүний хянан шийдвэрлэж буй тохиолдолд тогтоол, шийдвэрийн төслийг илтэгч шүүгч гаргах ба сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл шүүгч Л.Хэрлэнчимэг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу 7 хоногийн дараа /ажлын 5 өдөр/ дотор бичгээр албажуулан гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасныг зөрчсөн байх боловч үүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т заасан шүүгчийн сахилгын зөрчилд тооцох боломжгүй байна.
Уг үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй ч холбогдох шүүгч нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллавал зохино.
4. Өргөдлийн: “ ... иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн жагсаалтыг тус шүүхийн Тамгын газрын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/... дугаартай тушаалын хавсралтаар баталсан байна. Үүнд иргэн А.Н сонгогдож, Н.Ү, Ч.П нар нөөцөд орсон байна.
Улмаар А.Наранжаргалыг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон талаар түүнд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэж, мөн түүний албан ажлын газарт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/7... дугаартай албан бичиг хүргүүлсэн байна.
Гэтэл иргэдийн төлөөлөгч 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд даргалагч шүүгчээс иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйл байгаа эсэхийг оролцогч нараас асуухад оролцогчид татгалзах зүйлгүй талаар хэлсэн нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-т “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасан.
Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүнчлэн хэргийн оролцогчдоос иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах талаар санал гаргаагүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн даргалагч шүүгчийн ажиллагаа хуульд нийцсэн байна.
5. Өргөдлийн “ ...шүүх хуралдааны процесс зөрчсөн, талуудын мэтгэлцэх боломжийг хангаагүй” гэх үндэслэлийн тухайд:
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн СХТ/2026/.... дугаартай тогтоолд: “...өргөдөл гаргагч нь шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Хэрлэнчимэгт холбогдуулан гомдол гаргасан хэдий ч ...шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Мөнх-Өлзий, Ч.Ганбаатар нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай, энэ нь сахилгын хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд тус шүүхийн 128/ТМ2025/.... дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлтэй утга, агуулгын хувьд зөрүүгүй байсан бөгөөд шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, шүүгч Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Х.Э, Д.Д нар оролцсон. Харин иргэдийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй байна.
Уг шүүх хуралдааныг даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирцтэй танилцан, хуралдааны нийтлэг дэг, журам тайлбарлан өгч, оролцогчдын итгэмжлэлийг шалган, шүүх бүрэлдэхүүнийг зарлан татгалзан гаргах эрх, оролцогчдын эрх, үүргийг тайлбарлан, ирцтэй холбоотой болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг асуужээ.
Улмаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтээ танилцуулж, улмаар хариуцагчаас хүсэлттэй холбоотой хариу тайлбар авсны дараа шүүх хуралдаан завсарлаж, шүүхээс тогтоол гарсан байна.
Тодруулбал, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн:
“ ...0:03:16-0:03:26 Даргалагч: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө шинээр гаргаж өгөх нотлох баримт, шийдвэрлүүлэх санал хүсэлт байна уу?
0:03:28-0:03:40 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З: Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан нотлох баримтуудыг гаргаж өгч байгаа.
0:03:40-0:03:40 Даргалагч: Нэхэмжлэлийн шаардлагаа яаж нэмэгдүүлж байгаа вэ?
0:03:40-0:04:14 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З: Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай А/4... дүгээр тушаалаар баталсан сургалтын хөтөлбөрийг хүчингүй болгуулах. Энэ сургалтын хөтөлбөрөөр 2025-2026 оны хичээлийн жилийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэгт хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан байдаг. Нотлох баримтаар сайдын тушаал нь байгаа. Нийтэд илэрхий үйл баримтаас авсан. Хөтөлбөрийг нь авч чадаагүй байгаа.
0:04:21-0:04:25 Даргалагч: Тушаал болон тушаалаар баталсан хөтөлбөрийг юм уу.
0:04:25-0:04:27 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З: Тийм. Нотлох баримтаар сайдын тушаалыг өгч байна.
0:04:38-0:04:40 Даргалагч: Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцсан уу?
0:04:41-0:04:44 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б: Танилцаж амжаагүй. Сая сонсож байна.
0:04:50-0:04:52 Даргалагч: Нэхэмжлэгч тал нэмэгдүүлж байгаа шаардлагынхаа үндэслэлийг танилцуулаарай.
0:04:55-0:04:58 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б: Уучлаарай шүүгч ээ. Надад хүсэлт байна.
0:04:59-0:05:05 Даргалагч: Эхлээд нэхэмжлэгчийн хүсэлтийг сонсоод дараа нь танай тайлбарыг сонсъё.
0:05:05-0:06:20 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нэмэгдүүлсэн шаардлагаа танилцуулав.
0:06:25-0:13:20 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т. Шинжээч томилуулах хүсэлтээ танилцуулав.
0:13:20-0:13:22 Даргалагч: Нэхэмжлэлийн шаардлагатай чинь хэрхэн холбогдож байгаа юм бэ?
0:13:22-0:13:58 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: Нэхэмжлэлийн шаардлагатай яаж холбогдож байгаа вэ гэхээр маргаан бүхий акт өөрөө ажлын хэсэгт орох нь зөв. Учир нь Боловсролын тухай хуулиар боловсруулсан үзэл баримтлалыг баталж, шинээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахдаа талуудын оролцоог хангаад, мэргэжлийн байгууллагуудаар оролцоод хийлгэе гэдэг үзэл санаа зөв. Үүнд нь оролцоод явсан. Гэхдээ оролцоод явахдаа хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг шаардсан. Тэгээд энэ чинь хууль зөрчөөд байна, бид нарын ингээд оролцох эрх зөрчигдөөд байна гэдэг.
0:13:58-0:14:30 Даргалагч: Нэхэмжлэлийн шаардлага дээр чинь яг ямар эрхийг чинь зөрчиж байна гэж үзэж байгаа вэ? Энэ тушаал гарснаараа ямар субьектив эрх зөрчигдөөд байна гэдгийг аль хуулиараа яаж тодорхойлж байгаа вэ?
0:14:30-0:14:38 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: Субьектив эрхийн зөрчил ерөөсөө ажлын хэсэгт байсан.
0:14:38-0:14:40 Даргалагч: Ажлын хэсэг хэзээ байсан гэж үзэж байгаа юм бэ?
0:14:40-0:14:42 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: А/06-аар батлагдсан ажлын хэсэгт байсан.
0:14:43-0:14:47 Даргалагч: Тэгээд танайх А/06-аа хүчингүй болгуулъя гэсэн шаардлага гаргаад байна шүү дээ.
0:14:51-0:15:07 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: А/06-д ажлын хэсэг оруулчихсан. Тэгээд оруулаад энэ ажлыг хийх гээд явсан чинь хууль, дүрэм журам зөрчөөд байна, журамгүйгээр энэ ажлыг чинь хийх боломжгүй. Эхний ээлжид энэ ажлын хэсэг чинь энэ журмаа баримтлаад сурах бичигтэй холбоотой хөтөлбөр.
0:15:08-0:15:12 Даргалагч: Тэрнээс хойш үүссэн санхүүгийн үйл ажиллагаанд шинжээч томилуулах юм уу
0:15:12-0:15:37 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: Тийм. Тэгээд нэхэмжлэгч нарт гэрээ байгуулаагүй байж ажлын хөлс шилжүүлээд байна шүү дээ. Гэрээ байгуулахгүйгээр хийгээд байгаа актын зөрчил чинь өөрөө манай хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай уялдаж гарч ирж байгаа.
0:15:42-0:15:48 Даргалагч: Хариуцагч талд хүсэлт байна уу?
0:16:16-0:16:34 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б: Сая бид зөвлөлдөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг сая мэдсэн болохоор шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргах гэж байсан юм. Гэхдээ болилоо бид гурав тайлбар хэлэх боломжтой гэж үзэж байна.
0:16:34-0:16:38 Даргалагч: Тэгвэл хүсэлтүүдтэй холбоотой тайлбараа хэлээрэй.
0:16:56-0:17:56 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хүсэлттэй холбоотой хариу тайлбараа хэлэв
0:17:56-0:18:30 Даргалагч: Санхүүгийн зардлууд гараад байна гэж байна шүү дээ. Тэр зардлуудыг энэ тушаалын дагуу 254 хүний бүрэлдэхүүнтэй баталчхаад байгаа шүү дээ. Тэр хүмүүст өгсөн ажлын хөлснүүдээ гэрээний дагуу авагдсан ажлын хөлс гэж тайлбарлаж байна. Тэр бүгд эхний 7 хоногт тэрнээс гадна дахиад өөр зардал яваад сурах бичиг зохиогоод байна. Актыг түдгэлзүүлснээс хойш бас зардал гаргаад байна гэж нэхэмжлэгч нар хэлээд байна шүү дээ.
0:18:31-0:20:35 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хүсэлттэй холбоотой хариу тайлбараа хэлэв
0:20:40-0:21:26 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т: Энэ зүйл тайлбарлая. Эд нар зогссон гэдэг зүйл яриад байгаа. Гэтэл бодит байдал дээрээ шинжээч томилъё гээд байгаа хүсэлт маань зогсоогүй гэдгийг нотолж гаргаж ирэх гээд байгаа юм. 6,2 тэрбум төгрөгөөр Авлигатай тэмцэх газар дээр төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдгээр гомдол гарчихсан бас явж байгаа юм байна лээ. Тэгэхээр эд нарын яриад байгаа бодит байдал дээрээ нэхэмжлэгчээс болоод хүүхдийн эрх зөрчөөд байна гэдэг. Гэтэл эд нар чинь сая хэвлэлтийн тендер зарлачихсан, сурах бичгүүд нь түгээлт дээр гарчихсан яваад байдаг. Тэгэхээр яах аргагүй санхүүгийн шинжээчийн дүгнэлт хэрэгтэй. Яахаараа хууль бус тушаал шийдвэр гаргачхаад тэрийгээ зөвтгөөд тэрнийхээ хүрээнд түдгэлзүүлчхээд байхад үр дагавар нь үргэлжлээд байгаа юм.
0:21:27-0:22:05 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б: Санхүү, төсөв мөнгийг өөрчилж, боловсролын судалгааны үндэсний хүрээлэн баталсан гэж хэлсэн. Тэр бол 2025 оны Төсвийн тухай хуульд Улсын Их Хурлаас тодотгол хийгээд тодотгол хийхдээ төсвийг бүгдийг нь хассан. Хасагдахдаа сурах бичгийн сургалтын хөтөлбөртэй холбоотой зардал хасагдсан. Яах аргагүй улсын төсвийн хуулиар хасагдсан учраас бид боломжийнхоо хүрээнд хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийхээс өөр аргагүй.
0:22:10-0:27:17 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э хүсэлттэй холбоотой хариу тайлбараа хэлэв.
0:27:17-0:27:28 Даргалагч: 20 дугаар тушаалаар 254 хүний бүрэлдэхүүн батлаад байна. Энэ хүмүүсээс зохиосон сурах бичиг, төсөл төлөвлөгөө ерөөсөө байхгүй гээд байгаа юм байна. Тийм үү?
0:27:28-0:28:14 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э: Хөтөлбөрийг бол боловсруулна. Хөтөлбөр гэдэг чинь цаасан дээр бичигдчихсэн 10 гаруй хуудастай зүйл байгаа шүү дээ. Тэрийг бид нар сургууль дээр яг бодит 5 настай 6 настай хүүхдэд 10 настай хүүхдэд өгье гэхээр хөтөлбөрийг ямар нэгэн барих хэрэглэгдэхүүн байхгүйгээр турших боломж үнэхээр байдаггүй. Тэгэхээр бид нар энэ хөтөлбөрийг үнэхээр 2025 оны намар 09 дүгээр сараас хэрэгжилтэд өгөх юм бол ямар байдлаар хэрэглэгдэхүүн дагуулж өгөх вэ гэдгийг хийхийн тулд багц материал гэж гаргасан юм. Тэр нь өөрөө энэ хүмүүсийн хэлээд байгаа сурах бичиг гэж хэлээд байгаа юм л даа.
0:28:14-0:28:39 Даргалагч: Тэрэнд нь санхүүжилт өгсөн асуудал байгаа юм байна. Тэгвэл танай урилгын дагуу 400 гаруй хүн оролцсон гэж байгаа. 250-д хүнийг сонгосон, эднийх дундаас нь орж ирсэн гэж байна. Маргаан бүхий акт дээр нэхэмжлэгч талын 6 хүний нэр орсон юм уу?
0:28:39-0:28:40 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э: Орсон.
0:28:40-0:28:500 Даргалагч: Хүсэлтээ бичгээр гаргаад орж ирсэн юм байна. Түүнийхээ дараа хүсэлтээ гаргаад нэмэгдүүлсэн шаардлагынхаа дагуу буцаагаад гарсан гэж тайлбарлаад байна уу?
0:28:50-0:28:51 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э: Тийм.
0:28:53-0:29:01 Даргалагч: Хүсэлттэй холбоотой тайлбаргүй бол шүүх хуралдаан түр завсарлая” гээд шүүх хуралдаан завсарлан улмаар шүүхээс тогтоол гарсныг хэргийн оролцогч нарт танилцуулсан үйл баримт болсон байна.
Дээрхээс үзвэл 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтээ танилцуулж, улмаар хариуцагчаас хүсэлттэй холбоотой хариу тайлбар авсны дараа шүүх хуралдаан завсарласан байна. Гэтэл шүүхээс уг хүсэлтүүдийг шийдвэрлэхгүйгээр шууд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тогтоол гарчээ.
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.
Тодруулбал, даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэхийг оролцогчдоос асууж шийдвэрлэсний дараа шүүх бүрэлдэхүүнийг зарлан, татгалзан гаргах эрх болон хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлах, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад хүсэлтийг шийдвэрлэж, улмаар хэргийг хэлэлцэж эхэлдэг.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар шүүгч энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд Шүүхийн сахилгын хороо сахилгын шийтгэл оногдуулах ба мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”-ыг шүүгчид хориглоно гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасан нь хуулийн илт тодорхой заалт гэж үзнэ.
Түүнчлэн, шүүх хуралдаан даргалагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авах үүрэгтэй.
Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж үзсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэх ёстой. Харин нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч байгаа бол хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар авах, холбогдох нотлох баримт цуглуулах зэрэг мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулна.
Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Л.Хэрлэнчимэг, Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нар нь нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Мөн даргалагч шүүгч Л.Хэрлэнчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах үүргээ биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасан хуулийн илт тодорхой заалтыг мөн зөрчсөн байна.
Холбогдох шүүгч нар тайлбартаа: “ ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүний хуулиар олгогдсон энэхүү заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарахгүй болно” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасан нь шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгогдсон бүрэн эрхийн заалт байх боловч хэргийн оролцогчийн хүсэлт гаргах, шинжээч томилуулах хүсэлтийн үндэслэлийг хэрхэн шийдвэрлэснээ тайлбарлахгүй, шийдвэртээ оролцогчийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээ огт дурдаагүй байгаа нь зөрчил болно.
Нөгөөтээгүүр, шүүгч Л.Хэрлэнчимэг, Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нар нь хуулийн 54.1-д заасан үндэслэл шүүх хуралдааны үед тогтоогдвол гэдгийг хэт явцууруулан тайлбарлан хэрэглэж, хэргийг хэлэлцэж эхлээгүй, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлээгүй байхад хүсэлт шийдвэрлэх шатанд шууд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй нь шүүх урьдчилан шийдвэр гаргасан мэт сэтгэгдлийг хэргийн оролцогч нарт төрүүлсэн гэж үзэхээр байна.
Мөн шүүгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчил гаргасан талаар дээд шатны шүүхээс буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2025/... дугаар тогтоолд “ ... анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан ихэсгэсэн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн шаардлагыг ихэсгэх талаар тус шүүхэд гаргасан өргөдөл, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Ц.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхтэй бөгөөд ийнхүү нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдааны үеэр тодруулсан атлаа хүлээн авах эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.” гэж дүгнэсэн.
Түүнчлэн, урьд нь давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/... дугаартай магадлалаар “...холбогдох тушаалын улмаас нэхэмжлэгч компанийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэгчээс тодруулах, мөн шийдвэрт энэ талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцаасан.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт дахин ажиллагаа явуулахдаа дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагаа явуулаагүйг давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2025/... дугаар тогтоолд: “...Ийнхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг гүйцэтгэж зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамаарах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг хийлгүй, “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу” гэж дүгнэсэн байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №2... дугаартай “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4.б-д “Процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласан.
Дээрхээс үзэхэд, хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн байж дээрх хуулийн шаардлага хангагддаг бөгөөд хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүрсэн бол “ноцтой” гэж үзэх бол “удаа дараа” гэдэг нь шүүгч зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.
Иймд, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгч Л.Хэрлэнчимэг, Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нар нь нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, дээд шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн,
мөн даргалагч шүүгч Л.Хэрлэнчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах үүргээ биелүүлээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасан хуулийн илт тодорхой заалтыг тус тус зөрчсөн үйлдлийн улмаас хэргийг эцэслэн шийдвэрлэж, дээд шатны шүүхээс нэг үндэслэлээр удаа дараа буцсан, улмаар хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн тул уг зөрчлийг “ноцтой” гэж үзэв.
Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Л.Хэрлэнчимэг, Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нарын гаргасан зөрчил нь ноцтой байх хуулийн шаардлага хангаж байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэн нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
Шүүгч Л.Хэрлэнчимэг тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Л.Хэрлэнчимэг би “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-аас надад холбогдуулан гаргасан гомдол, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 1... дүгээр захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, танилцаад дараах тайлбар гаргаж байна.
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Боловсролын сайдад холбогдох захиргааны хэргийн 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж буй үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т санхүүгийн шинжээч томилуулах агуулга бүхий хүсэлт гаргасан.
Нэмэгдүүлсэн шаардлага, хүсэлтийн агуулга үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарлаж, үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбар хэлж, шүүгчээс хүсэлттэй холбогдуулан тухайн хүсэлт нь нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай хэрхэн холбогдож байгаа, нэхэмжлэгчийн субьектив буюу зөрчигдсөн эрхээ хэрхэн тодорхойлж байгааг тодруулан асууж, нэхэмжлэгч талаас хүсэлттэйгээ холбогдуулан нэмэлт тайлбараа хэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага хүсэлтийг хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулсан.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, хүсэлт хэлэлцэх явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх буюу захиргааны актын шинжийг агуулаагүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хүлээн авахаас татгалзах үндэслэл илэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа учир нэмэгдүүлсэн шаардлага болон хүсэлтийг шийдвэрлэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд үүнийгээ тогтоолдоо тусгасан. Харин тогтоолын агуулгаа танилцуулахдаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосноо танилцуулан шүүх хуралдаанаа дуусгасан.
Тухайн шүүх хуралдааныг даргалахдаа хуульд заасан дэгийн дагуу хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хэлэлцүүлж, талуудын тайлбарыг сонсож, шүүх бүрэлдэхүүнээр зөвлөлдөж, тогтоолыг гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээр тогтоогдоно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргахаар заасан.
Үүний дагуу 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу ажлын 2 дахь өдөр тогтоолын үндэслэх хэсгээ бичиж, бүрэлдэхүүний шүүгчид хянуулахаар шүүгчийн туслах руу явуулж, шүүгчийн туслахаас шүүгч нарт хянуулах, тогтоолын төслийг боловсруулах ажиллагааг хийж, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний бие гарын үсэг зурж, бүрэлдэхүүний шүүгч нараар гарын үсэг зуруулж, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдөр гардуулсан байна. Тогтоолыг ажлын 3 өдрийн дотор бичгээр гаргаагүйг хүлээн зөвшөөрч байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхийг гомдол гаргах журмаар дээд шатны шүүхэд хянуулах ба үүний дагуу дээрх тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлыг сахилгын хорооноос шийдвэрлэхгүй, шүүгчийн хувьд зохисгүй байдал гаргаагүй байхад энэ агуулгаар сахилгын зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нар тайлбартаа: “ ... Шүүхийн сахилгын хорооны гишүүнээс сахилгын хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
1. Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэжээ.
Энэ заалтын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад” гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл” илэрч болох ба илэрсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзах бөгөөд энэ тохиолдолд татгалзах үндэслэл нь хүсэлтийг хэлэлцэхээр зөвлөлдөж байхад тогтоогдох боломжтой байдлаар хуульчилсан, энэхүү заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүний хуулиар олгогдсон бүрэн эрх учир энэхүү заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарахгүй болно.
Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тайлбарт “ ... “Илт тодорхой” гэдэг нь ... Процессын хуулийн тухайд, уг ойлголтод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг утгаар ойлгогдож хэрэглэгддэг, агуулга нь нэгэнт тогтсон нэр томьёо, ойлголт, хуулийн заалт хамаарна. Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг агуулгаар ойлгож, хэрэглэж хэвшсэн (“мэтгэлцэх зарчим”, “нотлох баримт”, “итгэмжлэгдсэн төлөөлөгч”, “хэргийн материалтай танилцах”, “хууль зүйн туслалцаа авах”, “талуудын зарчим”, “мөрдөн шалгах зарчим” гэх мэт) ойлголт, агуулгыг “илт тодорхой” заалтад хамааруулна. Харин шүүгчид эрх олгосон “эрхтэй”, “болно” гэсэн заалт, түүнчлэн хэд хэдэн арга хэмжээнээс аль нэгийг нь сонгох боломж олгосон зохицуулалт хамаарахгүй.” талаар тодорхой тайлбарласан.
Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.
Иймд тус хэрэгт шүүх бүрэлдэхүүнд оролцохдоо хуулийн илт тодорхой заалтыг болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хориглолтыг зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө γγ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Э-аас гаргасан өргөдлөөр 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ГЗҮ/2026/... дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ГС/2026/... дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт үйлдсэнийг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн СХТ/2026/... дүгээр тогтоолоор хүчингүй болгож, сахилгын хэргийг илтгэгч гишүүнд буцаасан байна.
“М” ХХК-аас Монгол Улсын Боловсролын сайдад холбогдуулан “Боловсролын сайдын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/2... дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гаргажээ. /сахилгын хэргийн 65-67 тал/
Шүүгч А.Г 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2024/... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2024/... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. /сахилгын хэргийн 68-69 тал/
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гомдол гаргасныг дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ2024/... дүгээр тогтоолоор тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. /сахилгын хэргийн 70-71/
Улмаар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2024/... дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2025/... дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/... дугаар магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаажээ. /сахилгын хэргийн 76-77, 95-110 тал/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ЗТ2025/... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Л.Хэрлэнчимэгт дээрх захиргааны хэрэг хуваарилагдан, Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ЕШ2025/... дүгээр захирамжаар бүрэлдэхүүнд шүүгч А.Мөнх-Өлзий, Ч.Ганбаатар, даргалагчаар шүүгч Л.Хэрлэнчимэг нар томилогдсоныг албажуулсан байна. /сахилгын хэргийн 23-26, 113 тал/
Холбогдох шүүгч Л.Хэрлэнчимэг нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ЕШ2025/... дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагт хянан хэлэлцэхээр товлосон бөгөөд тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх боловч 128/ТМ2025/... дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /сахилгын хэргийн 114, 129-134 тал/
Уг шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2025/... дугаар тогтоолоор хангаж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ТМ2025/... дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /сахилгын хэргийн 141-144 тал/
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/... дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /сахилгын хэргийн 203-205 тал/
1. Холбогдох шүүгч Л.Хэрлэнчимэгийг урьдчилан тооцоолсон шийдвэр гаргасан гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 74 дүгээр зүйлийн 74.1-д “Захиргааны хэргийн шүүх дараахь хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ:” 74.1.1-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан”, 87 дугаар зүйлийн 87.3-т “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх дахин хэлэлцүүлэхээр буцаасан бол хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг олонхын саналаар шийдвэрлэхээр зохицуулсан байх ба илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд захиргааны хэрэгт үзлэг хийхэд холбогдох шүүгч, шүүх бүрэлдэхүүн урьдчилан тооцоолсон шийдвэр гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Иймд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах үндэслэлтэй болно.
2. Тогтоол нь одоо болтол гараагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т “Хуульд гомдол гаргахаар заасан болон шүүх хуралдааны бус үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг ажлын гурван өдрийн дотор бичгээр гаргана” гэж заасан.
Энэ талаар шүүгч Л.Хэрлэнчимэг “...2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу ажлын 2 дахь өдөр тогтоолын үндэслэх хэсгээ бичиж, бүрэлдэхүүний шүүгчид хянуулахаар шүүгчийн туслах руу явуулж, шүүгчийн туслахаас шүүгч нарт хянуулах, тогтоолын төслийг боловсруулах ажиллагааг хийж, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний бие гарын үсэг зурж, бүрэлдэхүүний шүүгч нараар гарын үсэг зуруулж, 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдөр гардуулсан байна. Тогтоолыг ажлын 3 өдрийн дотор бичгээр гаргаагүйг хүлээн зөвшөөрч байна...” гэж тайлбарлажээ. /сахилгын хэргийн 21-22 тал/
Сахилгын хэрэгт, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШТ2025/... дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай” баримт авагдсан байна. /сахилгын хэргийн 34-35 тал/
Холбогдох шүүгч Л.Хэрлэнчимэг нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолыг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу 7 хоногийн дараа бичгээр албажуулан гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасныг зөрчсөн байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан үндэслэлээр шууд буруутгах боломжгүй байх тул холбогдох шүүгчийг сахилгын зөрчил гаргасанд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.
3. Иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-т “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасан.
Тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1... дугаар тушаалаар тухайн захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрийг хавсралтаар баталж, иргэн А.Наранжаргал сонгогдон, түүний ажлын газарт нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/7... дүгээр албан бичгийг хүргүүлэн, түүнд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /сахилгын хэргийн 115, 119/
Мөн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт, даргалагчаас ирцтэй танилцахад, иргэдийн төлөөлөгч ирээгүй учир “иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйл байна уу? /бичлэгийн 0:02:35-0:02:42/” гэхэд, хэргийн оролцогчид “байхгүй /бичлэгийн 0:02:42-0:02:46/” гэжээ.
Дээрхээс үзвэл, иргэдийн төлөөлөгч нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх ба хуралдаан даргалагчаас иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйл байгаа эсэхийг асуухад хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгчийг оролцуулах талаар санал гаргаагүй байх тул өргөдөл гаргагчийн “иргэдийн төлөөлөгч оролцуулаагүй” гэх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
4. Шүүх хуралдааны процесс зөрчсөн, талуудын мэтгэлцэх боломжийг хангаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Илтгэгч гишүүн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийж, тэмдэглэл хөтөлсөн байх ба тэмдэглэлээс харвал, шүүх хуралдааныг даргалагчаас шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирцтэй танилцан, хуралдааны нийтлэг дэг, журам тайлбарлан өгч, оролцогчдын итгэмжлэлийг шалган, шүүх бүрэлдэхүүнийг зарлан татгалзан гаргах эрх, оролцогчдын эрх, үүргийг тайлбарлан, ирцтэй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал, хүсэлт шинээр гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг асуухад, /бичлэгийн 0:03:16-0:15:37 хоромд/ нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг хэлэлцэж, /бичлэгийн 0:16:16-0:28:51 хоромд/ хариуцагчаас хүсэлттэй холбоотой хариу тайлбар авсны дараа шүүх хуралдаан завсарлаж, шүүхээс тогтоол гарсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт анхан шатны шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг гаргахдаа ямар дарааллаар явуулахыг зохицуулсан ба мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэтэл холбогдох шүүгч нар нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдааныг завсарлуулсан атал тухайн хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97-105 дугаар зүйл хүртэлх хэргийг хэлэлцэж, талуудыг мэтгэлцүүлэх, нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаануудыг хийлгүй хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Энэ талаар шүүгч Л.Хэрлэнчимэг “Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, хүсэлт хэлэлцэх явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны хэргийн харьяалан шийдвэрлэх буюу захиргааны актын шинжийг агуулаагүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх явцад хүлээн авахаас татгалзах үндэслэл илэрсэн тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа учир нэмэгдүүлсэн шаардлага болон хүсэлтийг шийдвэрлэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд үүнийгээ тогтоолдоо тусгасан. Харин тогтоолын агуулгаа танилцуулахдаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосноо танилцуулан шүүх хуралдаанаа дуусгасан...” гэж тайлбарласан.
Мөн шүүгч Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нар тайлбартаа “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д ... “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад” гэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл” илэрч болох ба илэрсэн тохиолдолд хүлээн авахаас татгалзах бөгөөд энэ тохиолдолд татгалзах үндэслэл нь хүсэлтийг хэлэлцэхээр зөвлөлдөж байхад тогтоогдох боломжтой байдлаар хуульчилсан, энэхүү заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүний хуулиар олгогдсон бүрэн эрх учир энэхүү заалт нь хуулийн илт тодорхой заалтад хамаарахгүй...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж болох эрхийг шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь дээрх хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Түүнчлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2025/... дугаар магадлалд “...холбогдох тушаалын улмаас нэхэмжлэгч компанийн чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэгчээс тодруулах, мөн шийдвэрт энэ талаар зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцаасан байхад дахин ажиллагаа явуулахдаа дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагааг хийгээгүй байх ба давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2025/... дугаар тогтоолын “ХЯНАВАЛ” хэсгийн 3-т “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан ихэсгэсэн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээр байна...” гэж, 5-д “Ийнхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш анхан шатны шүүх магадлалд заасан ажиллагааг гүйцэтгэж зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд хамаарах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг нэхэмжлэгчээс тодруулах ажиллагааг хийлгүй, “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь буруу” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буцаасан байна. /сахилгын хэргийн 105-110, 141-144 тал/
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг эрх тэгш оролцох, мэтгэлцэх зарчмыг хангаж явуулах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн шаардлага болон шинжээч томилуулах хүсэлтийг шийдвэрлээгүй нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг “ноцтой” зөрчсөн гэж дүгнэлээ. Мөн шүүгч нарын буруутай үйл ажиллагаанаас хамаарч 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэлгүй хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байдлыг харгалзан үзэв.
Учир нь, Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай тогтоолд “... “Ноцтой зөрчих” гэдгийг ... Процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тайлбарласан.
Иймд холбогдох шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчлийг гаргасан байх тул илтгэгч гишүүний энэ талаар дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Харин шүүх бүрэлдэхүүн хүсэлт хэлэлцэхээр шүүх хуралдааныг завсарлуулж, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109 дүгээр зүйлийн 109.2-д заалтыг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр шүүх хуралдааны ажиллагаа үргэлжлээгүй байх тул даргалагч шүүгч Л.Хэрлэнчимэгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-д “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлгүй. Уг үндэслэлээр түүнийг буруутгах боломжгүй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д “энэ хуулийн 50.1.6, 50.1.10, 50.1.12, 50.1.23, 50.1.39, 52.1-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах” гэж тус тус заасан.
Шүүгч нарын гаргасан дээрх сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн үр дагавар бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ГНД/2026/... дугаар нотлох дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг тус тус баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг, Ч.Ганбаатар, А.Мөнх-Өлзий нарт “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР