
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-09-10
Дугаар 113
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2026/0089 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“...Мэдээлэл гаргагч шүүгч Ц.Амар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүйгээр өөрчилсөн, өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдлээрээ хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх агуулгаар үндэслэлээ тодорхойлжээ.
Яллагдагч О.О-д хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор авч, улмаар прокуророос гаргасан саналыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгчийн *** дугаар захирамжаар түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг уг баталгаагаар хүлээдэг бөгөөд зөрчвөл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болох ба энэ талаар яллагдагчид танилцуулсан болох нь мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа, шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэр зэрэг сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.
О.О, Х.Т нарын нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2025 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэж, *** дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн байх ба 2025 оны 12 дугаар сарын 23, 2026 оны 01 дүгээр сарын 22, 02 дугаар сарын 10, 03 дугаар сарын 10, 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанууд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтээр тус тус хойшилж, 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан явагджээ.
Тус шүүх хуралдаанд улсын яллагч С.У, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Н.Н, шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч Ш.М, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч М.Д, Н.Г, шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Г.Т, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Т.М нар оролцсон байх ба хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч О.О өмгөөлөгчөөсөө татгалзаж байгаагаа илэрхийлсэн байна.
Даргалагч "Тэгээд өнөөдөр татгалздаг нь ямар учиртай юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд та санаатайгаар саад учруулж байгаа юм уу. Анх энэ өмгөөлөгчтэйгөө явж байгаад ирсэн юм байна. Яг шүүх хурал дээр татгалзаж байна гэж байна. Өмнө нь татгалзах боломж байгаагүй юм уу. Энийг би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж харж байна. Яагаад гэвэл энэ хэрэг шүүх дээр хэзээ ирлээ. 11 сард ирсэн. Өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанаас тантай явсан. Та өмгөөлөгчтэйгөө гарч уулзах уу", "...Одоо тэгээд өөр өмгөөлөгч хаана байгаа юм. Дур зоргоороо шүүх дээр орж ирээд" гэх,
Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Н.Н "нэгэнт 27.2-р үүсгээд худалдах зорилготой хадгалсан гэдэг байдлаар ирчихсэн. Би үйлчлүүлэгчдээ хэлдэг юм. Маргаад гэм буруутайд тооцох юм бол эрүүгийн хариуцлага нь хүнд тусаж магадгүй. Ядахдаа 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй болох юм. Тийм учраас хүлээгээд орчихъё гэж зөвлөдөг. Миний үйлчлүүлэгч болохоор 20.7.2 гэж худалдах зорилго байгаагүй гээд бид 2 санал зөрдөг. Би болохоор гэм буруутайд тооцчихвол яах вэ гэдгээ л тооцоод байгаа юм л даа. Намайг марга гэдэг. Маргаад хэрэггүй гэдэг. Сая бас ярилаа л даа. 2-лаа 6.7-гоо хэрэглэхээ бодъё гэсэн энэ нь эмзэг тусчих шиг боллоо", "...Өөр өмгөөлөгчтэй ярьчихсан байгаа гэнээ. Тэр өмгөөлөгч нь 20.7.1 болгож өгье гэж ярьсан юм байна", "...Миний хувьд шүүх хуралдаанд ороод явахад татгалзах зүйл алга байна" гэх,
Улсын яллагч "Тэр өмгөөлөгч нь ойрхон байгаа юм уу. Одоо энэ бүрэлдэхүүнээр дахиж цуглахад бас хүндрэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж харж байна. Яагаад вэ гэвэл олон удаа хойшилсон. Шүүх хуралдаан орох гэхээр өмгөөлөгчөөсөө татгалзана гээд. Өчигдөр татгалзаж, за тэр өмгөөлөгчтэйгөө ярьсан бол шүүхэд мэдэгдээд нөгөө өмгөөлөгчтэйгөө орж ирэх бүрэн боломжтой байсан. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр мэдээж өмгөөлүүлэх эрх нь нээлттэй байгаа учраас тэр хүсэлтийг нь хангах нь зүйтэй болов уу. Хэрвээ өмгөөлөгч авахаар шүүх хуралдаан хойшилбол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх,
Нэр бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч "11 сараас хойш 3, 4 удаа хурал хойшилсон. Боломж байсан. Энэ бол санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна. Цагтаа оролцож байгаа шүүгдэгч нарын эрх, ашиг хөндөгдөөд байна. Магадгүй хорих ангид очоод шагналын хоногоо авах хугацаа хойшилж байна гэж үзэж байна" гэх
Нэр бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч "Миний тухайд хэрвээ О-ийн хүсэлтийг хүлээж аваад шүүх хуралдааныг хойшлуулсан тохиолдолд миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэж хүсэж байна. 461 дүгээр ангиас гаргасан эрүүл мэндийн тодорхойлсон дээр Улсын нэгдүгээр эмнэлгийн бүдүүн, шулуун гэдэсний мэс засал шаардлагатай тохиолдолд мэс засалд хамруулах зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Өөрийнх нь биеийн байдлын хувьд анус хоёр газарт нь буглаа үүссэн. Тэрэнд нүх үүссэн, тэрнээс нь болоод идээ, цорго гэдэг зүйл үүсчихсэн байгаа. Энэнээс дамжаад халдвар авах эрсдэлтэй, хэрвээ халдвар аваад цусанд орох юм эрүүл мэндийн байдалд нь хүнд нөлөө гарах нөхцөл бүрдэж байгаа учраас миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэх хүсэлттэй байна" гэх,
Нэр бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч “Яллагч шүүгдэгчийн ийм хүсэлт гаргаж байгаатай нь холбогдуулж шүүх хуралдаанд саад учруулж байна, цагдан хорьё гэх юм. Энэ бас хуульд байхгүй. Өмгөөлөгч авч болно авахгүй байж болно дуртай цагтаа татгалзаж болно гээд энэ татгалзах буюу гэрээгээ цуцлах эрхийг нь Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн үйлчлүүлэгчид олгочихсон. Бид нар би чамайг өмгөөлөх дуртай байна гээд хүчээр өмгөөлж болохгүй. Тэгэхээр энэ хүүхэд Намжилцогт өмгөөлөгч намайг өмгөөлж чадахгүй нь ээ гээд өнөөдрийг хүртэл ийм дүгнэлтэд хүрлээ гээд хэлэхэд нь цагдан хорьж болохгүй. Энэ хүн чинь гадуур байж байгаад сэтгэлдээ таарсан өмгөөлөгчөө сонгох эрхтэй" гэх байдлаар шүүгдэгч О.О-аас шүүх хуралдаанд гаргасан "Өмгөөлөгчөөсөө татгалзах буюу өмгөөлөгчтэй байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, өөр өмгөөлөгчтэй тохиролцсоны дагуу гэрээ байгуулах" хүсэлттэй холбоотой тайлбар, хүсэлт гаргаж оролцсон нь "1pm.4", "2pm.4" гэх нэршилтэй дуу-дүрсний бичлэгт хадгалагдсан байна.
Холбогдох шүүгч Ц.Амар 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд яллагдагч болон хяналтын прокурор болон бусад оролцогчдоос гаргасан саналыг сонсож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1-д "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ" гэх заалтыг баримтлан шийдвэрлэжээ.
Ийнхүү шүүх хуралдаанаар хүсэлтийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан шийдвэрлэж, *** дугаар захирамжаар шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, уг шийдвэрийн үндэслэлээ тайлбарласан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг өөрчлөх, сунгах үндэслэл байгаа талаарх санал, яллагдагчийг цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэх хуульд заасан үндэслэлээ шүүхэд нотлох үүргийг хэрэг шалгах ажиллагаанд хяналт тавьж буй прокурор шүүхэд гаргах бөгөөд шүүх хөндлөнгийн байр сууринаас яллах, цагаатгах аль нэг талыг барилгүйгээр, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна" гэсэн нь яллагдагч, шүүгдэгч "дуудсан цагт ирээгүй”, “дахин гэмт хэрэг үйлдсэн", "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан" гэх нөхцөлийн аль нэг нь бий болсон гэж эрх бүхий этгээд үзсэн тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохоор зохицуулжээ.
Шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, сунгах асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх бөгөөд мөн зүйлийн 14.11.1. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно", 2. Өсвөр насны яллагдагч, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй яллагдагч, жирэмсэн яллагдагчид энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, эсхүл урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно" гэж тус тус зааснаас бусад тохиолдолд хуульд заасан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.
Хуульд "эрхтэй", "болно" гэсэн заалт, хэд хэдэн заалтаас сонгох боломжтой зохицуулалтын аль нэгийг хэрэглэж шүүх шийдвэр гаргах нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөнд хамаарахгүй бөгөөд шүүгчид хуулиар үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч заавал биелүүлж, эрх олгосон зохицуулалтыг хэрэгт авагдсан баримт, хууль тогтоомжийн бусад зохицуулалтад нийцүүлэн шүүгч хараат бусаар шийдвэрлэх учиртай.
Өргөдөлд дурдсан үндэслэл сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзвэл, шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжаар "таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж” шийдвэрлэсэн нэр бүхий шүүгдэгчтэй байгуулсан 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчөөр өргөдөл гаргагч Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлд шүүхийн шийдвэрт гомдол гаргах журмыг заасан байх дээрх шүүгчийн *** дугаар захирамж үүнд хамаарахгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ", 2-т "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэж зааснаар Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийг хянан үзэх, үнэлж дүгнэх, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ олгогдоогүй бөгөөд дээрх өргөдлийн үндэслэлд дурдагдаж буй цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэнтэй холбоотой үйл баримт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй.
Дээрхийг нэгтгэвэл, холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэж заасныг зөрчөөгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
Шүүгч Ц.Амар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“...1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.О болон нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар ирүүлсэн эрүүгийн *** дугаартай 9 хавтастай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын зүйлийн 1, 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 28-ны өдөр шүүх хүлээн авч 2025 оны 12 дугаар сарын 11-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг зарласан.
2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаас өмнө нь нийт 6 удаа шүүх хуралдаан зарлагдсан ба шүүхээс үл шалтгаалах нөхцөл байдлаар буюу шүүх хуралдааныг ирц бүрдээгүй үндэслэлээр удаа дараа шүүх хуралдаан хойшилсон. Ийнхүү 6 удаа шүүх хуралдаан зарлагдахад шүүгдэгч О.О-аас өмгөөлөгчөөсөө татгалзах, өөр өмгөөлөгч авах, нэмж өмгөөлөгч авах гэх мэт хүсэлтийг огт гаргаж байгаагүй болно.
2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан болоход шүүх хуралдаанд оролцвол заасан дэг, дарааллын дагуу явагдаж байхад үед шүүгдэгч О.Оюунтуяагаас өөрийн өмгөөлөгч Н.Н-оос татгалзах хүсэлтийг гаргасан.
Шүүгдэгч О.О-аас өөрийн өмгөөлөгчөөс ямар үндэслэлээр татгалзаж байгаа асуудлыг тодруулсан ба уг татгалзал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлд заасан "өмгөөлөгчөөр оролцож болох тохиолдол"-д хамаарахгүй буюу шүүхээс хянан шийдвэрлэх татгалзах үндэслэл биш байсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ" гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.О-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх" гэж яллагдагчийн үүргийг заасан ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно" гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад "...урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн..." гэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг заасан.
Шүүгдэгч О.О-ийн хувьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна" гэж заасан.
Шүүхээс шүүгдэгч О.О-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан "...урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.
Түүнээс өргөдөл гаргагчийн өргөдөл дурдаж байгаа шиг шүүгдэгч О.О-г хуульд заасан үндэслэл журмаас гадуур цагдан хорьсон гэх нөхцөл байдал байхгүй болохыг тайлбарлаж байна.
Түүнчлэн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлийг тодорхой бичсэн болно. 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлосон. Өмгөөлөгч Б.А-аас 2026.05.21-ний өдрийн огноотой гаргасан хүсэлтийг шүүх 2026.05.22-ний өдөр хүлээн авсан ба 2026.05.26-ны өдрийн *** дугаартай албан бичгээр өмгөөлөгч Б.А-т хүсэлтийг хариуг өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, дарааллыг журамлан зохицуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна" гэж заасан буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд болон шүүхийн шатанд яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнд гомдол гаргах зэрэг асуудлыг хуульд тусгайлан заасан.
Мөн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар:
"14.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх энэ зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр, эсхүл хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.
14.15 дугаар зүйл. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах
1. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт яллагдагч, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн, өөрчилсөн, хүчингүй болгосон үндэслэлийг тусгана." гэж зүйл, хэсгийг нэмсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр орсон 14.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтаас үзвэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж тодорхой заасан болохоос шүүх хуралдаан хойшилсон хугацаанд яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх талаар тусгаагүй байна.
Өргөдөл гаргагч, өмгөөлөгч Б.А-т гарсан хүсэлтийг хэлэлцэх боломжгүй болохыг албан бичгээр хариу өгсөн ба өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан шиг шүүгдэгч О.О-г цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан нөхцөл байдал үүсээгүй болохыг тайлбарлаж байна.
Түүнчлэн 2026.06.11, 2026.06.24-ний өдрүүдэд тус хэргийн шүүх хуралдаан зарлагдсан ба шүүх хуралдаанд шүүгдэгч О.О-ийн нөхөр шүүгдэгч Х.Т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр хойшилсон. Шүүх хуралдааныг хойшлуулах бүрдээ шүүхээс шүүгдэгч О.О-д авсан таслан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн ба 2026.06.24-ний *** дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулахдаа шүүгдэгч О.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн болно.
Дээрх хугацаанд өмгөөлөгч Б.А-аас 2026.06.02-ны өдөр огноотой хүсэлт гаргасныг шүүх 2026.06.03-ны өдөр хүлээн авч 2026.06.10-ны өдрийн *** дугаартай албан бичгээр хариуг өгсөн. Мөн 2026.06.12-ны өдөр дахин хүсэлт гаргаж 2026.06.17-ны өдрийн *** дугаартай албан бичгээр хариу өгсөн болно.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлд шүүхийн шийдвэрт гомдол гаргах журмын талаар зохицуулсан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй" гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хэргийн оролцогч нарт хуулиар олгоогүй тул шүүхээс захирамж гаргахдаа гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан нь шүүгдэгч О.О-г цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч О.О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгчийг цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж энэхүү хариу тайлбарыг гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч Б.А-аас Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амарт холбогдуулан өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ГЗҮ/2026/0076 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг бүхэлд нь хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
1. Өргөдлийн “...шүүгч Ц.Амар хуульд заасан үндэслэл журмаас гадуур шүүгдэгчийг цагдан хорьж, хуульд заасныг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, мөрдөгчийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор яллагдагч О.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Улмаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар эрүүгийн *** дугаар хэргийн прокуророос гаргасан саналыг хэлэлцэж, шүүгчийн *** дугаар захирамжаар түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Тус эрүүгийн хэрэгт прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь шүүгч Ц.Амарт хуваарилагдан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Улмаар тус эрүүгийн хэрэг нь 2025 оны 12 дугаар сарын 23, 2026 оны 01 дүгээр сарын 22, 02 дугаар сарын 10, 03 дугаар сарын 10, 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанууд эрүүгийн хэргийн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус хойшилсон.
Харин 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч О.О өөрийн өмгөөлөгч Н.Н-той байгуулсан гэрээгээ цуцалж, өөр өмгөөлөгч авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Сахилгын хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт,
Даргалагч “Тэгээд өнөөдөр татгалздаг нь ямар учиртай юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд та санаатайгаар саад учруулж байгаа юм уу. Анх энэ өмгөөлөгчтэйгөө явж байгаад ирсэн юм байна. Яг шүүх хурал дээр татгалзаж байна гэж байна. Өмнө нь татгалзах боломж байгаагүй юм уу. Энийг би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж харж байна. Яагаад гэвэл энэ хэрэг шүүх дээр хэзээ ирлээ. 11 сард ирсэн. Өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанаас тантай явсан. Та өмгөөлөгчтэйгөө гарч уулзах уу", "...Одоо тэгээд өөр өмгөөлөгч хаана байгаа юм. Дур зоргоороо шүүх дээр орж ирээд" гэх,
Шүүгдэгч О.О-ийн өмгөөлөгч Н.Н "...нэгэнт 27.2-р үүсгээд худалдах зорилготой хадгалсан гэдэг байдлаар ирчихсэн. Би үйлчлүүлэгчдээ хэлдэг юм. Маргаад гэм буруутайд тооцох юм бол эрүүгийн хариуцлага нь хүнд тусаж магадгүй. Ядахдаа 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй болох юм. Тийм учраас хүлээгээд орчихъё гэж зөвлөдөг. Миний үйлчлүүлэгч болохоор 20.7.2 гэж худалдах зорилго байгаагүй гээд бид 2 санал зөрдөг. Би болохоор гэм буруутайд тооцчихвол яах вэ гэдгээ л тооцоод байгаа юм л даа. Намайг марга гэдэг. Маргаад хэрэггүй гэдэг. Сая бас ярилаа л даа. 2-лаа 6.7-гоо хэрэглэхээ бодъё гэсэн энэ нь эмзэг тусчих шиг боллоо", "...Өөр өмгөөлөгчтэй ярьчихсан байгаа гэнээ. Тэр өмгөөлөгч нь 20.7.1 болгож өгье гэж ярьсан юм байна", "...Миний хувьд шүүх хуралдаанд ороод явахад татгалзах зүйл алга байна" гэх,
Улсын яллагч "Тэр өмгөөлөгч нь ойрхон байгаа юм уу. Одоо энэ бүрэлдэхүүнээр дахиж цуглахад бас хүндрэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж харж байна. Яагаад вэ гэвэл олон удаа хойшилсон. Шүүх хуралдаан орох гэхээр өмгөөлөгчөөсөө татгалзана гээд. Өчигдөр татгалзаж, за тэр өмгөөлөгчтэйгөө ярьсан бол шүүхэд мэдэгдээд нөгөө өмгөөлөгчтэйгөө орж ирэх бүрэн боломжтой байсан. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байна гэж үзэж байна. Нөгөөтээгүүр мэдээж өмгөөлүүлэх эрх нь нээлттэй байгаа учраас тэр хүсэлтийг нь хангах нь зүйтэй болов уу. Хэрвээ өмгөөлөгч авахаар шүүх хуралдаан хойшилбол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх,
Нэр бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч "11 сараас хойш 3, 4 удаа хурал хойшилсон. Боломж байсан. Энэ бол санаатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна. Цагтаа оролцож байгаа шүүгдэгч нарын эрх, ашиг хөндөгдөөд байна. Магадгүй хорих ангид очоод шагналын хоногоо авах хугацаа хойшилж байна гэж үзэж байна" гэх,
Нэр бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч "Миний тухайд хэрвээ О-ийн хүсэлтийг хүлээж аваад шүүх хуралдааныг хойшлуулсан тохиолдолд миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэж хүсэж байна. 461 дүгээр ангиас гаргасан эрүүл мэндийн тодорхойлсон дээр Улсын нэгдүгээр эмнэлгийн бүдүүн, шулуун гэдэсний мэс засал шаардлагатай тохиолдолд мэс засалд хамруулах зүйтэй гэсэн дүгнэлт гарсан. Өөрийнх нь биеийн байдлын хувьд анус хоёр газарт нь буглаа үүссэн. Тэрэнд нүх үүссэн, тэрнээс нь болоод идээ, цорго гэдэг зүйл үүсчихсэн байгаа. Энэнээс дамжаад халдвар авах эрсдэлтэй, хэрвээ халдвар аваад цусанд орох юм эрүүл мэндийн байдалд нь хүнд нөлөө гарах нөхцөл бүрдэж байгаа учраас миний үйлчлүүлэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэх хүсэлттэй байна" гэх,
Нэр бүхий шүүгдэгчийн өмгөөлөгч “Яллагч шүүгдэгчийн ийм хүсэлт гаргаж байгаатай нь холбогдуулж шүүх хуралдаанд саад учруулж байна, цагдан хорьё гэх юм. Энэ бас хуульд байхгүй. Өмгөөлөгч авч болно авахгүй байж болно дуртай цагтаа татгалзаж болно гээд энэ татгалзах буюу гэрээгээ цуцлах эрхийг нь Өмгөөллийн тухай хуулиар зөвхөн үйлчлүүлэгчид олгочихсон. Бид нар би чамайг өмгөөлөх дуртай байна гээд хүчээр өмгөөлж болохгүй. Тэгэхээр энэ хүүхэд Н өмгөөлөгч намайг өмгөөлж чадахгүй нь ээ гээд өнөөдрийг хүртэл ийм дүгнэлтэд хүрлээ гээд хэлэхэд нь цагдан хорьж болохгүй. Энэ хүн чинь гадуур байж байгаад сэтгэлдээ таарсан өмгөөлөгчөө сонгох эрхтэй" гэх байдлаар шүүгдэгч О.О-аас шүүх хуралдаанд гаргасан "Өмгөөлөгчөөсөө татгалзах буюу өмгөөлөгчтэй байгуулсан гэрээгээ дуусгавар болгож, өөр өмгөөлөгчтэй тохиролцсоны дагуу гэрээ байгуулах" хүсэлттэй холбоотой тайлбар, хүсэлт гаргаж оролцсон нь байна.
Ийнхүү шүүгч Ц.Амар тус шүүх хуралдаанаар шүүгдэгч О.О-ийн хүсэлтийг хэлэлцэж, хяналтын прокурор болон бусад оролцогчдоос хүсэлттэй холбоотой санал гаргасан бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.15 дүгээр зүйлийн 1-д “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх энэ хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, завсарлуулах, хэргийг түдгэлзүүлэх, тусгаарлах, буцаах, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үед яллагдагч, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой прокурор, оролцогчийн гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх”, 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно”, 14.2 дугаар зүйлийн 2-т “Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна” гэж тус тус заажээ.
Дээрх зохицуулалтаас үзэхэд, яллагдагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулахгүй байх, түүнчлэн шүүх, прокуророос дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эрх зүйн үндэслэл бүрдэхээр байна.
Тухайн тохиолдолд шүүгдэгч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байх ба шүүхээс уг нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах тул уг шийдвэрийг гаргасан шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн илтгэгч гишүүн саналдаа “...Хуульд "эрхтэй", "болно" гэсэн заалт, хэд хэдэн заалтаас сонгох боломжтой зохицуулалтын аль нэгийг хэрэглэж шүүх шийдвэр гаргах нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөнд хамаарахгүй бөгөөд шүүгчид хуулиар үүрэг болгосон зохицуулалтыг шүүгч заавал биелүүлж, эрх олгосон зохицуулалтыг хэрэгт авагдсан баримт, хууль тогтоомжийн бусад зохицуулалтад нийцүүлэн шүүгч хараат бусаар шийдвэрлэх учиртай” гэж үндэслэл бүхий дүгнэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-т "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ", 2-т "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэж заасан шүүгч тухайн хэрэг маргааныг өөрийн дотоод итгэлдээ тулгуурлан үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.
Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т "Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна" гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул шүүгчийн захирамжид хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.
Өөрөөр хэлбэл шүүгч Ц.Амар шүүгдэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан гэх үндэслэлээр, түүний урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалд хамаарах тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн өргөдөлд “...шүүгч Ц.Амар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмаас гадуур шүүгдэгчийг цагдан хорьж, шүүгдэгчийн түүнийг цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан” гэж дурджээ.
Энэ талаар холбогдох шүүгч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлд шүүхийн шийдвэрт гомдол гаргах журмын талаар зохицуулсан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт "Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй" гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хэргийн оролцогч нарт хуулиар олгоогүй тул шүүхээс захирамж гаргахдаа гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан нь шүүгдэгч О.О-г цагдан хорьсон нь хууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм” гэж тайлбар гаргасан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгч Ц.Амар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2026/0089 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.АРИУНТУЯА